Б.УРАН
Сангийн яамнаас сар бүр эдийн засгийн нөхцөл байдлыг таамагладаг Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын мэдээг гаргаж байгаа билээ. Өнгөрсөн сарын индикаторыг гаргахад эдийн засаг тасралтгүй буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, манай улсын эдийн засаг 2011 оны наймдугаар сард мөчлөгийнхөө оргилд хүрсэн бол өнөөдөр 98.76 болж буурсан гэжээ. Шалтгаан нь мөнгөний нийлүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт, экспортын хэмжээ, олон улсын зах зээл дээрх алтны үнэ болон шинээр олгогдсон үл хөдлөх хөрөнгийн зээл багассан нь нөлөөлжээ. Индикаторын хэмжээ өмнөх сарынхтай харьцуулахад бага байгаа нь Монгол Улсын эдийн засаг мөчлөгийнхөө ёроолын цэгт ирсэн байж болзошгүйг харуулж байгаа гэнэ. Ийм тохиолдолд ирэх 4-6 сарын туршид эдийн засгийн өсөлт удааширсан хэвээр байх ч түүний дараа эргээд хурдсахыг харуулж байгаа аж.