Ж.ЦОГЗОЛМАА
Аль 2000 оноос хойш Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны тайланд Монгол Улсын ядуурлыг 30 хувь гэж тэмдэглэсээр ирсэн. Цаасан дээрх график бодит амьдрал дээр өгссөн дүнтэй байгааг нийслэлийн тэн хагасыг эзэлсэн гэр хороолол, ажилгүйчүүд болоод хангүг аралд үнэгүй “боолчлогдохоор” хошуурч буй идэр насны эрчүүдийн цуваа баталдаг. “Улс орны хамгийн чухал хөрөнгө бол байгалийн баялаг ч биш, харин ажиллах хүчин буюу хүн ам байдаг” гэж эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. Алт, зэсээр “хахаж” байгаа Монгол Улс ядуу буурай зиндаагаа дээшлүүлж дундаж орлоготой орнуудын жагсаалтад багтаад байгаа. Тэгсэн хэрнээ өнөө хэр нь үндэсний үйлдвэрлэлээрээ дэлхийд олигтой байр эзэлж чадаагүй. Ноолуураараа гайхуулж, нүүрс болон шар металлаараа баярхдаг хэрнээ дундаж давхаргагүйн зовлон буюу ядуурлаасаа ангижирч бас чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүн амынх нь талаас илүү хувь нь орон сууцтай, унах унаатай, сарын орлого нь нэг сая төгрөгөөс дээш байгаа тохиолдолд ийн нэрлэдэг. Харин өнөөдөр бодит байдал дээр эсрэгээрээ байна. Ихэнх нь 600 мянган төгрөгийн орлоготой байгаад л хамаг учир байна.
2010 онд ядуурал 39.2 хувьд хүрсэн. 2008 онд хоёр ч банк дампуурч, дэлхий дахинд зэс, алтны үнэ унаснаар Монголын орлогын үүд хаагдсан нь ийм нөхцлийг бүрдүүлсэн. Санаж байгаа бол 2011 онд өнөөх ядуурал бүр 10 хувиар буурсан нь хөгжлөөрөө түүчээлдэг Хятадыг хүртэл ардаа орхисон нүүдэл болсон юм. Шалтгаан нь нийгмийн халамж болоод зэс, алтны үнэ өсч эхэлсэнтэй холбоотой байлаа. Түүнээс биш нэг их үйлдвэрлэл өсөөд, дундаж давхарга нэмэгдсэнээс ийнхүү өсөлт ажиглагдсан зүйл байсангүй. Дэлхийн үйлдвэрлэлийн гал тогоо гэгддэг Хятад улс энэ онд дөнгөж найман хувийн эдийн засгийн өсөлт хүлээж байгаа бол үндэсний бүтээмжээрээ таг зогссон Монгол 20 хувийн их “Үсрэлт”-ийг хүлээж байна. Ашигт малтмалын үнийн өсөлт, өр, зээл энэ өсөлтийн шалтгаан болох нь. Одоо “Чингис” бондын орлогоо юунд зарцуулахаа мэдэхгүй баахан будилж буй нь томоохон алдаа гэдгийг Дэлхийн банк тэмдэглэсэн. Юу хийхээ мэдэхгүй байж хүнээс их мөнгө зээлчихээр үр дүн нь ямар байх нь тодорхой.
Их мөнгөний чимээнд ажилгүйдэл, ядуурал, дундаж давхаргагүй нийгэм тэр аяараа бүдгэрч, гадаадынхны нүдэнд нэг л их баялаг харагдаж байгаа биз. Тиймдээ л хөрөнгө оруулагчдын урсгал Монгол тийш чиглэж байна. Түүнээс биш монголчуудын дийлэнх нь орон сууцгүй байгаа, иргэдийнх нь цалин байрны түрээс, хүнснээсээ илүү гарахгүй байгаагийн цаад учрыг тунгаах зав бодлого боловсруулагчдад алга. Өмнөд Солонгосын иргэд цалингийнхаа 40 хувийг цааш хадгалаад үлдсэнээр нь зардлаа хангалттай санхүүжүүлчихдэг. Харин Монголд улсын төсөв нь түнтийхийн хэрээр ажилгүйдэл гаарч, ядуурал өгсдөг нь жам юм шиг болчихжээ. “Энэ оны төсвөөр бол ядуурал улам өсөх нь” гэж Ерөнхий сайд асан Р.Амаржаргал хэлсэн. Үнэ нь буурсаар байгаа металлын зах зээлийн чиг хандлагыг анзааралгүй долоон их наядыг үрэх төлөвлөгөө баталсан нь иргэдийнхээ гал тогоонд тусахааргүй нөхцлийг бий болгосон нь энэ.