Д.ОЮУНЧИМЭГ
Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын шинэ хуулийн хэлэлцүүлэг явж байгаа. Та энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Манай сумын хувьд 1993 оноос хойш уул уурхай хөгжсөн. Энэ хугацаанд сайн тал ч байсан, муу тал ч бий. Сайн нь гэвэл нутаг орны эдийн засгийн боломжийг бий болгоход нөлөөлөхийн зэрэгцээ сум орны хөгжилд тустай юм. Саар тал нь гэвэл нэгдүгээрт ард иргэдийг гар аргаар алт олборлогч буюу нинжа болох замыг тавьсан. Хэрэв тэр иргэн малаа маллаад явж байвал олох, олохгүй нь тодорхойгүй зүйлд цаг нар, хөлс хүчээ шавхаж байхаар хийж дадсан ажлаа хийх нь түүний амьдралд илүү хэрэгтэй байсан. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, мал маллах гээд тэдний хийж чаддаг олон ажил бий. Эндээс харахад олон хүний амьдрал байгалийн баялагаас хамааралтай болж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт байгаль орчинд маш олон сөрөг нөлөө үзүүлдэг. Нинжа нар гар аргаар газар нутгийг сэндийчнэ, мөн олон уурхай ажиллаж байгаа гээд тоочоод байвал олон зүйл бий. Цаашид ч шийдвэрлэж чадахгүй асуудлууд байна. Нөхөн сэргээлтийн асуудал мөн маш хүнд асуудал байдаг. Үүнийг боломжоор нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Шинээр боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчноо хэрхэн хамгаалах, ашигт малтмалыг яаж ашиглах вэ гэдгийг тусгах байх. Миний бодож байгаагаар нөөц нь тодорхой болсон ордуудыг стратегийн төвшинд шийдэж өгвөл зүгээр болов уу.
-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг үгийг хуульд тусгах хэрэгтэй, хэрэггүй гээд яригдаад байгаа. Харин газар дээр нь байдаг хүний хувьд та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Ер нь стратегийн ач холбогдолтой орд гэж байх ёстой. Тэртэй тэргүй хайгуулын судалгаа хийсэн байгаа. Тиймээс түүн дээр нь тулгуурлан энэ нь стратегийн ач холбогдолтой гэдгийг байлгаж, түүнийг нь улсын эрх мэдэлд авах биш харин орон нутгийн төвшинд ашиглах хугацааны төлөвлөгөөг гаргах эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Сүйтгэгдсэн байгальд нөхөн сэргээлтийг хийж сайхан болгож болдог гэдгийг ард түмэнд харуулах боломж бий. Үүний дараа стратегийн ордыг дэс дараатайгаар яаж ашиглах вэ гэдгийг бодлогоор тодорхойлох хэрэгтэй. Ордыг ашиглах урт хугацааны явцад техник технологи ч хөгжиж, сайжирсан байх биз. Тийм зүйлийг л хийж өгөөсэй гэж бодож байна.
-Хуулийн шинэчилсэн найруулгаар орон нутгийн засаг захиргаанд эрх мэдлийг өгөх болж байгаа нь өрөөсгөл заалт гэж үзэж байгаа хүмүүс бий. Яагаад гэвэл тэдний эрх мэдэл нэмэгдэх тусам ажилд сөргөөр нөлөөлөх нь их болдог гэлцдэг. Тэгвэл энэ талаар та юу хэлэх вэ?
-Монгол орны хэчнээн суманд хайгуул, уул уурхайн ажил өрнөдгийг би мэдэхгүй. Манай сумын хувьд харьцангуй уул уурхай хөгжсөн, мэдлэгтэй нутаг гэж хэлж болно. Тиймээс бидэнд тийм хэмжээний эрх мэдэл байдаггүй. Яагаад гэвэл сум орны эрх мэдэл байж л хөгжүүлэх боломж бүрдэнэ. Харин байгаль дэлхийг хайрлах, уул уурхайг дэс дараалалтай, журамтайгаар олборлох талаар туршлагагүй сумдуудад алдаа оноо гарахвий гэж л бодож байна. Бидний хувьд цаашид уул уурхайгаас юуг яаж авах вэ гэдгээ мэддэг болсон. Уг нь орон нутагт эрх мэдлийг өгч байгаа нь том зүйл юм. Хэдийгээр энэ чухал ч гэлээ хувийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил гэдэг бас нэг ойлголт болдог. Ер нь хамгийн түрүүнд хайгуулын ажлыг хийх ёстой. Гэхдээ хувийн хөрөнгө оруулалтаар хийх үү, үгүй юу гэдгийг сайн л тунгаах хэрэгтэй. Цаашид хайгуулын ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийдэг ч юм уу ямар нэг гарц олох ёстой. Хэрэв ингэж хийвэл цааш нь аваад явж болно. Харин хувийн хөрөнгө оруулалтаар хийчихээд олборлолт дээр асуудал үүсэх болоод байх шиг санагдсан.
-Хэдийгээр байгаль орчинд нөхөн сэргээлт хийж байна гэх боловч тэр нь унаган төрхөө олж чадахгүй байгаа талаар ч иргэд шүүмжилдэг. Харин сүйтгэгдсэн байгаль хүн болоод малд сөрөг нөлөө үзүүлсээр байгаад гомдолтой явдгаа малчид ярьж байсан. Танай сумын хувьд энэ нөлөөлөл хэр мэдрэгддэг вэ?
-Нэг хэсэг нинжа нар нэлээд их байсан. Одоо бол харьцангүй байхгүй гэж хэлэхээр цөөхөн болсон. Оргил үедээ 3000 орчим нинжа байдаг, харин өвлийн цагт 500 орчим хүн л бий. Тиймээс нинжа гэдэг нь эмх цэгцтэй болсон. Бичил уурхай эрхлэгчид буюу нинжа нарын эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийн нэг нь би. Яагаад гэвэл тэдэнд хөдөлмөрийн аюулгүй байдал болон амь насаа алдахгүй гэх баталгаа байдаггүй. Хэдхэн төгрөгийн төлөө амь, бие, эрүүл мэндээ хайрлахгүй явж байгаа хүмүүс. Тиймээс би хүлээн зөвшөөрдөггүй. Ингэж ямар ч баталгаагүй зүйлийн төлөө амь эрсдэн явж байхын оронд хэдэнд малаа маллаад явж байх нь илүү эрсдэлгүй шүү дээ. Манай сумын хувьд уурхай олонтой. Гэхдээ тэдгээр нь шороон ордууд. Тиймээс энэ нь хүн, малын эрүүл мэндэд шууд нөлөөлөх нь ховор. Харин цаагуураа байгаль бохирдох нь бий. Манай талхлагдсан нутаг орныг сэргээхдээ маш сайн хиймээр байна. Одоогоор зөвхөн техникийн нөхөн сэргээлт явж байна. Миний харж байгаагаар нөхөн сэргээлтэд хүмүүсийн сэтгэл дутаад байх шиг санагддаг. Би ИТХ-ын даргаар найман жил ажиллахдаа бүх газраа орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан.