Ж.ЦОГЗОЛМАА

Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн их өсөлттэй, ядуу буурайгаас дундаж орлоготой орны тоонд орсон. Үүгээрээ Монгол Улс хандив тусламж хүсдэг гуйдаг биш харин зээлдэг орон болон дэвшсэн юм. 2005 оноос хойш Монголын дотоодын нийт бүтээг­дэхүүн 55 хувиар өссөн бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээг­дэхүүн 2,3 сая төгрөг болсон. Их хааны удам түүхэнд нэрээ үлдээж чадсан, бас өндөр өсөлттэй эдийн засгийг цаасан дээр буулгаж чадсан. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрхэн харагдах бол. Нийслэл хотын өнөөгийн байдал болоод орон нутгийн хөгжил тодорхой хариулт нь болох биз. Улаанбаатарт нийт иргэдийн талаас илүү амьдардаг, харин тэдний тэн хагасаас илүү нь гэр хороололд амь зуудаг. Хамгийн хямд өртөгтэй учраас тэр шүү дээ. Монголчуудын дийлэнх нь 500-600 мянга буюу Африкийн ядуу буурай улсуудын иргэдийнхээс нэг их ялгарахааргүй хэмжээний цалин авдаг. Энэ онд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж байна. Гэхдээ яаж гэсэн асуулт бас л хариултгүй үлдэж байна.

2008 оны хямрал энэ дундаас хамгийн их хө­дөлгөөнтэй эдийн засгийг Монголд бий болгосон. АНУ-ын хөрөнгө оруулал­тын томоохон банк болох “Lehman brothers” дам­пуурлаа зарласнаар дэл­хийн эдийн засагт даалуу нурахтай адилаар хямрал ээлж дараалан нөмрөн авсны нэг нь Хятад. Ца­гаан хэрмийн эзэд Мон­голын алт, зэсийн хамгийн том импортлогч учир тэд­ний халаас нимгэрэхийн хэрээр Монголын төсөв хоосорч байсан билээ. Ямар сайндаа тэр үед зэсийн үнэд найдсан төсөв нь улайхад эдийн засагчид дахин уул уурхайд найдаж болохгүйг сануулж байлаа.

Өмнөх Засгийн газрын үед буюу 2010 оны зурга­дугаар сард Ерөнхий сайд асан С.Батболд “Монгол Улс шилжилтийн үеийг дуусгаж, эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх зорилтын дор ний­гэм, эдийн засгийн томоо­хон бүтээн байгуу­лалтын ажлуудыг эхлүүлэх түүхэн үедээ орж байна” гэж өнгөрсөн оны зургадугаар сард мэдэгдсэн юм. 2008 онд одоогийн УИХ-ыг сонгож байхад талхны үнэ 450 төгрөг байсан бол өнөө­дөр хоёр дахин нэмэгд­чихээд байна. Автобусанд 200 төгрөгөөр зорчдог байсан иргэд дахиад 100 төгрөг нэмж, хүүхэд, бага­чууд мөнгө төлөх хатуу хуультай болчихсон. Бусад улс оронд бяцхан иргэдээ­сээ ийнхүү татвар төлөөс нэхдэг журам хэр их байд­гийг хэлэхэд бэрх. Бага ангийн жаалууд хүртэл нүүрээ улалзуулан ний­тийн тээвэрт тасалбар түгээг­чид аль муугаараа хэлүүлж явахыг бараг Монголоос өөр газраас олж харахгүй биз. Азийн хөгжлийн банкны мэдээ­гээр 2008 оны есдүгээр сарын байдлаар манай төсвийнхний цалин 70, үйлдвэрлэл долоон хувиар нэмэгдсэн байсан. Яг тэр үед төсвийн зардал Монгол Улсын ДНБ-ийн 40 хувьд хүрч, хувийн хэвшилд орогнох зай үгүй болохын даваан дээр бай­хад эрх баригчид эх орны хишиг тараах хэрүүлээ л хийж явсан юм. Түүнээс дөрвөн жилийн дараа улстөрчдийн амласан эх орны хишиг увж, цувсаар сар бүрийн 21 мянган төгрөгөөр бодуулан авсан. Иргэд энэ мөнгөө авах гэж хэдэн шөнөөр дараа­лан зогсч, улстөрчид өглө­гийн эзний сэнтийд залар­сан өнгөрсөн хугацаанд эдийн засагт бэлэнчлэх сэтгэлгээг суулгах халамж тохирохгүй гэдгийг монголчуудад сануулсан билээ.

Гэвч үнэн хэрэгтээ Монголд хаана эдийн зас­гийн өсөлт гарсан болоод шилжилтийн үеийг давсныг гадаадынхнаас асуувал лав олигтой хариу хэлэхгүй. Уул уурхай гэдэг ганц шалтгааныг дурдах нь мэдээж. Энэ тухайд 2011 онд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Бид дотроо юу ч гэж маргалдаж болно. Гэхдээ гадна талд Европын холбоо Монгол Улсыг зах зээлийн улс биш гэсэн статустай гэж үздэг юм. Тиймээс Зас­гийн газарт 40 илүү асуулт­тай асуулга ирүүлсэн. Түү­нийг зөв бөглөөд Ерөн­хий сайд Европын хол­боонд айлчлах үеэрээ асуудлыг шийдэх байх” хэмээж байв. Гэвч өнөөд­рийг болтол энэ талаар манай дотоодод ам нээсэн хүн алга. Чухам Монгол улс дундаж орлоготой улс болон дэвшсэн хэрнээ эдийн засгийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд наалддаггүйг засч залруу­лах хангалттай алхам хийг­дээгүй л байна. Түүнч­лэн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр байгаа нь үнэн. Гэхдээ шилжилтийн үеийн олон ажил хийгдэж дуусаагүй. Ямар шалгуураар шил­жил­тийг бид дуусгасан гэж хараад байгаа юм бэ. Зах зээлийн харилцаанд ч орж чадаагүй байна. Төрийн зах зээл дэх орол­цоо улам томроод байгаа­гаас энэ бүхэн харагдаж байна. Энэ нийгэм ойлгог­дохгүй байна. Ажилгүйдэл нэмэгдсээр байгаа нь халамж тарааж, боловс­ролд анхаараагүйн гор. Ялангуяа, том компаниуд өөрсдөө ажилчдаа бэлтгэ­дэг болох хэрэгтэй. Гэвч төр нь тэр бололцоог олгохгүй байна” гэсэн бол нийтлэлч, судлаач  Б.Оюун­билэгт “Өнөөгийн тогтолцоо нь буруу байгаа болохоор яаж ч шилжээд буруу л зүйл рүү явна шүү дээ. Хөгжиж байна гэхээ­сээ илүү уруудаж байна гэж би өнөөдрийг хараад байна. Төр нь хавтгай халамж тараачихаад, биз­нест ороод байдаг. Ийм тогтолцоогоо засч чадаагүй байж бүтээн байгуулалт гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Харин үйлдвэрлэлээ, хувийн хэвшлээ өсгөж чадвал энэ тухай зөв талаас нь харах боломжтой” гэлээ. Шинэ­хэн гивлүүрээ бүх дэлхийн өмнө сөхөж буй Монголын өнөөгийн эдийн засгийн талаар эдийн засагчид, судлаачид өөр өөрийн байр суурьтай байна. Харин бодит байдал дээр өнөөгийн Монголын эдийн засгийн дүр төрх хэрхэн өөрчлөгдөж буйг санхүүгийн үзүүлэлтүүд хэлээд өгнө.

2013 оны нэгдүгээр сарын байдлаар аж үйлд­вэрийн салбарын бүтээг­дэхүүний нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 25.7 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар өссөнийг Үндэс­ний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ­хүү өсөлтөд газрын тос, төмрийн хүдэр, цайрын баяжмал, нүүрс, алт зэрэг уул уурхай, олбор­лох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр­лэл 84.5 хувь болтлоо өс­сөн нь ихээхэн нөлөөлсөн байна. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай хэвээр бай­на. “Бид зэс, алт, нүүрсээ түүхийгээр нь маш хямд үнээр экспортлосноороо эдийн засгаа түр зуур сэргээж байна. Тиймээс ганц уул уурхай гэлтгүй бусад бүх салбар банк, харилцаа холбоо,санхүү, ялангуяа боловсролын сал­бар хөгжсөн шиг хөг­жөө­сэй” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд асан Ц.Гарамжав ярьсан юм. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засагт түүний хэлсэнчлэн олон өнгө, олон морь хэрэгтэй байна.