Б.ИРЭЭДҮЙ
Энэ жил махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд үнийг хөөсрүүлэхгүй байх боломж бүрдсэн тухай албаны эх сурвалж хэлж байлаа. Нөөцийн махыг “Хүчит шонхор” зах, “Хархорин”, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, Оргил худалдааны төвөөр бөөнөөр худалдаалж байгаа бол жижиглэнгээр 10 гаруй цэгт үйлчилж байгаа аж. Энэ удаад жижиглэж савласан махны хувьд үхрийн мах 5900, хониных 5700, ямааных 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл мах худалдаж авбал үхрийн мах 5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байна. “Хүчит шонхор” захад өчигдөр өглөөний байдлаар бөөнөөр худалдаалж буй хонины ястай мах 5200-5300, үхрийнх 5500-6300, ямааных 3800-4500 төгрөг байсан бол адууны мах 4100-4300 төгрөг байлаа. Харин жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай махны үнэ 6350, цул нь 7200, үхрийн ястай мах 7700, цул 8500, ямаа болон адууны мах 5400-5700 төгрөгийн үнэтэй байв. Харин худалдаачдын борлуулж буй шинэ мах нь харьцангүй үнэтэй байсан. Энэ үеэр Баянзүрх дүүргийн иргэн С.Цэцэг “Өнгөрсөн долоо хоногийн энэ үед үхрийн цул мах 7800 төгрөгийн ханштай байсан. Баяр ойртох бүр юмны үнэ өсдөг нь заншил болжээ” гэлээ. Албаныхан үнэ буурч байгаа гэх боловч иргэд өсч байгааг дуулгаж байлаа. Эндээс цаасан дээрх тоо, бодит амьдралд үйлчилдэг үнэ хоёрын ялгааг харж болох юм. Харин “Хүчит шонхор” худалдааны төвийн худалдагч Б.Цэрэн “Бид ченжүүдээс авсан үнээс 100 төгрөг хардаг. Өнгөрөгч жилийг бодвол үнэ харьцангүй тогтвортой байна. Цагаан сар өнгөрөөд гүйлгээ муудаад эхэлдэг болохоор энэ боломжийг л ашиглаад махаа дуусгах санаатай байна” гэв. Мах хэрэглэгчийн гарт хүртлээ 3-4 дамждаг гэлцдэг. Энэ удаад өглөөний 07.00 цагийн байдлаар малчид өөрсдөө худалдаачдад махаа борлуулж байгаа харагдлаа.