Б.СОЛОНГО

 

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэг­жиж эхэлсний нэг жи­лийн ой тун удахгүй тохиох гэж байна. Харамсалтай нь энэ хөтөлбөрийн үр шимийг ганц мянга хүрэх­гүй айл хүртэж, хямд эх үүсвэрээс зээл авч чадсан билээ. Харин буруу тодор­хойлсон энэ хөтөлбөрийн балгаар тодорхой хэлвэл 2814 айл их, бага хэмжээ­гээр хохирол амссан. Хохирол гэдгийн цаана мөнгөнөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгийн гэдэг утга давхар агуулагдаж байгаа юм шүү. “100 мян­га” хэмээх энэ хөтөл­бөрийн санхүүжилтийг анхнаас нь зөв шийдээ­гүйгээс болж дээрх 2814 өрх хашаа байшин, машин тэрэг гээд байгаа бүхнээ зараад байрны урьдчилгаанд өгсөн юм. Энэ хүмүүсээс өнөөдрийг хүртэл зээлээ авч чадаа­гүй, өөрөөр хэлбэл, хөтөл­бөрийн нэг жилийн ойг хүлээлтийн байдалтай угтаж байгаа нь ч бий. Харин зарим хэсэг нь урьд­чилгаа өгсөн ком­панидаа 10-20 хувийн ал­дангийг нь төлөөд гэрээгээ цуцалсан биз. Тэр хүмүүс доод тал нь 1-5 сая төг­рөгийн хохирлыг амссан. Дээрээс нь зах зээлийн жамаар үнээ хэзээ ч алд­даг­гүй үл хөдлөх хөрөнгө бо­лох газар, байшингаа зар­сан хохирол нь нэмэг­дэнэ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг үргэлж­лүүлэх бус нэгэнт байраа сонгоод урьдчил­гаагаа төлчихсөн хүмүү­сийн асуудлыг ший­дэхийн тулд өнгөрсөн сард Хөгжлийн банкнаас 30 тэрбум төг­рөгийг Төрийн банкинд шилжүүлсэн билээ. Энэ сургаар хүлээл­тийн бай­далд байсан зээл хүсэгчид Төрийн банкны Орон сууцны зээлийн төвийг өдөр бүр эргэж, тойрч байна. Нэг иргэний хэлж байгаагаар 30 тэрбумын санхүүжилт зээл хүссэн ээлж дарааллаараа ший­дэг­дэхгүй байгаад гомдол­той байлаа. Банкны ажил ямар шат дараатай, ямар эрэмбээр явагддагийг мэ­дэх­гүй ч 30 тэрбум төгрөг түрүүчийн санхүүжилтээс хоцорсон иргэдийн хувьд хүрэлцэхгүй гэдэг нь ойл­гомжтой. Нэг хүнд ойрол­цоогоор 50 сая төгрөгийн зээл олгоход 600 хүний асуудлыг л шийдэх мөнгө юм. Зээлээ шийдүүлж чадаагүй 2814 хүний хэд нь материалаа буцааж авсан, одоо зээл олголт нь ямар байгаа талаар Төрийн банкнаас мэдээлэл өгсөн­гүй.

Угаасаа “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөр иргэдэд хаалттай, хо­хиролтой үйлчилсэн ши­гээ төдий чинээ нууцлагд­мал байдалд үргэлжилж байгаа юм. Хэрэв 30 тэрбум төгрөгийг авах эзэд нь нэгэнт тодорхой болчихсон бол иргэдийг ингэж чирэг­дүүлж, уяж, хүлээлгэх шаардлага байхгүй бай­маар. Саяхан нэг иргэн манай сонинд хандсан юм. Баянзүрх дүүрэгт шинээр баригдсан нэгэн хороо­лолд байр захиалаад “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар өргөдөл өгсөн байж. Байрныхаа гэрээг хийхдээ метр квадратыг нь нэг сая 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болжээ. Урьд­чилгаанд нь 13 сая төгрөг төлсөн байна. Гэтэл зээл нь шийдэгдэх боломжгүй, материалаа буцааж ав гэ­сэн хариу сонссон аж. Харин барилгын компани нь 20 хувийн алданги тө­лүүлнэ гэж. Ингээд 2.6 сая төгрө­гөө зүгээр алдахгүйн тулд Засгийн газраас то­дор­хой шийдвэр гарах байх гэж горьдохоор шийд­жээ. 30 тэрбум төгрөгийн санхүү­жилт орсныг дуу­лаад баяр­ласан боловч барилгын компани нь метр квадра­тын­хаа үнийг нэг сая 700 мянга болгож нэмсэн байна. Гэ­рээ хийчих­сэнийг сануу­лахад хэтэрхий удаан хүлээлгэ­сэн гэсэн хариуг өгчээ. Иргэд иймэрхүү маягаар л хохирч байна. Орон сууц гэдэг өнөөдөр жирийн иргэний нэг нас­ны хөдөлмөр, бүх хөрөн­гөөр үнэлэгдэж байгаа. Тиймдээ ч бид орон сууц авахдаа тун олон талаас нь бодож тунгааж, толгойгоо гашилгадаг. Өөрөөр хэл­бэл, дэнчин тавьдаг. Гэтэл ядаж төр засаг нь иргэдийн энэ хатуу сонголтоор даа­жигнахгүй байж болдог­гүй юм болов уу.