Д.ОЮУНЧИМЭГ
Барилгын ажил эхлэх цаг ойртож буй энэ үед барилгын салбарын хөрөнгө оруулагчид, захиалагч болон барилгын компаниудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс энэ салбарт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар, тулгамдаж буй асуудлаа ярилцсан юм.
Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн, материал өндөр үнэтэй байхад баригдаж буй барилга хямд байх тухай ярьж байгааг хуралд оролцогчид шүүмжилж байлаа. Мэдээж орон сууц худалдан авч байгаа хүнд хямд үнэ гэдэг бурам мэт амттай санагдаж байгаа. Харин барилга барьж байгаа компаниудын хувьд тэнгэрт ниргүүлсэн мэт болдог аж. Ер нь төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүсийн амнаас унаж буй үг бүр аливаа нэг салбарын бодлого болдог гэдгийг ч тэд сануулж байсан юм. Ерөнхий сайдаас эхлээд удирдах албан тушаалтан бүр барилгын ам.метрийн үнийг нэг сая төгрөг болгох тухай ярьдаг. Харин үүнийг үйлдвэрлэгчид бодитоор тооцоолж чадаагүйг үйлдвэрлэгчид хэлэв. Одоо зах зээлд борлуулагдаж буй барилгын ам.метрийн үнэ 1.2-3 орчим сая төгрөгийн үнэтэй. Барилгын компаниудыг дээрэмчин, луйварчин болгож байгаад эгдүүцэж буйгаа ч илэрхийлэв. Барилгын үнийн өндөр, нам байхын зааг, ялгааг гаргах хэрэгтэй болжээ. Учир нь хямд өртөгтэй байшинд амьдарч чадахгүй хүмүүст зориулан барьдаг үнэтэй байрыг бариулахгүй гэж хориглох аргагүй. Зах зээлээс ямар зүйлийг хэдэн төгрөгөөр худалдаж авах нь хувь хүний эрх билээ. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа нь сайшаалтай. Мөн үүнийг дагаад барилга угсралтын компанийг нь дэмжих хэрэгтэй. “Хонх нь дуугарахаар, дамар нь таг” гэдгийн үлгэр болгохгүйн тулд нийлүүлэлт, эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгчдийн ажиллах нөхцлийг бий болгох ёстой юм. Нэгийг нь дэмжиж, нөгөөг нь нураадаг жишгийг арилгах цаг болсныг ч төрийн албаныханд дуулгаж байлаа. Орон сууцны ам.метрийг нэг сая төгрөгийн өртөгөөр борлуулах тухай сонссон иргэдэд “Байрны үнэ буурах байх” гэсэн хүлээлт үүсчээ. Үүнийг дагаад барилгын компаниудын борлуулалт буурдаг, эсвэл үнэ өсөх сөрөг хандлага гардаг байна. Зах зээлд бодитой, үнэн мэдээлэл түгээхгүй байгаагаас гарах үр дагаварыг хариуцах эзэнгүй болдог. Аливаад бодитоор хандаж хэн нэгний эрх ашгийн төлөө бус нийтийн төлөө ажилладаг болоосой гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярьж байгаа нь зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн хотын дахин төлөвлөлтийг эргэж харах цаг болжээ. Хуучны барилгуудыг ширүүхэн үлээхэд хийсэхээр болсон гэдэгтэй хүмүүс санал нэгдэх биз.
“Номтий” компанийн захирал Г.Баяржаргал:
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ ЯВНА
-Орон сууцны ам.метрийн үнийг нэг сая төгрөгөөр борлуулах тухай ярьж байна. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?
-Ерөнхийдөө өөрсдийн төсөвт өртгөө гарган бүрэн цутгамал барилгын ам.метрийн үнэ нэг сая 350 мянган төгрөг байхаар тооцон хөрөнгө оруулагчтайгаа тохиролцсон. Гэтэл Ерөнхий сайд “Ам.метрийг нь нэг сая төгрөгөөр өгөх компани байвал хөнгөлөлттэй зээл өгнө” гэж зарласан. Харин бид үүнд хамрагдахаар ОССК-д хандтал “Төрийн санхүүжилттэй компанид хамаатай” гэсэн хариу өгсөн. Ингээд л асуудал үүсч байгаа юм. Бид алдагдалд орж байхаар хүлээхээс аргагүй байдалд хүрч байна.
-Хуучин орон сууцыг буулгаад шинийг барих гэтэл бас бэрхшээл учраад байгаа тухай ярьж байна. Үүнийг тодруулаач?
-Салхинд нурах шахсан байрыг буулгаад оронд нь шинэ байшин барих гэж байгаа юм. 48 айлын гурван давхар орон сууц бий. Үүний тулд барилгаа буулгаж, суурийг нь хийхэд хоёр тэрбум төгрөг шаардлагатай. Мэдээж иргэдийн хувьд хуучныг шинээр үнэгүй солиод өгье гэхээр дуртай байгаа. Харин төр засаг нь огт дэмждэггүй. Дүүрэгтээ хандаж 48 айлыг түр байрлуулах гэр олгоод өгөөч гэж аргаа бартал гуйлаа, байдаггүй. Бид асар их эрсдлийг үүрч байна. Тиймээс хөнгөлөлттэй зээл өгөөч гэхэд л үгүй гэх юм.
Энэмэтчилэн барилгынхны гомдол тасарсангүй. Барилгын салбар уналтын байдалд орсон энэ үед дорвитой арга хэмжээ авч, хуулиа хурдан батлахыг тэд шаардаж байлаа. Хүмүүсийн харж буйгаар олон давхар барилга барин ашиг олж байгаа мэт боловч үнэндээ эрэгтэйчүүд нь машинаа, эмэгтэйчүүд нь ээмэг, бөгжөө барьцаанд тавьж байж амь зуудаг газрууд байдаг гэнэ. Том нь жижгээ нухчин дардаг гэдгийг энэ салбарынхан ч туулж яваа ажээ. Улирлын ажил эхлэхээс өмнө тулгамдаж буй асуудлыг 14 хоногийн дотор даруй шийдвэрлэж өгөхийг барилгын салбарынхан сайдаасаа хүсч байлаа.