Б.СОЛОНГО


Төрийн ордонд ширээ, сандалны , хүнсний захад махны үнийн хэрүүл өрнөөстэй байна. Саяхан нэг найз минь Солонгосоос, бас нэгэн дүү минь Оросоос ирсэн юм. Гэтэл тэр хоёр мах идэж чадахгүй болсондоо дуу нэгтэйгээр халаглав. Байсан газарт нь килограмм нь ойролцоогоор 8000-9000 төгрөгийн  үнэтэй байсан үхрийн мах эх оронд нь илүү үнэтэй байгаад гайхаад баршгүй гэнэ. Хүн бүр зүгээр суусныхаа төлөө сар бүр төрөөс “цалин” авч байсан юм чинь мах, талх, будаа, гурил гээд бүх зүйлийн үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин буцааж болдоггүй тавиланг яалтай ч билээ гэдэг шиг нэгэнт өндрөө авсан “ниссэн” үнийн өсөлтийг эргүүлж авчрах боломжгүй болжээ.

Монголд сонгууль боллоо. Үргэлжлүүлээд наадамлалаа. Зээлэх нь зээлээд, байсныгаа шавхаад баяр наадмыг өргөн дэлгэр өнгөрүүллээ. Харин дараа нь яах вэ гэдгээ тооцоолоогүй бололтой. Хүнсний захад килограмм махны үнэ сонгуулийн өмнө байснаасаа дахин нэмэгджээ. 5500 төгрөгийн үнэтэй байсан ямааны махыг 7500-7800 гээд хөдлөхгүй нь. Тиймээс үнэ хямд эрэлттэй байгаа нь тахианы мах байв.

Тоо толгой нь 50 саяас илүү гарлаа гэж орой бүр телевизийн мэдээнээс буянт малынхаа тухай сонсох юм. Гэвч солонгос маягаар ширээ тойрч суугаад л тагтуритан иддэг өдөр  улам олшроод байх шиг. Нэг өрх сарын орлогынхоо 50 хувийг мах авахад зарцуулж байгаа талаар судалгаа гарсан байна. Хувцас, үнэт эдлэл, гэр ахуйн бараа гэх мэт бусад төрлийн наймаа эрхлэгчдийн орлого ч навс унажээ. Сард төрөөс авдаг байсан 21 мянган төгрөгөөрөө багахан ч болов мах аваад идчихдэг байсан цаг өнгөрсөн. Бэлэн мөнгө тарааж байхад нь хурдаа авсан үнийн өсөлт хоосон гараа ганзагалаад хоцроход ч буурсангүй. Улам л нэмэгдсээр. Ирэх оны төсвийн төсөөлөлд хэрэглээний өсөлтийн төвшинг 9.8 , тэрний дараа жил бүр 10.4 хувьд хүрнэ гэж Сангийн яамнаас тооцоолсон байна билээ.