Б.БАРС
“Ройтерс” агентлагийн манай улс дахь сурвалжлагч Т.Эдвардс ийм нийтлэл бичжээ.
Монголын Засгийн газар Оюутолгойн зэс, алтны уурхайтай шууд бусаар холбоотой “Энтре Гоулд” компанийн лицензийг хууль зөрчин олгосон хэмээн хүчингүй болгох талаар мэдэгдсэн. Энэ нь тус улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийх ээлжит яриа хэлэлцээний өмнөхөн болсон нь анхаарал татаж байна. Энэ алхмаараа Монгол Улс дэлхийн уул уурхайн гурван том халимны нэг болох “Рио Тинто”-той шууд сөргөлдөж эхэлснээ харуулж байх шиг.
Үүнээс өмнө Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн Оюутолгойн төслийн хэрэгжилтийн талаар хэд хэдэн гомдол гаргасан билээ. Тэдгээр гомдлыг “Рио Тинто” хүлээж авах боломжгүйгээ ч удаа дараа мэдэгдсэн. Ер нь хоёр талын сөргөлдөөн аль аль талдаа багагүй хор уршиг тарих талтай юм. Оюутолгой нь Монголын нийт эдийн засгийн гуравны нэгийг эзлэх төсөл. Нөгөөтэйгүүр, алдагдалтай ажиллах болсон “Рио Тинто”-д шархаа нөхөх цөөн боломжуудын нэг нь чухам Оюутолгой.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Уул уурхайн яам мэдэгдэл гаргаж, “Оюутолгой” болон “Энтре Гоулд”-ын эзэмшдэг Шивээ толгой, Жавхлант дахь хайгуулын лицензийг олборлох лиценз болгосон 2009 оны шийдвэрийг хүчингүй болгосноо зарласан юм.
Тэдгээр олборлолтын лицензийн 20 хувийг “Энтре Гоулд” эзэмшдэг бол “Оюутолгой” үлдсэн 80 хувьд эзэн сууж байжээ.
“Энтре Гоулд”-ын Торонтогийн хөрөнгийн бирж дахь төлөөлөгч мэдээлэхдээ, “Одоогоор манай компани Монголын Засгийн газрын зохих байгууллагуудаас лицензийн талаархи мэдээлэл, мэдэгдэл аваагүй” гэв.
Ирэх зургадугаар сард анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөсөн Оюутолгойн уурхайн талаар шийдэгдээгүй олон асуудал дээр лиценз тойрсон энэхүү дуулиан нэмэгдлээ.
“Рио Тинто” Монголын Засгийн газартай байгуулсан гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулахгүй байх хатуу байр суурьтай байгаа бөгөөд үл ойлголцол шийдэгдтэл Оюутолгойн зэсийг эргэлтэнд оруулахгүй гэсэн билээ.
Цагаан сарын баярын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 8-нд болсон эхний уулзалтын үеэр Сангийн сайд Ч. Улаан Оюутолгойн уурхай 2012 онд улсад ямар ч татвар төлөөгүй гэсэн бол “Рио Тинто” үүнийг эсэргүүцэн 2010 онд 250 сая ам.доллар шилжүүлэн татварыг урьдчилж төлсөн гэж мэдэгдсэн билээ.
Татварын асуудлаас гадна Монголын тал Оюутолгойн төсөл хэрэгжүүлэх гэрээ ёсоор 6.2 тэрбум ам.долларт багтах учиртай ч хэдийн долоон тэрбум ам.доллар давсанд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Зардал төлөвлөснөөс илүү гарснаар Монголын талын хүртэх ашиг үлэмж багасах төлөвтэй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улс болон “Рио Тинто”-гийн сөргөлдөөнд айсуй Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлж буй. Сонгогчдыг татахын тулд нэр дэвшигчид Оюутолгойгоос илүү их ашиг авахыг амлах магадлал их.
Эдийн засагч К.Макдугаллын онож хэлснээр хоёр талын сөргөлдөөн сонгуулийг дуустал үргэлжлэх төлөвтэй.