Ж.ЦОГ
1,5 тэрбум “ногоон”-ы бондын хөрөнгийг ямар төсөлд ашиглах талаар ид хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ тухайд Ерөнхий сайд асан Д.Содномоос зарим зүйлийг тодрууллаа.
-1,5 тэрбумын бонд гаргалаа. Таны харж буйгаар энэхүү бондын зарцуулалт хэр оновчтой байна вэ?
-Уг нь бонд гаргахаасаа өмнө ямар төсөл хэрэгжүүлэх юм, тэр төсөл нь техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан, үр ашиг нь тодорхой болчихсон, ашгаараа бондоор авсан зээлээ ямар хугацаанд төлж чадахаа эхэлж тооцсон бол их л зөв байх байсан. Манайхан жаахан түрүүлээд, эхлээд бондоо гаргаад, дараа нь мөнгө нь ороод ирчихсэн. Одоо энэ мөнгөө юунд зарахад эрэл хайгуул хийж байна. Эдийн засгийнх нь үр ашгийн талаас л сайн бодох хэрэгтэй.
-Тухайлбал?
-Цахилгаан станц барина гэж байна, тэр болох байх. Аймгуудын замыг барина гэж байгаа нь цаанаа шууд биш гэхэд үр ашигт нөлөөлж болно. Нуулгүй хэлэхэд, миний сэтгэл дундуур байгаа юм гэвэл, хотын доторх замын түгжрээ арилгахад бондын мөнгийг зарах юм шиг байна. Энэ бол буруу. Хотын доторх замын түгжрэлийг арилгаснаар бондын зээлийг нөхөх эх үүсвэр гарч ирэхгүй. Үүнийгээ эргэж бодох л байлгүй дээ.
-Хөдөө аж ахуйн салбарт бондоос зарцуулна гэсэн нь зөв гэж та үзэж байна уу?
-Хөдөө аж ахуйд болно л доо. Гэхдээ л эхлээд үндэслэл тооцоогоо гаргах хэрэгтэй. Ямар төсөлд зарцуулах, ямар ашиг бий болохоо тооцохгүй бол болохгүй. Тэгж л чадвал бүх л үйлдвэрлэлийн салбарт болно шүү дээ.