Б.УРАН

 

Дэд бүтэц муутайгаас Улаанбаатарт хангалттай хэмжээний орон сууцыг барьж чадахгүй байгаа нь үнэн. Энэ байдлыг ашиг­лан барилгын компаниуд овоо ашиг олдог нь ч нууц биш. Иргэд орон сууцанд орохын тулд барилгын компаниудын тавьсан са­нал, шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй. Хэрэв дөнгөж 10 хувьтай байгаа барилгадаа хямдхан оруул­на гэж найрвал түүнд нь итгэж л орхино.

Нийслэ­лийн нутаг дэвсгэрт барил­гын чиглэлээр үйл ажил­лагаа явуулж байгаа зарим иргэн, аж ахуйн нэгж ал­бан ёсны зөвшөөрөлгүй­гээр барилга угсралтын ажил эхлүүлчихээд, захиа­лагч нараас урьдчилгаа болгон их хэмжээний хө­рөнгө төвлөрүүлж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Ингэж сэрэмжлүүлэх бол­сон шалтгаан нь албан ёсны зөвшөөрөлгүйгээр барилга барьж буй ком­панийн барилгын ажлыг зогсоож, албадан буулгах хүртэл арга хэмжээг авч эхэлсэн. Төр төмөр нүү­рийг харуулж байгаа нь сайн хэрэг. Гэвч уг барил­гын шавыг тавингуут л урьдчилгаагаа төлчихөөд байраа хүлээж буй иргэдэд эд хөрөнгө, сэтгэл санаа­ны томоохон хохирол бо­лох нь лавтай.

Барилгын компаниуд ч манай бай­рыг захиалсан иргэд хохи­рох гээд байна. Тэр хүмүүс чинь тийм банкнаас зээл авчихсан гэх зэргээр иргэ­дийн хохирлоор түрий барьж хууль бус үйлдлээ халхавчлахыг оролдох бол­жээ. Тиймээс орон сууц худалдан авахдаа албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагад хандаж бай­хыг анхааруулж байгаа нь энэ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын www.mpa.ub.gov.mn цахим хуудаст нийслэлийн бүх дүүрэгт зөвшөөрөлтэйгээр барьж байгаа барилгуудыг жагсааж харуулжээ. Хэ­рэв энэ жагсаалтыг хар­сан хэрнээ зөвшөөрөлгүй барилгад хөрөнгө оруулах юм бол таны мөнгө алба­дан буулгасан барилгатай хамт салхинд хийсч мэдэх юм. Ер нь барилгын сал­барт 100 хувь бэлэн бо­лоогүй төсөлд урьдчилгаа авдаг жишгийг халах хэ­рэг­тэй байх. Худалдан авагчдын мөнгийг ямар ч хүүгүйгээр ашиглаж бай­шингаа босгочихоод хан­шийн эрсдэл гэх мэт зүйл яриад өндөр үнээр эргүү­лэн худалддаг байдлыг нэг үгээр луйвар ч гэж хэлж болно. Нэгэнт урьдчилгаа төлсөн иргэн байр нь ашиг­лалтад ороход чанар, сэтгэл ханамжийн тухай ярих ч хэрэггүй.

Гэрээ байгуулаад авнаа л гэсэн бол авахаас аргагүй. Хэ­рэв сэтгэлд нь хүрэхээр­гүй санагдаад гэрээгээ цуцлахдаа хүрвэл урьд­чил­гаанаас нь 10-20 ху­вийн алдангийг тооцож компани авдаг. Өөрөөр хэлбэл, хүний мөнгийг ямар ч хүүгүйгээр урт хугацаанд ашиглачихаад, чанаргүй барилгаа ав гэж тулгана. Хэрэв татгалзвал мөнгийг нь буцааж өгөх­гүй, эсвэл хэсгийг нь авч үлдэнэ. Энэ бол барилгын салбар дахь бичигдээгүй хууль. Үнэхээр бизнесийн өрсөлдөх чадвартай л юм бол эхлээд өөлөх зүйлгүй барилга босгочихоод дараа нь үнэлээд сууж байвал хамаа алга.