Б.СОЛОНГО
Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэгтэй эдийн засгийн төлөв байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан өнгөрсөн сарын эдийн засгийн үзүүлэлтүүдийг статистикийн хорооноос зарлалаа. Эдийн засаг харьцангуй сэргэсэн гэж байна. Гэтэл иргэд сар шинийн өмнө өндөр үнэтэй мах, гурилнаас болж багагүй бухимдсан. Таны бодлоор эдийн засгийн төлөв байдал ямар байна?
-Өнгөрсөн оны эцсээр эдийн засгийн өсөлтийн хурд 12.3 хувь байсан. Энэ бол бодит өсөлтийн хэмжээ.
Гэхдээ энэ өсөлтийг өмнөх 2011 оны 17.5 хувьтай харьцуулахад хурд нь саарсан. Ялангуяа манайх шиг эдийн засаг нь ихээхэн улирлын шинж чанартай улсын хувьд хоёр гуравдугаар улирал чухал байдаг. Гэтэл өнгөрсөн оны хоёр, гуравдугаар улиралд өсөлт нэлээд саарсан байдалтай байлаа. Тиймээс нийт дүнгээрээ бидний хүлээж байсан үр дүн буюу 15-16 хувийн өсөлт гарсангүй. Гэхдээ энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Өсөлтийнхөө хурдаар Монгол Улс дэлхийд хурдацтай хөгжиж буй орнуудын эгнээнд явж байгаа эдийн засгийн ерөнхий багтаамж, хэмжээгээрээ жижиг орнуудын тоонд л явж байгаа. Сая статистикийн хорооноос хийсэн мэдээллийг харахад нэгдүгээр сарын макро эдийн засгийн ихэнх үзүүлэлтүүд эерэг байна лээ. Би үүнтэй санал нэг байна. Жишээлбэл, нэгдүгээр сард инфляц хэдийгээр 13 хувьтай гарсан ч өмнөх 2012 оныг 14 хувийн инфляцтай үдэж байсантай харьцуулахад буурсан буюу хандлага нь эерэг болж. Өнгөрсөн онд мөнгөний бодлогын хүрээнд инфляцийг нэг оронтой тоонд барихаар зорьж байсан боловч тэр зорилт хэрэгжиж чадсангүй. Энэ онд найман хувьд барина гэж байгаа нь маш зоригтой бас амаргүй зорилт л доо. Ийм зорилт тавьчихсан байгаа үед шинэ оныг 13 хувийн инфляцтай эхэлнэ гэдэг нь тийм ч таатай үзүүлэлт биш. Хандлага нь буурч байгаа нь сайшаалтай боловч 10-аас дээш хувийн инфляц гэдэг үнийн өсөлт өндөр хэвээр байгааг харуулж байна. Хүнсний үнэ тэр дундаа махны үнийн өсөлт инфляцийн гол шалтгаан болоод байна.
-Монголбанкнаас махны үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ яагаад нөлөөгөө үзүүлэхгүй байна вэ?
-Махны бодит нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Үнийг тогтворжуулах хөтөлбөр арваннэгдүгээр сарын сүүлээр хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр махны үнэ өндөр хэвээр байгааг харахад энэ хөтөлбөрийн үр дүн хараахан мэдрэгдэж эхлээгүй байна гэж дүгнэхээр байна. Магадгүй хаврын улиралд, ялангуяа махны нөөц ходсдсон үед нөөцөлсөн мах хэрэг болж, тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гарах байх гэсэн хүлээлттэй байна. Ямартаа ч өвлийн хоёр сард гарт баригдах хэмжээний үр дүнг харуулж чадаагүй л байна, хугацааны хувьд хөтөлбөрийн үр дүнг дүгнэж хэлэхэд арай л эрт байна.
-Шинэ оны эхний нэг сард төсөв ашигтай гарсан гэж байна?
-Энэ бол онцгой үзэгдэл биш. Жилийн эхний саруудад дандаа л эерэг байдаг. Төсвийн орлого орж ирэх голдрилоороо орж ирдэг. Эхний хоёр сард бизнесийн арга хэмжээнүүд идэвхгүй байдаг. Олох орлогынхоо хэмжээг тодорхой хэмжээгээр төлөвлөчихсөн байдаг. Ямар ч жилийн эхэнд орлого бол төлөвлөсөн хэмжээнээсээ илүүдэлтэй байдаг. Бидний хувьд хамгийн чухал үе гурав, дөрөвдүгээр сараас эхэлнэ. Өнөөдөр төсөв илүүдэлтэй гарна гэдэг сайн хэрэг. Дүгнээд хэлэхэд оны эхний сарын гүйцэтгэл эерэг дүнтэй гарлаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ үлдсэн 11 сарын хугацаанд, ялангуяа дунд талын хэдэн сард нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, нарийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна.
-Тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн гэж мэдээлж байна. Танайхаас гаргасан тайланд үнийг тогтворжуулах хөтөлбөр нь төсөвт ачаалал болохыг онцолсон байсан?
-2013 оны төсвийг өнгөрсөн оны сүүлээр баталсан. Тэр төсвийг харж байхад тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээг энэ онд ДНБ-ий хоёр хувьд барина гэсэн зорилт тавьсан байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн учраас ийм зорилт тавьсан. Яг энэ зорилтыг ямар орлого олж, ямар зарлага гаргах гэж байгаа юм бэ гэдэг талаас нь бид судалсан. Ингэхэд орлогын төсөөлөл нэлээд өөдрөг байдлаар гарсан байна. Оны сүүлийн хоёр гурван сард орлогын хомсдол ажиглагдсан. Орлогын гол эх үүсвэр болох нүүрсний экспорт буурсан. Хэрэв нөхцөл байдал энэ онд хэвээр үргэлжилвэл орлогын хомсдол үүсч болзошгүй. Хоёрдугаарт, хэд хэдэн том зарлагыг батлагдсан төсөвт оруулаагүй. Эхнийх нь үнэ тогтворжуулах хөтөлбөр, нийт үнийн дүн нь 720 тэрбум төгрөг. Энэ бол төсөв батлагдсанаас хойш гарсан шийдвэр. Дараагийнх нь 1.5 тэрбум ам.долларын бонд. Энэ бондын хүү батлагдсан төсөвт суусан боловч, бондын үнийн дүн төсөвт суугаагүй. Тэгэхээр энэ хоёр том зарлагыг төсөвт нэмж тооцвол оны эцэст төсвийн алдагдлыг хоёр хувьд барих зорилт эрсдэлтэй харагдаж байна. Асар их хэмжээний орлого оруулж байж энэ зорилтыг гүйцээх байх. 2013 онд орлогын төлөвлөгөөг өмнөх оны батлагдсан төсвөөс 28.9 хувиар нэмж тооцсон байгаа. Харин зарлагаа 17.9 хувиар нэмж тооцсон. Мэдээж орлогын тооцоолол төлөвлөсний дагуу байвал асуудалгүй. Харин шинэ оны эхний сарын байдлаас харахад ямар эрсдэл байна вэ гэхээр орлого олж эхэлнэ гээд тооцчихсон Оюутолгойн үйлдвэрлэл эхлээгүй байна. Гэтэл бид хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж тооцож байсан. Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний экспортоо тодорхой хэмжээгээр зогсоочихлоо. Энэ бүхэн олно гэж тооцсон орлогын хэмжээнд нөлөөлж таарна. Тэгэхээр дараа дараагийн саруудад энэ бүхнийг тусгасан байдлаар төсвөө шинэчлэх болов уу.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд худалдагч талд хөнгөлөлттэй зээл олгосноор инфляц буурах уу. Түр зуурын аргацаасан үйлдэл гэсэн шүүмжлэл байна?
-Өмнө нь дан ганц мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашиглан инфляцийг тогтоон барих арга хэмжээнүүд авдаг байлаа. Одоо бол бүтцийн тал дээр илүүтэй анхаарсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Манай байгууллагын зүгээс энэ хөтөлбөрийн үр дүн ямархуу байна вэ гэдэг дээр өөрийн бие даасан үнэлгээг хийж эхлээд байна. Урьдчилсан байдлаар харахад хил дээрх төмөр замын дамжин өнгөрүүлэх чадавхийг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд их үр дүнтэй байна гэж бид харж байна. Дээр нь бусад үнийн дэд хөтөлбөрүүд бий. Одоогоор нарийн дүгнэлт өгөх боломжгүй байна.
-1.5 тэрбум ам.доллар эдийн засагт орж ирсэн нь чухал биш, харин түүний нөлөө эдийн засгийг сэргээж байна гэнэ. Та ямар бодолтой байна?
-Өнгөрсөн оны эхэнд төсвийн алдагдлаа нэг хувьд барина гэсэн зорилт тавьсан. Гэтэл энэ оны босгон дээр энэ тоо долоо болж, төсвийн алдагдал өндөр хувьтай гарсан. Гол шалтгаан нь Монгол Улс руу орж ирж байгаа шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан, дээрээс нь гадаад худалдааны нөхцөл муудсан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт хомсдсон орон зайг бондын хөрөнгөөр нөхсөн. Бондоор хөрөнгө босгосон нь эдийн засаг, нийгэмд давуу тал авчрахын зэрэгцээ эрсдэл дагуулж байдаг. Маш их хэмжээний мөнгө ам доллар хэлбэрээр ороод ирчихсэн гэдэг нь эргээд олон нийтэд доллар элбэгшиж, төгрөгийн ханш чангарах байх гэсэн хүлээлт үүсгэж байсан ч бодит байдал дээр энэ хүлээлтийг зөв удирдаж болоод л байна. Гэхдээ юу л байна мөнгө л байна гэсэн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нэгэнт мөнгөө олсон юм чинь аль болох ухаалгаар, үр ашигтай төсөлд зарцуулах ёстой. Мөнгөний үнэ цэнэ гэж бий. Барьцтай, үлдэцтэй юм болгож зөв төсөлд шингээх хэрэгтэй. Ингэж чадвал бондын хөрөнгө хэт халалт үүсгэхгүй, гаж нөлөө үзүүлэхгүй, эдийн засгийг маань дэмжиж үр дүнгээ өгөх боломжтой.
-Бондын мөнгийг зарцуулж эхлээгүй байна. Менежментийг нь Монголбанк хийж байгаа. Энэ тохиолдолд хүүгийн дарамт хүлээхгүй гэж байна. Таныхаар боломжтой юу?
-Хүү төлөхгүй гэсэн юм байхгүй л дээ. Хүүг төлж л таарна. Босгосон хөрөнгөө зарцуулж эхлээгүй байгаа тохиолдолд хүүг ямар эх үүсвэрээс төлж байна, гадаад валютын цэвэр нөөцөөс төлж байна уу, эсвэл тодорхой хэмжээний гадаад дотоод зах зээлд менежмент хийх замаар орлого олж байна уу гэдгийг харах хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын үед сэргэх хандлага байна уу. Эдийн засгийн өсөлтийн хэмжээг танайхаас яаж таамаглаж байна?
- Дэлхийн Банкнаас Монгол Улсын эдийн засгийг 2013 онд 16.4 хувь өсөх болов уу гэсэн тооцоог хийсэн. Энэ тооцоогоо бид бас шинэчилнэ. Харин Засгийн газар 18.5 хувь гэж тооцоолсон. Аль алиных нь тооцоог харахад энэ онд эдийн засгийн төлөв байдлыг их сайхан өөдрөгөөр харж байгаа. Харин өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан байдал энэ онд үргэлжилбэл яах вэ. Бидний зүгээс хөрөнгө оруулалт буурсныг дан ганц гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас болсон гэж үзэхгүй байгаа. Хүн бүр мэдэж байгаа, Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд их хэмжээний тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө орж ирсэн. Өнгөрсөн оны сүүлийн улиралд бүтээн байгуулалт дуусаад ирэхээр нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээд багасч харагдсан байх. Мэдээж хуулийн нөлөө байгаа байх, түүнийг үгүйсгэхгүй.
-Олон улсын эдийн засаг ямар байна, ялангуяа Хятадынх?
-Дэлхийн хөгжлийн төлөв байдлыг тодорхойлогч гол орнуудын зах зээлийг бид судалдаг. Хөрш орны эдийн засаг өнгөрсөн оны дунд үед нэлээд болгоомжлолтой байсан. Эдийн засгийн өсөлтийг нь 7.5 хувиар тооцоолж байсан бол хамгийн сүүлийн тайлангаар энэ тоог өсгөж наймаас дээш гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Хятад улсын эдийн засгийн өсөлт тогтвортой, өндөр байна гэдэг нь бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг манайх шиг улсад маш чухал. Тиймээс Хятадын эдийн засаг өндөр өсөлт үзүүлнэ, дотоодын түүхий эдийн эрэлт хэрэгцээ нь өнгөрсөн оных шиг зогсонги байдалд орохгүй байх болов уу гэсэн хүлээлттэй байна.