Ж.ЦОГЗОЛМАА

Хөнгөлөлттэй зээл гэдэг үг сүүлийн үед их моодонд орлоо. Өнөөх хөнгөлөлт нь эхнээсээ л хавхан дахь үнэгүй бяслаг байсан нь тодорхой болж байна. Барилгын ком­па­ниудад хөнгөлөлттэй зээл олгож орон сууцны ам метр талбайн үнийг нэг сая төгрөгт барина гэсэн Зас­гийн газрын амлалт бодит амьдрал дээр эсрэгээрээ эргэж буй нь энэ. Газар, дэд бүтцээ шийдэх гэж байдгаа бардаг компанийн эзэд засгийн ээлжит шоуны тарыг таньсан хэрэг л дээ. Хөнгөлөлттэй зээлээс өөр дэмжлэггүй­гээр ам мет­рийнхээ үнийг ийн хямд­руулах нь тэдэнд хорин шараа хоёр гурав­хан хулганад идүүлчих­сэнээс ялгаагүй болох гээд байдаг. Хөлд нь үрэгдэж, хамаг байдгаараа дэнчин тавьсан иргэд ахиад л хү­лээлтэд орлоо. Харин хариуц­лага ярих дуртай хоёр нам энэ бүхнийг хар­сан ч хараагүй мэт өнгөрч байна. Амлалт нь хэд ху­вирч, “хөнгөлөлт­тэй” хавх болон хувирсан энэ цагт ямар сонголт хийх вэ. Ийм л асуулт иргэд, барилгын компа­ниудын толгойн өвчин болоод байна. “Ба­рил­гын компаниудад хөн­гөлөлт­тэй зээл хэрэггүй. Харин тэдэнд дэд бүтэц, газрыг нь шийдээд өгчих­вөл Зас­гийн газрын гол ажил тэр болно” гэж эдийн засагчид хэлж байна. “Чингис” бон­дын санхүү­жил­тээр дэд бүтцийг ший­дэх гарц нээгдэнэ хэмээн Засгийн газар мэдэгдсэн ч хэ­рэг­жилт нь хэзээ биел­лээ олох нь тодорхойгүй байна. Учир нь ард түмний олсон мөнгийг шулж бай­гаа нь захиалагч буюу хөрөнгө оруулагч компа­ниуд. Газ­раа хэд дахин дамлаж, харин барих ба­рилгадаа хамгийн хямд үнэтэй ба­рил­гачдыг ав­чир­на. Ин­гэж ам метрийг нь 400-500 мянган төг­рөгөөр бариул­чихаад гурав дахин нугалж зардаг нь тэдний зан. Бо­доод үз л дээ, хоёр гур­ван жилийн өмнө барилга ба­рих газрыг нэг сая ам.дол­лараар арил­жаалдаг байс­ныг захын ком­панийн эзэд хэлнэ. Газар нь дамын наймаа бол­чихоор төр хэч­нээн зээл санал болгосон ч гол судсыг атгаж чадах­гүй нь тодорхой.

Эхлээд иргэдэд зур­гаан хувийн хүүтэй зээл олгоно, “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөр хэрэгжүүлнэ гэж хоёр нам сонгуулиар пиардаж баахан бужигнуулсан. “Магт­сан хүүхэн хуриман дээрээ” гэгчээр өнөөх хөн­гөлөлт нь эсрэгээрээ хохирол гэдэг үгээр со­лигд­чихов. МАН-ыг 100 мянган орон сууцны хөтөлбөр зарлахад барил­гынхан үнээ өсгөж, харин иргэд хямд байрны хү­лээлтэд орчихсон. Энэ хөтөлбөр зарлагдахад 600-800 мянган төгрөгт багтаж байсан ам метр талбайн үнэ 1,7 сая төгрөгт хүрчих­лээ. Ийнхүү хоёр нам ба­рилгын зах зээлийг босо­хоогүй болтол нь шогло­чихлоо. Улайрсан улстөр­чид иргэдийнхээ амин чу­хал хэрэгцээг мөрий бол­госны дүнд одоо аль ч үгүй хоцроод байна.

Гадаад улсуудын орон сууцжуулах хөтөлбөр хэ­рэгжүүлсэн туршлагаас харахад ихэнхдээ газар, дэд бүтцийг нь төр нь шийдэж өгсөн байдаг. Ингэсэн тохиолдолд ком­паниудын гаргах зардал нь ч хамжааргатай болчихоор үнэ ч “байдагтаа” очдог бололтой. Зөвхөн Синга­пурын туршлагаас харъя л даа. Иргэдээ орон сууцаар хангах замаар хөрөнгө­жүүлэх, энэ нь амьд­ралынх нь баталгаа болж өгөхөд Сингапурын Ерөн­хий сайд ихээхэн ан­хаард­гаа хэлжээ. Ингэх­дээ төр нь татвар, сан­хүүгийн бодлогоор дэмж­лэг үзүүлдэг тухайгаа ч өмнө нь манай Ерөнхий сайдад хэлж байсан удаатай. Сингапурын ир­гэдийн 90 хувь нь орон сууц эзэмшдэг бөгөөд үүний 82 хувь нь нийг­мийн даатгалын хуримт­лалын сангаас орон сууцны санхүүжилт авчээ.  Гэтэл Монголд нийгмийн даатгал төлсөн иргэдийн­хээ мөнгийг төр нь ид­чихдэг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хэрнээ орон сууцжуулах хөтөлбөрийг сайн хэрэг­жүүлсэн гэж өөрсдөдөө онц дүн тавих дуртай. Сан­дал ширээний хэрүүл болов уу үгүй юу хариуц­лага, шударга ёсны тухай мундаг дуугардаг МАН, АН орон сууцжуулах хө­төлбөрөөр туг тахис­ныхаа хариуцлагыг хү­лээвэл яасан юм. Харсаар байтал Туулын хөвөөнд орон сууц­ны хороолол бариул­чихдаг тэд болом­жийн үнэтэй орон сууц бариулах газрыг компа­ниудад олоод өгөх чадал уг нь бий. Гэвч дургүйд хүчгүйн үлгэрээр орон сууцжуулах хөтөл­бө­рийг ийнхүү замхруулж бай­­на. Иргэд төрийн эх­лүүл­­сэн луйварт итгэж хү­лээ­сээр суух уу, эсвэл ха­риуц­лага нэхэх үү гэдэг нь сон­голт болон үлдэж байна.