Д.ОЮУНЧИМЭГ

 

Улаанбаатарын “Ду­лаа­ны тавдугаар цахил­гаан станц”-ыг барих тендерт хоёр консерциум тунаж үлдсэн. Тендерт оролцогчдыг шалгаруу­лах­даа хоёр гол үзүүлэл­тийг чухалчилж үзжээ. Нэгдүгээрт, тавдугаар цахилгаан станц нь  орчин үеийн техник, технологид суурилсан байх. Хоёр­дугаарт, ус бага ашиглах, агаарын бохирдол бага гаргах ёстой аж.

Тавдугаар цахилгаан станц жилдээ 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоо­гийн­хоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх тооцоотойг гаргажээ. Мөн нүүрснээс ялгаруулах утааг 100 хувь цэвэршүүлж, үнсний 99 хувийг шүүн барилгын материалд ашиглах бо­ломж­той байхаар тооцсон байна. Улаанбаатарт барих тавдугаар цахилгаан станц нь 450 мВт цахил­гаан, 500 Гкал дулаан үйлдвэрлэнэ. Тавдугаар цахилгаан станц ашиг­лал­тад орсноор Улаан­баатарын дулаан, төвийн бүсийн эрчим хүчний ду­тагдал арилах юм. Эрчим хүчний газар тавдугаар цахилгаан станцыг 2015 онд ашиглалтад оруу­лахаар төлөвлөсөн байна.

Эрдэмтэн, докторууд Тавдугаар цахилгаан стан­цыг Улаанбаатар хотод баривал усан хан­гамж хүрэлцэхгүй, нүүрс тээвэрлэх төмөр зам хяз­гаар­лагдмал, нүүрсний хаягдал үнсэн сан байгуу­лах талбайгүй гэж үздэг.  Гэвч өнөөдрийг хүртэл энэ станцын ажил эхлээгүй байгаа бөгөөд Засгийн газраас шийдвэрлэж өгсөн газар нь Нийслэлийн Засаг даргын захирам­жаар цуцлагджээ. Учир нь ундны усны эх үүсвэрт ойрхон байж болзошгүй гэдэг шалтгаантай гэнэ. Одоогоор эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг тэнцвэржүүлэхийн тулд урт, дунд, богино хуга­цаанд хийх ажлаа төлөв­лөсөн байгаа аж. Тухайл­бал, богино хугацаанд Амга­лангийн дулааны станцыг барихаар болжээ. Бидний нэрлэж занш­санаар Ботаникийн эцсийн буудлын зүүн хойд талд 10 орчим га газарт баригдах юм.

 

Эрчим хүчний яамны газрын дарга П.Товуудорж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ ХАРААТ БАЙХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХАД ХҮНД

 

-Тавдугаар цахилгаан станцын газрын асуудлыг шийдвэрлэсэн үү. Яагаад буцаад байгаа юм бэ?

-Энэ цахилгаан стан­цын газрыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Зас­гийн газрын хуралдаанаар  шийдвэрлэсэн. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөх асуудлыг тавьсан. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийнхэн ху­рал­даж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тодорхой санал авах талаар ярьсан. Учир нь ундны усны аман дээр байх магадлалтай гэж үзэж байгаа тул газар чө­лөөлөх асуудлыг ярих болж байна.

-Шинэ баригдах стан­цын тухайд маш олон жил ярьсаар ирсэн. Нийс­лэлийн хэмжээнд эрчим хүч дутагдаж байгаа энэ үед даруйхан шийдвэрлэх боломж бий юу?

-ТЭЦ-V-ыг олон жил ярьж байгаа нь үнэн. Өмнө нь 2008 онд  тендер зар­ласан боловч олон ком­паниас ганц нь үлдсэн. Гэвч санхүүгийн шаард­лага хангахгүй гэдэг шалт­гаанаар буцаж байсан. Тэгээд Азийн хөгжлийн банктай гэрээний үндэс­лэлээ шинэчлээд ТЭЗҮ-г нь дахин шинэчлэн бо­ловс­руулсан. Томоохон бүтээн байгуулалтыг хий­хэд зайлшгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Гэтэл эрчим хүчний үнэ тариф хараат байдалтай байхад энэ асуудал хүнд байна. Энэ дулааны станц удаа­ширч байгаа асуудалд төрийн байгууллагын хоо­рондын уялдаа холбоогүй байдал, техник техноло­гийн шийдлийн асуудал тулгарч байгаа.

-Энэ жил эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй гэж Эрчим хүчний сайд мэ­дэгд­сэн. Тэгвэл одоо байгаа үнээр алдагдлаа нөхөөд ажиллах боломж хэр байна вэ?

-Одоо байгаа үнэ тарифаар алдагдалгүй ажил­лах боломжгүй. Өн­гөр­сөн оны эрчим хүчнээс 56 тэрбум төгрөгийн ал­дал­тай гарсан. Мөн 34 тэрбум төгрөгийн татаа­сыг улсын төсвөөс авч байна. Үүнийг тооцвол нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Эрчим хүчний салбар цалингаа тавьж чадахгүй зээл авах хүртлээ доройтсон. Нүүрснийхээ мөнгийг ч төлж чадахгүй явна. Энэ нүүрсний уурхай­нуудад ч нөлөөлнө. Тийм учраас эрчим хүчний  алдагдлыг хэрхэн нөхөж болохыг судлахаар баг гарган ажиллаж байна. Тэгэхээр Эрчим хүчний үнэ зохицуулах хорооноос шийдвэр гарах юм. Ер нь үнэ нэмэх шаардлага бий.