Б.СОЛОНГО
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралд орохоосоо өмнөхөн буюу өчигдөр 12.30 цагт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийлээ. “Чингис” бондын зарцуулалтын талаар ярилцсан асуулт, хариултыг тоймлон хүргэж байна.
-Төслүүдээ бэлэн болгосны дараа “Чингис” бондын мөнгийг босгож болоогүй юм уу гэсэн шүүмжлэл байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Төсөл бэлэн болгох нь монголчуудаас хамаарах асуудал. Харин бонд босгох нь гадаад зах зээлээс хамаарах зүйл. Яагаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ бондыг босгосон бэ гэж үү. Яагаад гэвэл өнгөрсөн жил дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Улс орнуудын эдийн засгийн өсөлт саарсан. Энэ хямрал Монголыг тойроогүй дайраад өнгөрсөн. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж экспортын бүтээгдэхүүний өсөлт буурсан. 30 сая тонн нүүрс экспортлох байснаас 21 саяыг нь л гаргалаа. Ингээд валютын орлого буурсан. Дагаад төсвийн орлого буурсан. Төсвийн алдагдал 600 гаруй тэрбумд хүрсэн. Хэрэв 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө орж ирээгүй байсан бол бид төсвийн алдагдлыг хааж чадах байсан нь эргэлзээтэй. Валютын ханш огцом өөрчлөгдөх аюул нүүрлэх байсан. Энэ байдлаас гарах боломж нь бонд байсан юм. Монголын санхүүгийн зах зээлд энэ мөнгө орж ирсэн нь эдийн засгийг тайвшруулах бодит хөшүүрэг болж чадсан 1.5 тэрбум ам.доллараар юу хийх вэ гэдэг нь тусдаа асуудал. Гагцхүү тэр мөнгөний нөлөө нь ямар байгаа нь чухал. Монгол Улсад нүүрлэсэн эдийн засгийн хямралыг зайлуулсан нь бондын гавьяа гэж ойлгож болно.
-Хамгийн гол нь бондын хөрөнгийг зарцуулах төслүүд түүхийгээрээ байгаа нь болгоомжлол дагуулж байна?
-Ний нуугүй хэлэхэд төслүүдээ бэлэн болгочихоод хөрөнгөө босгоно гэсэн бол хэзээ ч бүтэхгүй байсан. Мөнгийг нь бэлэн болгочихоод байхад төсөл бэлдэхгүй байгаа юм чинь мөнгө нь байхгүй бол худлаа даа худлаа гээд суугаад байна шүү дээ. Тэгэхээр асуудал мөнгөндөө биш хүндээ байгааг харуулж байна. Бид сайн ажиллаж, бас ажиллуулж чадахгүй байна. Тайлбарладаг шалтгаан нь мөнгө байхгүй гэдэг. Одоо мөнгө нь бэлэн байгаа юм чинь ажиллах ёстой.
-Дэмий өнгөрөөсөн хугацаанд хүүгийн төлбөрт багагүй мөнгө төлж байгаа юм биш үү?
-Манайд банкны зээлийн дундаж хүү 20-иод хувьтай байгаа. Тэгвэл “Чингис” бондын дундаж хүү 4.7 хувь. Зах зээл дээрх зээлээс хэд дахин бага хүүтэй. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум ам.доллараас зарцуулалт хийгдээгүй байгаа. Тэгсэн мөртлөө Монгол Улсын хувьд хүүгийн дарамт байхгүй байгаа гэдгийг албан ёсоор дахин хэлэхийг хүсч байна. Яагаад гээч. Энэ мөнгөний менежментийг Монголбанк хийж байгаа. Дотоод, гадаад банк санхүүгийн байгууллагад байршуулах замаар нэмэлт зардал үүсгэхгүйгээр зохицуулж байгаа. Бодит утгаараа хүүгийн зардалд нэг ч төгрөгийн зардал гарахгүй.
-Энэ онд бондын хөрөнгөөр яг ямар ажил хийх вэ. Бизнесийн төслүүдээс гадна улсын хэмжээнд хийгдэх дэд бүтцийн төслүүд бэлэн болсон уу?
-Энэ онд хийгдэх тодорхой ажлуудыг хэлье. Зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хар замаар холбоно. Тодорхой хэлвэл Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг энэ онд багтааж холбоно. Үлдсэн аймгуудын замыг 2015 онд холбож дуусна. Ер нь замын санхүүжилтийг бондын хөрөнгөөс зуун хувь хийнэ. 300 сая ам.доллар зарцуулах төлөвлөгөө байна. Дотоодын замын компаниудаа бүгдийг нь ажилтай болгоно. Компаниуд тухайн жилд хэдэн км зам тавьж чадахаа тодорхойлж хүсэлт гаргасны дагуу хуваарилалтыг хийж байгаа. Мөн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын барилгын ажлыг энэ хавар эхлүүлнэ. Ер нь энэ онд төмөр замд оруулах бондын дээд хэмжээ 400 сая ам.доллар байх болов уу. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах бодлоготой байгаа. Амжвал цагаан сараас өмнө тавдугаар цахилгаан станцын гэрээг үзэглэнэ.
-Төрийн өмчит компаниудад хэр хэмжээний хувь ногдох бол. “Эрдэнэс-Тавантолгой”, МИАТ гээд мөнгө гуйсан газар олон байна?
-Ер нь бол бондын эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана гэдгийг энд онцольё. “МИАТ” гурван шинэ онгоц авах зориулалтаар 200 сая ам.долларын санхүүжилт хүсч байгаа. Манай улс олон улсын тээвэрт өөрийн гэсэн онгоцгүй шүү дээ. Энэ асуудлыг судалж байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүү үнэхээр хүнд байгаа нь үнэн. Компанийн зүгээс бүх өрөө дарахад шаардлагатай хөрөнгийг “Чингис” бондоос гаргаж өгөхийг хүссэн. Ойролцоогоор 500 сая ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэн. Гэхдээ миний бодлоор энэ мөнгийг бондоос биш өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх саналтай байгаа. Боломж нь ч бий.
-Бондын эргэн төлөлт хэзээ хийгдэх вэ. Үлдсэн 3.5 тэрбум ам.долларын бондыг хэзээ гаргах бол?
-2018 оны нэгдүгээр сарын 5-нд эхний 500 сая ам.долларыг төлнө. Тэр үед манай хөрөнгө оруулалт 10 их наяд төгрөгт хүрсэн байх болно. Тэгэхээр эргэн төлөлт боломжийн байгаа биз. Харин үлдэгдэл 3.5 тэрбум ам.долларыг эхний бондын үр дүнг харж байгаад хэлэлцэнэ. Энэ оны сүүлээс яригдаж эхлэх байх.