Б.УРАН

“Рио Тинто”-гийн удирдлагын халааг Том Альбанезаас шилжүүлэн авсан Сэм Уолш өнгөрсөн баасан гаригт Оюутолгой төслийнхөнтэй уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ. Тэрээр төслийн багт Монголын Засгийн газрын тавьсан зарим шаардлагад буулт хийхийг зөвлөсөн нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол дуулиан болоод байна. Түүний энэ зөвлөгөө Оюу­толгойн 66 хувийг эзэмш­дэг “Туркойз Хилл Ресурс” компанийн “TRQ” хувьцааны хан­шийг багахан ч болов торгоож дөнгөлөө. “Рио Тинто” өнгөрөгч сарын сүүлээр Оюутолгой төс­лийг зогсоож магадгүй талаараа мэдэгдсэн нь “TRQ” хувьцааны үнийг огцом буурахад хүргэсэн юм. Мөн “Рио Тинто” хувь­цаа ч эвгүйтэх тий­шээ хандсан нь болчимгүй мэдэгдлээс болсон гэж олон улсад дүгнэж байна. Тэгвэл Сэм Уолш өөр ар­гаар, тодруул­бал, Монго­лын Засгийн газартай тохиролцоонд хүрэхийг хичээж, хүнд нөхцөлд бай­гаа компаниа аврах бодлого баримт­лахаар бол­жээ. Энэ арга нь ч хувь­цааны ханшид бага багаар нөлөөлж эхэллээ. Ер нь олон улсад Оюутол­гойн IPO өдрөөр бус цагаар хэлбэлзэж байгаа юм. УИХ-ын чуулганаар Оюу­толгойн асуудлыг нээлт­тэй хэлэлцсэний дараа “TRQ” хувьцаа 7.40 ам.дол­ларт хүрч доошилсон. Харин өчигдрөөс буюу Сэм Уол­шийн зөвлөгөө, өнөөдөр болох хувь ний­лүүлэгчдийн хурал зэргээс шалтгаалан ханш нь бага зэрэг сэргэж эхлээд байна. Дэлхий ний­тээр өнөөдөр болох хувь нийлүүлэгч­дийн хуралд анхаарлаа хандуулж байна. Монго­лын Засгийн газрын зүгээс хэд хэдэн асуудлыг уг хуралд оруула­хаар тө­лөв­лөж байгаа. Эд­гээрийг товчхон дурдвал,  хөрөнгө оруулалтын зардлаа учир битүүлгээр хоёр тэрбум ам.доллараар нэмснийг тодорхой болгох, нийт бүтээн байгуулалтын зардал 24.4 тэрбум болж нэмэгдсэний шалтгааныг олох. Мөн манай улсын өр төлбөр 2033 он хүртэл сунах эсэх, ТЭЗҮ-д өөрч­лөлт оруулах асуудалд Мон­голын талын орол­цоог хангах, төслийн мөн­гөн гүйлгээг Монголын банк санхүүгийн байгуул­ла­гаар дамжуулдаг болох зэрэг юм. Улс төрийн за­рим хүчнүүд хувь нийлүү­лэгчдийн хурлын асууд­лаар эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Оюу­толгойн гэрээг шинэч­лэх гэхээсээ цуцалсан нь дээр гэж үзэх нь ч байна. Харин олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд он­цолж байгаагаар Монгол Улс гэрээний хувь эзэмш­лийг өөрчилж чадахгүй ч дээр дурдсан зарим шаард­лагууддаа эерэг хариулт авч, тодорхой хэмжээнд амжилтад хүрнэ гэж би­чиж байна.  Манай улсын уул уурхайн салбарынхны энэхүү тогтворгүй байдал нь олон улсад IPO хийдэг уул уурхайн компа­ниудын үнэт цаасны ханшид нө­лөөлж байгаа юм. “Алтан­дорнод монгол” компа­нийн гүйцэтгэх захирал Б.Болдын хэлснээр уул уурхайн хувьцаа олон улсад 60-70 хувийн уналт­тай байгаа. Хонгконгийн хөрөнгийн биржид бүрт­гэлтэй “Mongolian mining corporation” гэхэд сүүлийн нэг өдөр 3.65 хувиар буурч 3.7 хонг.дол­ларын ханштай байна. Зөвхөн олон улсад гэлтгүй дотоодын хөрөн­гийн бир­жийн арилжаанд оролцож буй уул уурхайн компа­ниудын хувьцаа ч уналт­тай байгаа юм. Өн­гөр­сөн оны сүүлээр 10220 төг­рөгийн үнэтэй байсан “Шивээ-Овоо” компа­нийн хувьцаа өчигдрийн байдлаар 7000 төгрөгт хүр­сэн байв. Мөн түүнчлэн “Тавантолгой” компаний хувьцаа өнгөрсөн сарын эхээр 9275 төгрөг байсан бол өчигдөр 8000 болж доошилжээ.