Ц.МЯГМАРБАЯР

Цөмийн энергийн газрын технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.

-Цөмийн энергийг хү­мүүс ихэвчлэн хортой гэж ойлгодог. Гэтэл дэлхий даяар эрчим хүч, шинжлэх ухаан, бүр цаашлаад анагаах ухааны салбарт ашиг­лана гээд байна. Та ураны талаар эхлээд уншигчдад ерөнхийд нь сайн танилцуулах уу?

-Хүмүүс цөмийн энерги гэж ярьдаг. Энерги нь цөмийн технологийн нэг салбар юм. Цөмийн технологийг  өнөөдөр эрүүл мэнд, геологи уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүч, мал аж ахуй зэрэг олон салбарт хэрэглэж байна. Ангаах ухаанд  хавд­рын оношлогоо, эм­чил­гээнд их ашиглаж бай­гаа. Геологи уул уурхайд ашигт малтмалын судал­гаанд, аж үйлдвэрийн салбар болон хөдөө аж ахуйд шинэ сорт гаргах болон Монголд тэсвэртэй үр тариа бэлтгэхэд ч хэрэглэдэг.

-Тэгэхээр эдгээр нь бүгд байгальд халгүй гэсэн үг үү?

-Монголд хэрэглэж буй бүх технологи бай­гальд ээлтэй, халгүй. Хамгийн гол нь хяналт хэр тавьж байгаагаас үр дүн нь харагдана. Цөөн тех­нологи хэрэглэхийн хэ­рээр хяналтаа зөв тавьбал халгүй шүү дээ.

-Тэгвэл уул уурхайд цөмийн ямар технологийг түлхүү ашиглаж байна вэ?

-Өнөөдөр манай улсад нүүрс, газрын тосны хай­гуулийн ажилд өрөмдсөн цооногийн геофизикийн судалгаа, үе давхарга, түүний нягт чанар, цоо­ногийн ханын бэхжилт зэргийг тодорхойлоход гамма болон нейтрон цац­рагийн үүсгэврийг 17 байгууллага ашиглаж байна. Сүүлийн үед зөвхөн уран биш геологи хай­гуулын бүх л салбарт цөмийн технологи нэв­тэр­лээ. Харин эрдэс, чулуу­лагт дүгнэлт хийхээр зөөв­рийн рентген шинжилгээ­ний багажыг 22 байгуул­лага ашиглаж байна.

-Өмнө нь уул уурхайд нөөц тогтоох, химийн элемент илрүүлэх, дүгнэлт хийхэд цөмийн технологи ашигладаг байсан гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Цөмийн технологи ашиглаж химийн элемент илрүүлдэг. Цацраг идэв­хийг ашиглан уран болон бусад цацраг идэвхит элементийн нөөц болон байршлыг тогтоодог. Энэ нь уул уурхайд асар их ач холбогдолтой. Бүртгэгдэж буй цацрагийн эрчмээс нь хамаарч хэчнээн хэм­жээ­ний уран хаана байгааг шинжилдэг.  

-Уул уурхай болон бу­сад салбарт уран чухлаар тавигдаж байна. Тэгвэл иргэдийн дунд байгаа ойл­голтыг яаж зөв чиглүүлэх вэ?

-Сүүлийн үед нийгэмд хүчтэй яригдаж буй сэдэв бол хаягдлын асуудал. Монголд хаягдал бул­шилж гэрээ хийсэн гэж ярьж байна. Уран хортой, цөмийн эрчим хүч аюул­тай гэх мэтээр сөрөг мэдээлэл өргөн тархсан. Гэтэл бид өдөр тутам амьд­ралдаа цөмийн технологи хэрэглэж байгаагаа мэд­дэггүй. Хоол хүнс, эм тариа, эмнэлгийн бүхий л үйлчилгээнд өргөн хэрэг­лэж байна. Тэгэхээр  цөмийн технологи  хаана ч хэрэглэж болдог. Гагцхүү хяналтын дор зөв хэрэглэвэл хүн, байгальд хоргүй гэдгийг ойлгуулах л чухал.

-Шатсан нүүрсний үнс, шланкад цөмийн ямар нэгэн хор байх уу?

-Манай улсад ихэвч­лэн хүрэн нүүрсний ордууд бий. Эдгээрийг залуу нүүрс гэж ярьдаг. Хүрэн нүүрсэнд цац­рагийн асуудал ч их яригддаг. Нүүрс шатаад дуусахад хүнд цацрагтай хэсэг буюу өндөр агуу­ламжтай уран нь  хаягдал үнсэнд үлддэг. Тэгэхээр хор байна гэсэн үг. Бага агууламжтай хаягдал үнсийг барилгын зуурмагт хэрэглэж болно.

-Тэгвэл энд тэндгүй байгаа хаягдал шланк цөмийн өндөр агууламжтай эсэхэд та бүхэн бүрэн хяналт тавьж чаддаг уу?

-Цөмийн энергийн газраас үүнд бүрэн хяналт тавьж ажилладаг. Барил­гын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад мөн хяналтыг орхигдуулдаггүй.

-Монголд уран ашиг­лаж  цөмийн эрчим хүчний үйлдвэр барих асуудал юу болсон бэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цөмийн эрчим хүч ашиглах заалт байх­гүй. Харин цөмийн техно­логи ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох заалт байгаа. Энэ нь ураны исэлд хүртэлх үе шаттай явагддаг. Тэгэхээр шар нунтаг буюу ураны ислийг үйлдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Ураныг үйлдэрлэлд хэрэглэх хоргүй технологи бий юу?

-Хайгуулд маш өндөр технологийг ашиглаж бай­на. Олборлолт, боловс­руулалтад ч гэсэн. Ураныг ил, далд, уусган баяжуу­лах, дайвар гэх мэт маш олон аргаар олборлож байна. Ил олборлолтын үед тоосонцор үүсгэхгүй байх усжуулалтын систем ашиглах жишээтэй. Далд аргаар бол газрын гадар­гуу дээр хор гадагш­лахгүй. Төмрийн хүдэр олборлоход асар их хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаад хаядаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь эсрэгээрээ юм. Өөрөөр хэлбэл, эр­гүүлж битүү циклээр бу­цааж авдаг. Хүхэр үлдсэн саармагж­сан эсэхэд давхар хяналт тавьж ажилладаг.

-Ер нь уранаас хэр хаягдал гардаг вэ?

-Ямар ч ашигт малт­малд технологийн хаягдал, бохирдол гардаг. Ураны тухайд бага агууламжтай хүдэр эдийн засгийн ач холбогдол багатай тул ил олборлосон тохиолдолд буцааж булдаг. Дээрээс нь  нөхөн сэргээлт хийж хуу­чин төрхөнд нь оруулдаг. Олборлолт боловсруу­лал­тад өндөр агууламжтай уранд хаягдал бараг гарахгүй.