Б. БАРС

“Блүмберг”-ийн ца­хим хуудаснаа Э.Бер­манн, Ю.Хамбер нарын ийм гарчигтай нийтлэл гарчээ.

 

“Рио Тинто” группийн Монгол дахь зэс, алтны уурхай эдгээр түүхий эдийн хамгийн том зах зээл болох Хятадаас холгүй оршдог бөгөөд энэ нь ашигт малтмал олборлогч али­ваа компа­нийн атаарх­­­­лыг төрүүлдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Хэдий тийм ч, сүүлийн үед Мон­голын тал Оюутолгойн төсөлд илүү хяналт тавих  болсон нь тус компанийн түүхэн дэх хар дарсан зүүд мэт нэгэн үйл явдлыг эргэн санагдуулах боллоо.

Далайд гарцгүй Мон­голын цорын ганц гадаа­дын томоохон хөрөнгө оруулалттай, 6.6 тэрбум ам.долларын төсөв бүхий энэ төслийн менежмен­тийн арга барилд тус улсын Засгийн газар шүүмж­лэлтэй хандах бол­сон юм.

Хууль тогтоогчид тус улс Оюутолгойгоос илүү ашиг хүртэх ёстой гэж үзэж байгаа бол тус улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж удирдлага, менежментэд нь Мон­голын тал илүү хяналт тавих шаардлага­тай гэж мэдэгдсэн билээ. Мон­голын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өсч дэлхийн дээд амжилтыг тогтоосон хэдий ч гурван сая иргэ­дийн амьдралд бодитоор нө­лөө­лөөгүй юм. Иймд, ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөг­чийн сонгуульд ялахын тулд Ц. Элбэгдорж “Рио Тинто”-д шахалт үзүүлэхээс аргагүй гэлтэй.

“Рио Тинто” Мон­голын Засгийн газрын Оюутол­гойн гэрээг шинэч­лэн байгуулах саналыг хүлээж аваагүй  билээ. Энэ нь хорь гаруй жилийн тэртээ болсон үйл явдлыг эргэн санахад хүргэж байгаа юм. Тэр үед тус группийн Папуа-Шинэ Гвинейн Бугейнвилл арал дахь Пангунагийн зэсийн уурхай нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас хаагдаж, маргаан нь АНУ-ын шүүхээр таслагдалгүй өнөөг хүрчээ. 

Сиднейн их сур­гуу­лийн эдийн засгийн газар зүйн профессор Ж.Нейл­сон энэ талаар ярихдаа, “Тэр үед Бугейнвиллийн иргэд Пангунагийн уурхай амьдралд нь эерэг нөлөө үзүүлэхгүй байгааг идэвх­тэй эсэргүүцсэн юм. Ер нь хөгжиж буй орнуудын Засгийн газар байгалийн баялгийн ашиглалт нь зохих үр ашиг өгөхийг шаардах нь зүй ёсны асуу­дал юм. Иймд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй улс орондоо зохих хэмжээний баялаг нийлүүлэхэд анхаарах учиртай” гэсэн юм.

Пангунагийн зэсийн уурхайн эсрэг нутгийн ир­гэдийн эсэргүүцэл эмгэ­нэлт үр дүнд хүрч 1989 онд уур­хайг хаажээ. Бугейнвиллд уур­хайчнаар ажиллаж байсан Фрэнсис Она “Рио Тинто”-гийн бодлогыг эсэр­гүүцсэн иргэдийн хө­дөлгөөнийг удирдаад зог­сохгүй тус арлыг тусгаар тогтносон улс болгохын төлөө тэмцэж эхэлсэн аж. Үүнээс үүдэн Папуа-Шинэ Гвинейн Засгийн газар онц байдал зарлан тус арал руу цэрэг илгээ­жээ. Цэрэг, иргэдийн мөргөл­дөө­ний улмаас олон мянган хүн амиа алдсан билээ. Эмгэнэлт үйл явд­лын дараагаар Папуа-Шинэ Гвинейн хэсэг хуульч “Рио Тинто”-г тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохи­рол учруулсан төдий­гүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролц­сон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргасан аж. Шүүх “Рио Тинто”-гийн эсрэг шийдвэр гарга­сан бөгөөд тус групп АНУ-ын Дээд шүүхэд давж заал­даад бай­гаа юм. Группын удирд­лагын үзэж буй­гаар АНУ-тай огт холбоогүй хэргийг тус улсад шүүх учиргүй, харин Их Британи юм уу Авст­ралид хэлэлцэх ёстой аж. 

Ирэх долдугаар сард бүтээгдэхүүнээ гаргах төлөв­лөгөөтэй Оюутол­гойн уурхай 25 сая тонн зэсний нөөцтэй бөгөөд 50 жилийн турш ажиллах боломжтой юм. Энэ нь 1972-1989 оны хооронд гурван сая тонн зэс олбор­лосон Пангунагийн уур­хай­гаас даруй гурав дахин том билээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгч Д. Лафф хэлэхдээ, “Бугейнвилл Коппер” компани үйл ажил­лагаагаа сэргээхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ талаар Папуа-Шинэ Гвинейн Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэжээ. Тэрээр мөн ирэх дөрөвдүгээр сард Бугейнвиллийн зэсний талаархи хуралдаанд энэ асуудлыг хэлэлцэх тухай мэдээлсэн юм.

Эдийн засгийн судал­гааны “Эрнст энд Янг” компаниас 2012 оны найм­дугаар сард гаргасан эмхэтгэлээс харахад, бай­галийн баялгийн нацио­нализм буюу үндэсний үзэл уул уурхайн томоохон корпорациудын хамгийн том толгойны өвчин бол­жээ. Шинжээч В.Жайн, “Байгалийн баялгийн на­ционализм тэгтлээ өссөн гэж би үзэхгүй. Ийм үзэг­дэл урьд өмнө ч байсан, хойшид ч байх нь тодор­хой. Монголын хувьд айсуй сонгуульд бэлтгэж байна. Сонгогчдын са­налыг татах гол зүйлийн нэг нь уул уурхайгаас илүү ашиг олж, ард түмний амьдралын төвшинг дээш­лүүлэх нь чухал болж байгаа. Иймд гадаадын хөрөнгө оруулаг­чид нөх­цөл байдалд уян хатан хандахаас өөр арга­гүй шүү дээ. Пангунагийн түүх Монголд давтагдахгүй л болов уу” гэсэн юм.