Ж.ЦОГЗОЛМАА
Анхны төлийн дуу хадах хаварт малчны хот завгүй, үүнтэй залгаад дэлхийд Монголынхоо нэрийг тахладаг ноос ноолуураа самнах цаг бас айсуй. Гэвч хураасан ноолуураа түүхийгээр нь харийнханд өгч, өгөөжгүй бизнес хийдэг нь бидний том алдаа. Дэлхийн том импортлогч Хятадын үйлдвэрлэсэн ноолууран цамц хамгийн хямддаа 50 еврогоос эхэлж байна. Өвөрмонголчууд жилдээ 2000 тонн ноолуур боловсруулаад 1,3 нэг тэрбум ам.доллар олдог бол 6000 тонн ноолуур самнадаг монголчууд бид тэднээс 4-5 дахин бага мөнгө олж байна. Энэ алдаагаа залруулж чадвал монголчууд гурван их наяд төгрөг зөвхөн ноолуурын зах зээлээс бий болгох боломжтой аж. Энэ мэтээр алдагдсан боломжуудаа эдийн засгийн хөшүүрэг болгохоор бизнесмэн, үйлдвэрлэгч, төр засгийн төлөөллүүд өчигдөр Төрийн ордонд чууллаа.
“Үндэсний бүтээгдэхүүн Монгол брэнд рүү” уриатай энэ удаагийн эдийн засгийн форумд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжтой хэмээн оролцогчид үзэж байна. Олон улсын стандартуудыг нутагшуулж нүүр улайхааргүй үйлдвэрлэлийг бий болгох нь эн тэргүүний зорилт. Мэдээж, мэргэжлээрээ мэргэшсэн боловсон хүчин, чадварлаг хүмүүс дэлхийн чанартай бүтээлийн эзэд гэдгийг тэд бас тодорхойллоо.
“Үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг чанарын өндөр төвшинд хүргэж, хүнээ хангалттай сайн сургавал үндэсний брэндийг бий болгоно. Тиймээс энэ удаагийн форум асуудлыг ерөнхийд нь биш нарийвчлан авч үзэж буй нь өгөөж үр дүн авчирна” гэж ШУТИС-ийн профессор Б.Даваасүрэн хэлсэн юм. Гэвч хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэсэн асуулт хариулт нэхэж байна. “Монголын бизнесмэнүүдийн 80-аас илүү хувь нь зээлтэй. Төр нь бизнесмэнүүддээ мөнгийг илүү үнэтэй өгдөг. Ийм зах зээлд байгаа бид яаж дэлхийн эдийн засагт бараа бүтээгдэхүүнээ хүргэх юм бэ. Энэ асуултад хариулт авмаар байна” гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн. Түүний тодорхойлсноор Монголын төр санхүү зээлээр бизнесүүддээ туслах, ноу хаугийн дэмжлэг, багаж тоног төхөөрөмжийн бодлого зэрэгт “0”. Иймээс юуг хийх нь зөв тухай ярьдгаас биш хэн хийгээд, хэнд нийлүүлэх тухай чухалчилдаггүйг тэрээр хатуухан шүүмжиллээ. Сайд, дарга нар нь зөвхөн хувийн компанидаа зориулж гэрээ хийдгээс биш эдийн засаг, зах зээлээ боддоггүй нь үндэсний брэнд бий болоогүйн шалтгаан гэж Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны экс ерөнхийлөгч баалаад авсан. Тиймээс хэтэрхий их улстөржилтийг арилгах нь хамгийн эхний алхам гэдгийг форумд оролцогчид дуу нэгтэйгээр хэлж байна. Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд “Бизнесийг дэмжиж үндэсний брэнд бий болгоход хөгжлийн санхүүжилт хэрэгтэй байна. Энэ нь хүү багатай, урт удаан хугацаатай зээл. Гэтэл түүнийг нь хэрэгжүүлэх боломж асар их хязгаарлагдмал байна. Хамгийн гол нь улстөржилтөө л багасгамаар байна” гэсэн юм. Үндэсний үйлдвэрлэлийн брэндийг бий болгох их цэвэрлэгээ эндээс эхлэнэ гэдгийг ийнхүү бизнесийнхэн, улстөрчид хүлээн зөвшөөрч байна. Форумд оролцсон зарим хүний сэтгэгдлээс хүргэе.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: НООЛУУРАА ЭКСПОРТОЛЖ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ
-Эдийн засгийн форумын гол сэдэв үндэсний брэнд. Тэгвэл монгол ноолуур яагаад өнгөрсөн 20 жилийн турш үндэсний брэнд болж чадаагүй юм бэ?
-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг кг алт 53 мянган ам.доллар, нэг тонн зэс 7000 ам.доллар, нэг тонн цайр 195 мянган ам.доллар, нүүрс 150 ам.доллар байна. Гэтэл нэг тонн ноолуур 110 мянган ам.доллар гэж байна. Өөрөөр хэлбэл, ноолуур зэснээс 13, цайраас 564, харин төмрийн хүдрээс 932 дахин үнэтэй. Дэлхий дээр Өвөрмонгол болон манайх гэсэн хоёрхон улсад ноолуур бий. Энэ бүтээгдэхүүнээ бид дэлхийд нүүр тахлах брэнд болгоё гэж байна. Бид өөрсдөө үнэхээр сайныг нь үйлдвэрлэж чадвал дэлхий даяараа хамгийн сайн ноолууран цамцыг зөвхөн Монголд үйлдвэрлэдэг юм байна гэнэ. Ингэж чадвал брэнд гэж ойлгоно.
-Таны хувьд дангаараа үйлдвэрлэлээ эрхлэхэд юу дутагдаж байна. Заавал төр, засгийн дэмжлэг хэрэгтэй байна уу?
-Өнгөрсөн 23 жилийн дотор манай үндэсний үйлдвэрлэгчид Монгол Улсын төсөвт хэчнээн тэрбум төгрөг төвлөрүүлэв. Хэчнээн хүнийг ажилтай болгов. Энэ бизнесийг илүү том болгоё гэвэл Засгийн газар энэ ажилд оролцох ёстой. Тэгж байж л эндээс хувиа хүртэнэ. Оролцохгүй бол тэндээс юм нэхээд хэрэггүй шүү дээ.
-Оролцоо нь ямар хэлбэрээр байвал жинхэнэ дэмжлэг болох вэ?
-Жишээ нь эргэлтийн хөрөнгө. Би сүүлийн 15-16 жил ноолуурын салбарт 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо дахиад ноолуурын түүхий эдийн хөрөнгийг ганцаараа гаргах уу. Тэгж байж таарахгүй байлгүй дээ. Тиймээс ноолуурыг экспортын томоохон салбар болгож хөгжүүлэх ёстой. Үүгээрээ валютын нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ нэн даруй дэмжиж ажиллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ ИЖ БҮРНЭЭР НЬ БИЙ БОЛГОМООР БАЙНА
-Энэ удаагийн форумын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энэ бол үндэсний брэндийг иж бүрнээр нь бий болгохыг зорьсон чуулган. Өөрөөр хэлбэл, соёл урлаг, бүтээгдэхүүн, аялал жуулчлал, нөгөө талдаа улс төр зэргээр иж бүрнээр нь ярих ёстой. Монгол Улсын улс төрийн брэнд нь гэвэл тогтвортой, найдвартай байдал. Хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь зөв дохиолол өгч чаддаг байвал энэ бол брэнд. Эдийн засаг нь тэгш өсөлт байж чадах уу. Энэ бүхэн нь өөрөө брэндийн асуудал. Тийм учраас энэ талаар л яриасай, үүнд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.
-Тэгвэл Засгийн газар үйлдвэрлэгчдийг дэмжих тухай ярьж байна. Яаж дэмжих ёстой юм бол?
-Улс төрийн эерэг имидж бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд хамгийн том баялаг бол маш сайн өрсөлдөх чадвартай хүмүүс байна, мөн зөвхөн ашигт малтмал биш гайхамшигтай хөдөө аж ахуй байдаг гэдгээ харуулсан брэнд байх. Экспортын бүтэц нь зөвхөн уул уурхайн бус, зөвхөн уламжлалт бус, соёл урлаг, түүх гэхээр зөвхөн Чингис биш бүтээгч аж үйлдвэрлэлийг аялал жуулчлалтайгаа хослуулах хэрэгтэй байна.