Д.Сүрэн
“Gobi energy partners” компанийн ерөнхий геологич Д.Жанчивтай ярилцлаа. Тэрээр газрын тосны салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн боловсон хүчин юм.
-Танай компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад газрын тос хайж байгаа. Тостой цооног гарсан уу?
-Өнгөрсөн жил хайгуулын анхны цооногийг өрөмдсөн, тос гарсангүй.
-Газрын тос гэхээр хүмүүс ашигт малтмалтай хольж ойлгох, сольж ярих нь их бий. Газрын тос, ашигт малтмалын ялгааг хэлж өгөхгүй юу?
-Хатуу ашигт малтмалыг яаж ч олборлож болдог. Харин газрын тос, байгалийн хийг олборлоход зөвхөн цооног өрөмддөгөөрөө ялгаатай. Бас Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж олборлосон тосныхоо тодорхой хувийг улсад мөнгөн дүнгээр бодож тушаадаг. Харин ашигт малтмалынхан лиценз эзэмшдэг. Ил уурхай ажиллуулдаг гэх мэтээр тэнгэр, газар шиг ялгаатай хоёр салбар юм.
Газрын тосны хайгуул судалгаа хийхэд тухайн компани ихээхэн эрдсэл үүрдэг. Дэлхий нийтийн жишгээр 11-16 цооног өрөмдөж байж нэгнээс нь тос гарвал их юм гэдэг юм билээ. Гэхдээ аз таарвал анхны цооногоос ч тос илэрч болно. Нэг цооног өрөмдөх зардал нь гурван сая ам.доллар болох жишээтэй.
-Танай компанийнхан хэдэн цооног өрөмдөв?
-Манайх дөрвөн жил хайгуул, судалгааны ажил хийж байна. Өнгөрсөн жил хоёр цооног өрөмдөж үзлээ.
-Цооног өрөмдөөд газраас тос гарахгүй бол ямар ажил хийх вэ. Хөрөнгө оруулалт хайран биш үү?
-Манайхан одоогоор геологийн хайгууль, байгаль орчны үнэлгээ, судалгаа гэх мэтээр судалгааны ажил түлхүү хийж байна. Цооног тостой байгаагүй ч цаашдын ажлаа бодож геологи, геофизикийн нарийвчилсан судалгаа хийж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдээллээ дахин боловсруулах зэргээр ажил өрнөж байгаа. Одоогоор долоон ажилтантай. Монголд төсөл хэрэгжүүлэхээр байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд манай компани хайгуул хийхэд Швейцараас 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөнгө зарсан хэрнээ ямар ч ашиг олоогүй. Газрын тосны салбар өөрөө ийм онцлогтой юм. Өчнөөн сая ам.доллар зараад улаан мөнгөний ашиггүй ажиллах тохиолдол ч бий.
-Газрын тосныхон бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулсан нь зарим хүнд дэндүү чамлалттай санагддаг. Таны хувьд ямар гэрээ болсон гэж үздэг вэ?
-Эрсдэлтэй гэрээ л дээ. Тос олборловол бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тодорхой хувийг Засгийн газарт шууд тушаадаг онцлогтой. Бүтээгдэхүүний хуваах гэрээний нөхцлөөс хамаараад 60/40, 30/70 гэх мэт харьцаатай байгаа. Үнэхээр тос олддог л юм бол бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ дагуу ажиллахад гаргасан зардлаа аль болох богино хугацаанд нөхөж олох. Тостой талбайгаас олсон орлогоо цаашдийн судалгааны ажилд зарцуулах гэх мэтээр зардал гардаг юмГаднынхны хөрөнгө оруулалтын мөнгөөр бид хайгуул, судалгааны ажлыг хийгээд авах хэрэгтэй. Манай Засгийн газар санхүүгийн ямархуу чадамжтай билээ. Өөрсдөө хэзээ ч зардал, мөнгө гаргаж хийж чадахгүй ажлаа бусдаар хийлгэвэл алсдаа манайд хэрэгтэй.
-Газрын тосны тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэллээ. Монголын хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна уу?
-Хуулийн төсөл ярилцаж байгаа цагт бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл оруулах ёстой. Тэгэхгүй бол бид өөрсдийн хөрөнгөөрөө хайгуулаа хийж чадахгүй. Бусдын мөнгөөр хайгуул, судалгаагаа хийж хаана, хэдий хэмжээний тосны нөөцтэйгөө мэдэж авах хэрэгтэй. Газрын тосны компаниуд гадаадаас л хөрөнгө авч ажиллаж байгааг хүн бүр мэддэг байх.
-Гаалийн тухай хуульд газрын тосны хайгуул, судалгаа хийхэд ашиглах техник, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлдөг байсан санагдана. Энэ заалт өөрчлөгдсөн гэж дуулсан юм байна?
-Наад асуудлыг чинь хуульд төлбөр авахаар өөрчилж оруулсан байна лээ. Бензин, шатахууны онцгой албан татварыг хөнгөлөхөө байчихлаа. Энэ мэтээр хуулийг бидний эсрэг батлаад байвал эргээд Монголд орж ирэх гаднын хөрөнгө оруулалт зогсох байх. Газрын тосны хуулийн төсөл, өөрчлөлтөд би зайлшгүй саналаа өгмөөр байна.
-Ямар асуудал одоогоор тулгарч байгаа юм бол?
-Газрын тосны чичирхийллийн судалгаа хийж байгаа нутагт туулах чадвар сайтай автомашин оруулж ирэхийг гадаадын компаниудтай хийж байгаа гэрээндээ тусгадаг боловч улсын хил дээр “Монголоос түрээсээр ашиглаж болох адил төрлийн авто машин оруулахгүй” гэж хэлээд нэвтрүүлдэггүй. Орон нутгаас түрээсээр олддог авто машинууд нь ажил, үүрэг гүйцэтгэж чаддаггүй.
-Түрээсийн машин хэрэглэ гэж шахаж байгаа хэрэг үү. Тэр нь шаардлага хангах уу?
-Орон нутгаас бид заримдаа оросын хуучин фургон, УАЗ зэрэг машин түрээсэлж ажилуулдаг. Арай дөнгүүрийг нь өдрийн 100 мянган төгрөгөөр түрээсэлнэ. Жаахан тааруу болоод ирэхээр 60 мянга болсон ч ус, түлээнд явахаас цааш хэтэрдэггүй, эвдэрчихдэг. Энэ бэрхшээлийг албаны хүмүүс ойлгодоггүй юм байна. Үгүй гээд л асуудал дуусаа. Монголд ажил хийхэд үнэхээр бэрхшээл их байна. Ажлаа хэвийн явуулахын тулд сохорын газар сохор, доголонгийн газар доголон явах хэрэг гарч байна.
-Эх орноо бодсон улс хуулийн хатуу заалт оруулж ирж тэр нь гаднынханд таалагдахгүй байгаа юм биш үү?
-Тэр хүмүүс үнэхээр эх орноо бодож байвал би баярлана. Гэхдээ эх оронч болж байна гээд улс орондоо орж ирэх хөрөнгийн урсгалыг атгаж таслаж болохгүй байх. Мэддэггүй зүйлээ мэддэг хүнээс нь асууж хуулийг боловсруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол газрын тосны салбарыг уул уурхайтай холиод байвал түүн шигээ тааруу хууль гарна. Гадаадын хөрөнгө оруулагчдад хөнгөн нөхцөл үзүүлж байгаад эхлээд газрын тосныхоо судалгааг хийлгээд авчих хэрэгтэй. Тэр судалгаа эргээд бидэнд л үлдэнэ шүү дээ. Бид өөрсдийн хүн хүч, хөрөнгөөрөө газрын тосны судалгаа хийж чадахгүй нь үнэн. Уян, хатан бодлого явуулж байж бид бусдын мөнгө, техник, технологиор ажлаа амжуулах учиртай.
-Дарханд хүчин чадал сайтай газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж байгаад та ямар бодолтой байна вэ. Геополитикийн хувьд ашигтай байж чадах уу?
-Манай улс жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах чадалтай үйлдвэр барихаар болж Засгийн газраас энэ ажлыг дэмжлээ. Учир мэдэхгүй хүнд тоог нь дуулаад сайхан санагдах байх. Дотооддоо ямар хэмжээний тос олборлодог билээ гэдгээ бодоосой. Хүчин чадлаараа ажиллая гэж бодож байвал гаднаас түүхий нефть авч боловсруулахаас өөр арга алга. Монголын нефть бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 700-800 мянган тоннд эргэлдэж байгаа. Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барих яриа эртнээс гарч эрдэмтэд эсэргүүцэж байсан. Ганц, хоёр хүний хувийн эрх ашгаас илүү бүх талын боломжийг судлаж байж асуудлыг шийдвэл алсдаа монголчуудад хэрэгтэй дээ.
-Яагаад Дарханд тос боловсруулах үйлдвэр барихыг эсэргүүцсэн юм бол. Ачаа, тээврийн зардал, дэд бүтцийн боломж, хүн зоны аюулгүй байдал талаасаа харж хориглосон хэрэг үү?
-Мянганы гэсэн тодотголтой нарийнхан замаар тэр том тэрэгнүүд тээвэр хийх үү. Тамсагийн байдлаар жишээ авахад өдөрт 20-35 тонны даацтай том тэрэгний цуваа Мянганы замаар хэд хоног, хэдэн жил явах вэ. Такси нааш, цааш явж байгаа биш, хүнд даацын тэрэгний зориулалтын өргөн зам хэрэгтэй. Бүтэн жилдээ хоёр сая тонн тос нэрэх чадалтай үйлдвэрийн жишээгээр бодохоор замбараагүй юм болно. Төмөр замын асуудал хүндэрнэ. Тиймээс хэрэгцээ, тооцоогоо зөв хийх хэрэгтэй.
Зүүн баян, Тамсагийн ордын нефтийг авч ашиглахын тулд Дархан руу төмөр замаар тосоо зөөх биз. Улаанбаатар хотоор дайруулан түүхий тос зөөх нь эдийн засаг хийгээд аюулгүй байдал талаасаа хүнд санагдаж байна. Монголын тээвэр хэр хөгжсөнийг захын хүн хэлнэ дээ. Нөгөө талаараа Оросоос түүхий нефть татах гэж Дарханыг сонгосон байх. Тэндээс наашлахаар Сэлэнгэ, Дарханы чиглэлийн 300 км зам ч гэсэн хүнд даацын тэрэг олноор явахад шаардлага хангахгүй. Тиймээс үнэхээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болох гэж байвал найдвартай зам эртхэн тавиасай.
Галбийн говьд хятадын нэг компани ажиллаж жаахан тос гарч байгаа. Том, жижиг нь хамаа алга. Тостой гэдгээ мэдээд авах нь чухал. Тос боловсруулах үйлдвэртэй болох гэж байгаа нь сайн. Гэхдээ бид эргээд гаднаас түүхий тос авч хараат болохоосоо, нефть бүтээгдэхүүн авч хараат болох биз.