Ж.ЦОГЗОЛМАА
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болдтой ярилцлаа.
-Брэнд бий болгоход үйлдвэрлэгчдэд ус агаар шиг хэрэгтэй байгаа бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг хэрхэн бий болгох вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Юуны түрүүнд эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Эдийн засаг зөвхөн сонгуулийн дөрвөн жилээс хамааралтай дээш доошоо савладаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Улс орны ирээдүйг өөдрөгөөр төсөөлье гэвэл өөр аргагүй. Сайтар бодож боловсруулж байж чансаатай хууль гаргах, өнгөрсөн хойно нь өөрчилдөггүй байх нь чухал байна. Байнга өөрчлөгдөж байгаа хууль дүрэм нь бизнес хөгжих бололцоо олгохгүй, хөгжлийн тухай бодох сөхөө өгөхгүй байна. Үнэ байнга өсдөг, цалин нэмж байгаа ч эргээд үнэ өссөнөөр ялгаа байдаггүй, эцсийн дүндээ бага орлоготой нь илүү хохирч, чинээлэг цөөхөн хэд нь хохиролгүй үлддэг нь тогтворгүй байдлын илрэл. Мөн бизнест төр засгаас аль болох хутгалдаж оролцохгүй байх нь чухал байна. Бизнес эрхлэхэд сайд, дарга нараас зөвшөөрөл авдаггүй байх хэрэгтэй. Тэгж байж урт хугацааны санхүүжилт бий болж үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бололцоотой болно.
-Гэхдээ л өнөөдөр ч гэсэн бизнес, эдийн засагт улстөрчид байнга оролцож байна шүү дээ. Даргын бизнес хөгжиж, бор зүрхээрээ яваа үйлдвэрлэгчид брэнд үйлдвэрлэх нь битгий хэл мөнгөний гачаалд ороод дуусч байна?
-Энэ зуршлаасаа салах ёстой. Юуны түрүүнд сэтгэлгээний хувьсгал хийе. Улс төр бизнест оролцдог системийг социализм гэж ярьж байна. Үе үеэрээ хөгжүүлээд амжилтгүй боллоо, том сургамж аваад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Одоо буцаад хуучин руугаа орж болохгүй л дээ. Ахиад хэлье, сэтгэлгээний шинэчлэл хийх шаардлагатай.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл гээд өнгөрсөн хугацаанд олон зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн нь харагдахгүй байна. Одоо үндэсний брэнд үйлдвэрлэнэ гэхэд улс төржөөд, үндэсний үйлдвэрлэлд биш даргын тендерт мөнгө нь урсаад байх вий гэж олон хүн хардаж байна?
-Бодлого талаасаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл, монгол брэнд, урт хугацааны санхүүжилт бий болгоё гэдэг зөв алхам. Хамгийн гол нь бодлого гэж юу юм гэхээр, хөрөнгө оруулалт хийх хууль эрхзүйн орчныг бий болгох ёстой. Тоглоомын дүрмийг нь ойлгомжтой болгох хэрэгтэй. Дүрмээ гаргасан хууль тогтоогчид маань өөрсдөө түүнийгээ хэрэгжүүл гэсэн үг биш. Өөрсдөө хэрэгжүүлэх гэж оролцоод эхлэхээрээ л бизнес рүү хутгалдан орсон болчих гээд байна. Харин хуулийн биелэлтэд хяналт тавих ёстой.
-Дэлхийн брэндийг үйлдвэрлэхийн тулд үйлдвэр, тоног төхөөрөмж гэхээсээ илүү монголчууд сэтгэлгээгээ өөрчилж, бизнесийг бизнес шиг хөгжүүлэх замыг нь бий болгох нь эхний алхам гэж үзэж байна?
-Мэдээж, Засгийн газрын зүгээс манлайлах нь зөв. Гол нь бизнест тулгарч байгаа саад бэрхшээл, олон зөвшөөрөл, лиценз, хоцрогдсон дүрмүүдээ халж, аль болох энгийн, бизнес явуулахад ойлгомжтой орчныг бизнес эрхлэгчид хүсч байна.
-Тэгвэл энэ удаагийн эдийн засгийн форумаар үйлдвэрлэгчдийн хүсч байгаа энэхүү шинэтгэлийг хийх дохиог Засгийн газар, улстөрчид авч чадсан болов уу. Та юу гэж бодож байна?
-Энэ форумаас ойлголцлын нааштай алхам бий болох байх.
-Дэлхийн зах зээлд гаргасан “Чингис” бондын талаар асуумаар байна. Таны харж буйгаар энэ хэр оновчтой нүүдэл байв?
-Үнэт цаасны хувьд маш оновчтой гарсан. Дорвитой хэмжээтэй, бага хүүтэй бондыг түргэн хугацаанд гаргасан нь амжилттай. Гэхдээ энэ зөвхөн эхлэл. Энэ гаргасан бондоос 10-30 дахин их хэмжээний зээлийг гаднаас авах шаардлагатай байна. Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө 20, 30, эсвэл 50 тэрбум ам.доллараар тогтохгүй. Тэгэхээр маш их мөнгө хэрэгтэй байна. Уул уурхайн зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэхэд бараг 20 тэрбум ам.доллар хэрэгтэй. Бондын 1,5 тэрбум ам.доллар бол их жижиг зээл. Санхүүжилтийн нөгөө нэг чухал суваг бол хувийн хэвшил. Хувийн компаниуд бонд гаргахаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Монгол Улсын зэрэглэл сайжрах хэрэгтэй. Зэрэглэлээ сайжруулахын тулд төр, засгийн газар, иргэний нийгэм хамтарч ажиллаж байж гаднаас бага хүүтэй зээл авах боломжтой болно. Хувийн компанийн гаргасан бонд илүү үр ашигтай ашиглагддаг гэсэн бичигдээгүй хууль бий. Ашгийн төлөө байгууллагууд алдагдал хүлээх сонирхолгүй, илүү хариуцлагатай. Улсын зээл бол дэд бүтцэд зориулагдсан учраас өнөө маргаашдаа, хоёр гурван жилдээ үр ашиг нь харагдахгүй.