Д.ОЮУНЧИМЭГ

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дорнод аймгийн нутагт хэрэгжиж байгаа уул уурхайн төслийн ажлыг шалгасан талаар Дэд дарга Б.Эрдэнэбилэгттэй ярилцлаа.

-Дорнод аймгаар явсан шалгалтын үр дүн хэрхэн гарсан бэ. Ялан­гуяа уул уурхайн ком­паниудын ажлын явцын талаар ямар дүгнэлтэд хүрэв?

-Дорнод аймаг нь зүүн бүсийн тулгуур төв, хөгжлийн том цэг бол­жээ. Тэнд бүс нутгийн хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн хө­рөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн хэрээр бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Түүнчлэн геологи, уул уурхайн том бүс нутаг болсон. Гадаад, дотоодын үйл ажиллагаа явуулж буй компаниуд шалгалтад хамрагдсан. Эдгээр шалгалтаар гар­сан олон ололт амжилт, алдаа дутагдлыг хэлж болно. Түүний дотор уул уурхайн салбар хөгжиж буйн хэрээр эдийн засаг нийгмийн харилцааны хурдцыг одоогийн байгаа боловсон хүчний бүтэц ба хурд нь дүйцэж ажиллаж чадахгүй байгаа нь харагдсан. Шалгалтын явцад гадаадын ком­па­нид ажилладаг монгол, гадаад мэргэжилтний ца­лингийн зөрүүг арил­гуулсан.

-Жишээ нь ямар ком­пани энэ зөрчлөө арилга­сан бэ. Гадаадын компа­ниудад өөр ямар зөрчил дутагдал гарч байна?

-“Петрочайна Дачин Тамсаг” компанид хий­сэн шалгалтаар цалин­гийн зөрүүтэй байгааг нь тогтоосон. Ингээд адил төвшинд байлгах бо­лом­жийг бүрдүүлж шийд­вэрлүүлж чадсан. Мөн “Шанлун”, “Эн Эн Жи” компанид гадаадын ажил­чид тогтоосон хэм­жээнээс өндөр байсан. Түүнчлэн техникийн бү­рэн бус байдал, шатахуун түгээгүүрийн газрын стандарт хангаагүй зэрэг зөрчлүүд байсныг арилгуулсан.

-Уул уурхайн компа­ниудад хөдөлмөр, аюул­гүй байдлыг сахин хамгаал­даггүйгээс ажилчид осолд өртөх нь элбэг байдаг. Мөн тэднийг нийгмийн даатгалд хамруулах­гүй­гээр ажиллуулах тохиол­дол ч бий. Шалгалтын үеэр ийм зөрчил илэрсэн үү?

-Гадаад, дотоод компаниудад ажиллаж буй ажилчдын нийгмийн баталгааг хангуулах, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, эрүүл, аюулгүй байдалд ажиллах нөхцөл бололцоо нь хангалтгүй байна. Тиймээс манай мэргэжлийн байцаагчид дүгнэлт гаргаж ажилч­дын нийгмийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтийг нөхөн төлүүлэхээр шийдвэр­лүүлсэн. Мөн хөдөлмөр аюулгүй ажиллагааг хан­гаж ажиллах арга хэм­жээг авч ажиллуулсан. “Петрочайна Дачин тамсаг” компани газрын тос олборлолт хийж Хятад руу экспортод гаргадаг. Мөн Бичигтийн хилийн боомт чиглэлийн 150 км орчим хайрган хучилттай авто замын ашиглалтад өнгөрсөн онд өгсөн албан шаардлага биелэгдээгүй, засвар арчлалтыг тогтмол хий­гээ­гүйгээс авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдсан байна. Тус компани нь ахуйн болон үйлдвэрлэлийн зо­риулалттай хог хаягдлаа зориулалтын бус газарт, ил задгай хаяж, хөрсийг их хэмжээгээр бохир­дуулж байгаль орчинд хор хөнөөл учруулж байгааг арилгуулах шийдвэр гаргасан. Мөн ажилчдын амьдрах орчин нөхцлийг бүрдүүлээгүй, хөдөлмө­рийн нөхцөл, харил­цааны асуудлыг зуучлалын компанид хариуцуулсан байгаа нь хууль эрх зүйн хувьд зөрчилтэй байсан. Тухайлбал “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь “Зөв боломж” зууч­лалын компанитай гэрээ байгуулж, ажилчдын амьдрах орчин нөхцөл, хөдөлмөрийн харилцааг тухайн компанид даалга­сан байна. Уг нь зуучлалын компани нь тухайн иргэнийг ажилд зуучилж өгөх үүрэгтэй байдаг. 

-Зөрчил дутагдлыг арилгуулахаар ямар арга хэмжээ авсан бэ?

-Тухай бүр нь ярьж зөвлөлдөж шийдвэрлэх боломжтойг нь цаг тухайд шийдвэрлүүлсэн. Мөн орон нутгийн засаг захир­гааны нэгж байгуул­ла­гаас шалтгалтын мөрөөр арга хэмжээ авч зөрчлийг арилгуулсан тухай мэдээллийг бидэнд өгсөн. Өнгөрсөн онд “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын нэгдсэн ил байгуулам­жуудын барилга бай­гууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын бие­лэл­тэд хийсэн шалгал­таар 10 зөрчил арилж, гурван зөрчил арилаагүй, биелэлт 76.9 хувьтай байсан.

-Шалгалтад нийт хэ­дэн байгууллага хамрагд­сан бэ?

-Баяндун, Чойбал­сан, Матад, Дашбалбар сумын нутагт уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа 16 аж ахуйн нэгж хамрагдсан. Компаниу­дад ажилчдыг зуучилдаг “Зөв боломж” Хөдөлмө­рийн хувийн биржийг мөн хамруулсан. Шал­галтыг байгууллагын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, ажилт­ны цалин хөлс, ажил амралтын горим, аюул­гүй ажиллагаа, эрүүл ахуй, ажиллах нөхцөл, нийгмийн даатгалын шимт­гэл ногдуулалт, тө­лөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгааг шалгасан.