Ж.АНУ

Дэлхийн эдийн засгийн ихээхэн хүнд үеийн нэг болох 2009 оны хямралаас хойшхи хамгийн бэрх даваатай Хятадын эдийн засаг тулж ирлээ. Манай гаригийн хоёр дахь том эдийн засаг, барууныг үйлдвэрлэлээрээ тэжээдэг их хэрмийн эзэд ийнхүү унаж буйн шалтгаан нь жижиглэн худалдаа болоод аж үйлдвэрлэлийн салбарын “саажилт”.

Тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр оны эхний хоёр сард жижиглэн худалдаа 12,3 хувиар, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 9,9 хувиар өссөн байна. Тэгэхээр Хятадын шинэ удирдагчдын өмнө хурд нь саарч буй их гүрний эдийн засгийн өсөлтийг хэрхэн тогтворжуулахад мэргэн бодлого боловсруулах даалгавар үлдэж байна. Жижиглэн худалдааны өсөлтийг хамгийн багадаа 13,8 хувьд хүрнэ гэж эдийн засагчид тааварласан ч үүнээс ч дор нөхцөл үүссэн юм. Харин “Блүүмберг”-ээс эдийн засагчдын дунд явуулсан судалгаагаар энэ үзүүлэлтийг 10,6 хувь хэмээн таамагласан билээ. Засгийн газрын мэдээлж буйгаар оны эхнээс хоёрдугаар сар хүртэл хүнсний бүтээгдэхүүний үнэ зургаан хувиар өссөн байна. Цагаан сараар энэ үнэ 10,5 хувь хүртлээ өсөөд байсан билээ. 

Өнгөрсөн онд тус улсын Засгийн газар “Эдийн засгийн өсөлт саарч, экспорт удааширч байгаа энэ нөхцөлд ажлын байр ихийг бий болгох нь чухал байна” хэмээн мэдэгдэж, дорвитой олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ялангуяа, тус улсад орон сууцны ханш ихээр өсч буй нь гол асуудал болоод байгаа юм. Өдгөө тус улсын нөхцөл байдал хүндхэн байна. Учир нь Хятадаас авдаг баян орнуудын импорт буурч байгаа нь эдийн засагчдын сэтгэл зовоосон асуудал болжээ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ улс дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Зөвхөн татварын хөнгөлөлтөөр 500 тэрбум юань буюу 73,6 тэрбум ам.долларыг гаргахаар төлөвлөсөн нь өнгөрсөн онд дотоодын хэрэглээг нь ихээр өсгөж чадсан юм.