Б.УРАН
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх кампанит ажлыг эхлүүлж байгаагаа Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаагаас иргэдийн худалдан авах чадвар доройтож байгааг онцлоод энэхүү кампанит ажлаа хувийн хэвшлийнхэнд уриалга гаргаснаар эхлүүлсэн аж. Засгийн газар иргэдийн цалин хөлсийг нэмэх сонирхолгүй байгаа тул хувийн хэвшлийн компаниудад хандаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх замаар үр дүн гаргахыг уриалжээ. Үйлдвэрчний эвлэлийнхний уриалгыг зарим компани хүлээн авч, тодорхой ажлыг хийж эхэлсэн гэнэ. Эхний ээлжинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрүүл мэндийн салбарт 182 мянган төгрөг, уул уурхай, эрчим хүчний салбарт 224 мянган төгрөг, барилгын салбарт 358 мянган төгрөг, авто тээврийн салбарт 210 мянган төгрөг байлгахаар болсноо мэдэгдлээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн онтой харьцуулахад 23.6 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үетэй харьцуулахад 42.3 хувиар өссөн гэлээ. Тиймээс нэн даруй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатайг үйлдвэрчний эвлэлийнхэн Засгийн газарт сануулсаар байна. Дашрамд дурьдахад Монголбанк иргэдийн цалингийн хүлээлтийн судалгааг гаргасан. Судалгаанд оролцсон 400 аж ахуйн нэгжийн 33 хувь нь ирэх зургаан сард багтаан цалингаа нэмнэ гэж хариулсан байна. Харин санамсаргүй сонгож судалгаанд оролцуулсан 1000 иргэний 31 хувь нь өрхийн санхүүгийн байдал ирэх зургаан сард сайжирна гэж үзсэн бол, 65 хувь нь цалин нэмэгдэж, өрхийн гишүүн ажлын байртай болно, 15 хувь нь бизнесийн орлого нэмэгдэнэ гэж хариулжээ.