Ж.ЦОГЗОЛМАА
Энэ оны төсөв өндөр дүнтэй. Монгол Улсын “хэтэвч” хэдэн жил дараалан тасралтгүй өгссөөр ирсний баталгаа нь энэ оны төсвийн долоон их наяд төгрөг. Хязгаарлагдмал нөөц бололцоогоор хэрхэн үр шимтэй хэрэглээ бий болгоход төр мэргэн бодлого уйралдуулах нь ядуурлыг бууруулах эх сурвалж гэдгийг Дэлхийн банк зөвлөсөөр ирсэн. “Олсон мөнгөнийхөө 40 хувийг цааш хадгалж чаддаг бол эдийн засгийн тэнцвэрээ хадгална” гэж санхүүгийн салбарынхан хэлээд байна. Ийм ч учраас Тогтворжилтын санг Монгол Улс байгуулж, түүндээ мөнгө нөөцөлж буй. 2011 онд Тогтворжилтын санд 183 тэрбум төгрөг хуримтлуулсан. Гэвч энэ онд эл санд орлого төвлөрөхгүй байх эрсдэл бий хэмээн Нээлттэй нийгэм форумын тайланд дурджээ. Өр, зээл нэмэгдсэнээр ийм нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй аж. Манай эдийн засаг дахь татварын ачаалал өндөрт тооцогддог. Төсөв маань татвараар “амь зууж” байна. Ялангуяа, уул уурхайнхнаас авдаг хураамж нь гол эх үүсвэр. Түүнээс биш аж үйлдвэрийн салбар болоод үндэсний үйлдвэрлэл энэ дүнд хумсны толионы чинээ нэмэртэй гэвэл хилсдэхгүй. 2009 онд татварын ачаалал 25 хувь байсан бол дөрөвхөн жилий дараа гэхэд энэ үзүүлэлт бараг 37 хувьд хүрчихсэн. Уул уурхайн орон гэгддэг Чили улс хүртэл энэ үзүүлэлтээрээ Монголоос хамаагүй бага. Тэгэхээр зөвхөн нэг салбараас хэтэрхий хамааралтай болсноороо бүдрэх аюул ойрхон байна гэдгийг энэ график харуулж байна. “Төсвийн нэг салбараас хамааралтай, эмзэг байдал буураагүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн болзошгүй цочролуудад үзүүлэх хариу үйлдэл, нөөц төлөвлөгөө алга” хэмээн Нээлттэй нийгэм форум мэдэгдэж байна. Долоон их наядаар баталсан төсөв дэлхийн зах зээл дээр ханш ганц хүчтэй савлахад 2008 оны алдаагаа давтахад ойрхон байна. Зэсийн үнэ гэнэт унаж, төсвийнхнийг цалинжуулах улаан зоосгүй үлдсэн төр цомхотголоос өөр сонголтгүй үлдсэн хар түүх бий. Тухайн үед Засгийн газар Тогтворжилтын сан байгуулж мөнгөө үүцлэх нь хамгийн зөв алхам гэдгийг улиг болтол ярьсан. Харин түүнийх нь хэрэгжилт өнөөдөр эрсдэл дагуулсаар байна.
ДНБ-д эзлэх төсвийн зарцуулалт энэ онд 42 хувьд хүрсэн бол 2011 онд хагас зуун хувьд дөхсөн нь бий. Хувийн хэвшлийнхэн татвар төлөөд ажиллаад л байдаг, төр гэдэг данхар бүтэц гарч ирээд бизнесийнхэнтэйгээ өрсөлдөж муйхарлаж буйн илрэл энэ. Цаашид ч энэ график өсөх хандлагатай байгаа нь нууц биш. Орлого нь өсөөд байгаа ч үр ашиг нь саараад байгаа Монгол Улсын төсвийн энэ оны бүдүүвч зураг ийм байна. Иргэдийн төлсөн мөнгийг үр ашиггүй зарцуулсны төлөөс харин ямар байх бол.