Б.СОЛОНГО
Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулдаг. Шинэ оны эхний сард манай улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг ээлжит хурлаараа мэдээллээ. Ингэхдээ тэд тоон үзүүлэлтийн хувьд таатай мэдээлэл дуулгасан юм. Жил бүрийн нэгдүгээр улиралд, ялангуяа нэгдүгээр сард инфляц өсдөг ч энэ жилийн хувьд өсөлтийн хурд нь саарах хандлагатай байгаа ажээ. Сүүлийн гурван жилийн нэгдүгээр саруудад инфляцийн өсөлт 2.3-3 хувьтай байсан байна. Харин өнгөрсөн сард 1.8 хувьд шилжиж өсөлтийн хурд нь буурчээ. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сард махны үнэ 12 хувь, шатахууны үнэ 5.6 хувиар нэмэгдэж байсан бол энэ удаад махны үнэ найман хувь, шатахууных 1.4 хувиар өсч инфляцийг сааруулах үзүүлэлт болсон гэв. Сар шинийн баяртаа зориулж 8500 төгрөгөөр нэг килограмм үхрийн мах худалдаж авсан Должин эмээгийн хувьд инфляцийн дарамт статистикаас мэдээлж байгаа шиг хөнгөрсөн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч улсын тоон статистикийг хариуцаж ажилладаг байгууллага ийм дүн шинжилгээг хийж байна. Ер нь манай улсын эдийн засаг оны сүүлээс сэргэж эхэлсэн тухай ярьж байгаа. Учир нь олон улсаас амжилттай хөрөнгө босгосон. Энэ нь зах зээлийг хөл дээр нь бат зогсоох хүчин зүйл нь болсон гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлж байсан юм. Энэ удаад ч инфляцийн хурдыг саарахад Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн орлого 339.6 тэрбум төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 267.2 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсөв 72.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын орлого ч өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар нэмэгдсэн байна. Татварын бус орлого ч адил өсчээ. Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 12.9 тэрбум төгрөг буюу 42.9 хувиар нэмэгдсэн нь газрын тосны орлого 9.9 тэрбум, төсөвт газрын өөрийн орлого 4.8 тэрбум, навигацийн орлого 3.5 тэрбум төгрөгөөр өссөнтэй холбоотой гэлээ. Өнгөрсөн сарын эдийн засгийн үзүүлэлтийн бас нэг онцлог гэвэл хөрөнгийн зардал харьцангуй бага хийгдсэн байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард долоон тэрбум гаруй төгрөгийг хөрөнгөд зарцуулсан байсан бол энэ оны нэгдүгээр сард хөрөнгийн зардлын хэмжээ нэг тэрбумд ч хүрээгүй байна. Ерөнхийдөө Монгол Улс эдийн засгийн хэмнэлтэт горимд шилжсэнийг энэ удаагийн тоон үзүүлэлт харууллаа гэж хэлэхэд болохоор юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэхүү тооцоо нь хэр бодитой вэ гэдэгт эдийн засагчид дараах байдлаар хариулт өглөө.
Б.Лакшми: ГЭНЭТ ИЙМ НЭМЭХ МЭДЭЭЛЭЛ ГАРСАН НЬ ГАЙХАЛТАЙ Л ЮМ
/Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал/
-Эдийн засаг өсөлттэй, эерэг мэдээлэлтэй байгаа нь миний бодлоор түр зуурын үзэгдэл байх. Үндэсний статистикийн хорооноос гэнэт ийм нэмэх мэдээлэл гаргасан нь гайхалтай л юм. Сүүлийн хоёр улиралд манай аж ахуйн нэгжүүд урд хөршийн хямралаас болж багагүй хохирол амссан. Хятадын эдийн засаг таагүй хэвээр байгаа нь энэ оны сүүлээр манайд мэдрэгдэх болов уу. Ер нь бид бондын хөрөнгөө ашиглаж эхлээгүй байгаа шүү дээ. Хэрэв хавраас энэ мөнгө ашиглагдаад ирэхээр эдийн засагт тодорхой хэмжээгээр ачаалал үүснэ. Харин Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулсан нь цаг үеэ олсон зөв алхам болсон.
Д.Батжаргал: ТҮР ЗУУРЫНХ БИШ, ИНФЛЯЦИЙГ ЖОЛООДОХ БОЛОМЖТОЙ БОЛСОН
/СЭЗДС-ийн захирал/
-Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа тогтворжуулах таван хөтөлбөрийн үр дүн юм. Дээрээс нь бодлогын хүүг бууруулсан нь зах зээлд өгч байгаа том дохио. Цаашдаа инфляц хурдацтай өсөхгүй. Жолоодоод байж болохоор боллоо. Харин бондын нөлөө тав, зургадугаар сард мэдрэгдэж эхэлнэ, болоогүй. Энэ үр дүн бол түр зуурынх биш. Одоо зохицуулагдана, хадгалагдана. Хүмүүс хаширчихсан болохоор түр зуурын дүгнэлт гэж ойлгоод байх шиг байна. Инфляцийг хазаарлах, жолоодох боломжтой болж байгаа хэрэг.
Б.Алтанцэцэг: БОНДЫН НӨЛӨӨ БИШ
/МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/
-Бондын нөлөө бол биш. Үүний эсрэг байр суурьтай байна. Харин инфляц цаашдаа буурч магадгүй гэсэн таамгийг гаргаад байгаа. Манай сургууль жил бүр инфляцийн хүлээлтийн судалгааг хийдэг. Энэ жил Улаанбаатарт хийсэн судалгаагаар өнгөрсөн жилийнх шиг өндөр инфляцийг хүлээхгүй байгаа гэсэн дүн гарсан. Энэ нь юмны үнэ шууд буурна гэсэн үг биш шүү дээ. Өснө гэхдээ хурдацын хувьд өмнөх жилүүдийнхийг гүйцэхгүй гэсэн үг.