Ө.СОНОР

Манай нүүрсийг маш  хямд үнээр авч байгаа “Чалко” компанийн гэрээг цуцлах тухай яриа сүүлийн үед хүчээ авч байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд амласан  бэлэн мөнгөө хагас дутуу  боловч өгөхийн тулд тухайн үеийн эрх баригчид Тавантол­гойн Зүүн цанхийн нүүр­сээ барьцаанд тавьж 350 сая ам.доллар зээлсэн юм. 2011 оны долдугаар сард  гэрээг байгуулснаас хойш өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 2,7  сая тонн нүүрсийг “Чалко”-д нийлүүлжээ. Анх гэрээ байгуулахдаа “Чалко”-д нэг сая тонн нүүрсийг индекс хэрэг­лэх­гүйгээр /ханш харгал­захгүй/ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэх гэрээ  хийсэн байна. Харин өнгөрсөн оны  хоёр­дугаар улирлаас эхлэн индексийн аргаар үнэ тооцох болж хоёрдугаар  улиралд 68,57, гуравдугаар улиралд 65,9, дөрөвдүгээр  улиралд 56,7 ам.доллар  болж буурчээ. Яг  одоогоор  нийлүүлэх тонн нүүрсний үнэ 53,6 ам доллар  болж багассан байна. Үүнээс болж манай “Эрдэнэс-Тавантолгой” компани нэг сая тонн нүүрс ний­лүүлэхдээ 40, түүнээс хойш өнөөг хүртэл 59 сая орчим ам.долларын алдаг­дал хүлээжээ. Хэрэв цаа­шид тонн нүүрсээ 53,6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд гэрээний үл­дэг­дэл 186 сая.ам.доллараа төлж дуустал бид нэмж 60 сая  ам.долларын алдагдал  хүлээхээр байгаа гэнэ. Хэрэв урьчилгаа  төл­бөрийн үлдэгдэл болох 186 сая ам.долларыг нүүрсээр бус  бэлэн мөнгөөр бараг­дуулж “Чалко” компанид нийлүүлэх ёстой 3,5 сая тонн нүүрсийг “Чалко”-гийн гэрээний бус үнээр өөр худалдан авагчид экспортловол 60, дээрх хэмжээний нүүрсийг угааж  боловсруулан ний­лүүл­бэл 164 сая ам.дол­ларын ахиу орлого олох  боломжтой ажээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээний тов­чилсон хувилбарыг “Уул  уурхайн мэдээ” бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрдэнэс Тавантол­гой” болон “Чалко Трэй­динг Хонконг” компанийн хооронд байгуулсан Нүүрс борлуулах, худалдан авах гэрээний тухай

 

ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

 

“Эрдэнэс Таван тол­гой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” ком­пани, “Жинан Стийл” компаниудаас 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүү­лэх асуудлыг 2011 оны долдугаар сарын 19-нд ТУЗ-дөө танилцуулж наа­штайгаар шийдвэрлүүлэн (ТУЗ-ын 16 дугаарт тог­тоолыг хавсаргав), гэрээ байгуулах эрхийг Гүйцэт­гэх захирал Б.Энэбишд олгосон.

ТУЗ-ийн тогтоолд гэрээг эцэслэн боловс­руу­лахдаа олон харилцагчтай гэрээ хийх, өөрийн квотыг нэмэгдүүлэх талаар анхаа­рахыг даалгаж, ТУЗ-ийн хараат бус гишүүд урьд­чилгаа төлбөр болох 250.0 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажилла­гаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шил­жүүлбэл 1РО хийхэд сөр­гөөр нөлөө­лөхийг тэмдэг­лэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан байна.

Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ТУЗ-аас эрх олгосны дагуу 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр Чалко компанитай гэрээг байгуулсан. Гэрээний дагуу Эрдэнэс Таван тол­гой компани 2011 оны наймдугаар сарын 4-ны өдрөөс нүүрс экспортлож эхэлсэн бөгөөд Чалко компани урьдчилгаа төлбөрөө 250.0 сая ам.доллар 2011 оны сүүлийн улиралд 4 үе шаттайгаар шилжүүлсэн.

Эрдэнэс Таван толгой ХК-ийн ТУЗ уурхайн ол­бор­лолт, төслийн үйл ажил­лагааны санхүүжил­тэд зориулан Чалко ком­па­ниас нэмж 100.0 сая ам.доллар хүртэлх хэм­жээний зээл авахаар шийд­вэр­лэж, тог­гоолд (ТУЗ-ын 10 дугаарт тог­тоолыг хавсаргав) ТУЗ-ийн дарга Д.Сугар 2012 оны гуравдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан байна. Энэхүү 100.0 сая ам.дол­лар нь УИХ-ын сон­гуулийн өмнө 2 удаагийн шилжүү­лэгээр 30.0 сая, 70.0 сая ком­панид орж ирсэн.

 

ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ БОЛОН ГЭРЭЭНЭЭС ҮҮДСЭН ХОХИРОЛ

 

2012 оны эцсийн байдлаар нийт 2.7 сая тонн нүүрс Чалко компанид нийлүүлсэн бөгөөд урьдчилгаа төлбөрийн нийт үлдэгдэл 186 сая ам.доллар байна.

Гэрээний дагуу эхний 1 сая тонн нүүрсийг индекс хэрэглэхгүй 70 ам.доллараар нийлүүлсэн бөгөөд индексийн аргаар үнэ тооцох механизмыг 2012 оны 2-р улирлаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үнийн индекс хэрэглэсний улмаас суурь үнэ буюу 70 ам доллараас 2-р улиралд 68.57, 3-р улиралд 65.9, 4-р улиралд 56.7 ам доллар болж тус тус үнэ буурсан.Тухайлбал, 2013 оны 1-р улиралд нийлүүлэх нүүрсний үнэ тонн тутамд 53.6 ам.доллар болж буураад байна.

Чалко компани Эрдэнэс Тавантолгой ХК-с худалдан авсан нүүрсий 30% хувийг гуравдагч худалдан авагч болох Япон, БНСУ-д экспортлох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эхлээгүй байгаа бөгөөд холбогдох экспортийн зөвшөөрлөө ч аваагүй байна.

Гуравдагч худалдан авагчид манай нүүрс экспортлоход шаардлагатай туслах дэд бүтэц, ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан Эрдэнэс Тавантолгой ХК- аас авсан 2 сая ам.долларын зарцуулалт, үр дүн тодорхойгүй байна.

Гэрээний 6.2.1-д заасны дагуу Цагаан Хадны боомтын бүсэд нүүрс шинжлэх лабораторийг Чалко компани барьж байгуулсан бөгөөд нийт зардлын тал хувь болох 311,940 ам.долларыг Эрдэнэс Тавантолгой ХК-иас нэхэмжилж байна.

Гэрээний хэрэгжилтээс “Эрдэнэс Тавантолгой” компанид дараах хохирол учирч байна. Үүнд:

•Чалко компанитай гэрээ байгуулах үед (2011 оны долдугаар сард) Ганц модны боомт дээрх коксжих нүүрсний гэрээний бус үнэ (Spet price) тонн тутамд 100 - 110 ам.доллар байсан. Эрдэнэс Тавантолгой ХК эхний нэг сая тонн нүүрсийг Чалко компанид 70 ам.доллараар нийлүүлэн 40 орчим сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж үзэж байна.

•Үнэ тогтоох механизмд ашиглаж буй индексийн өөрчлөлт нь Хятадын нүүрсний зах зээл дээрх 4 газрын үнийн өөрчлөлтийг илэрхийлж байгаа бөгөөд эцсийн хэрэглэгчид хүрч буй үнийг илэрхийлдэггүй. Зах зээл дээрх гэрээний бус үнээс 30-40 ам.долларын бага үнээр суурь үнийг тогтоон индексийн өөрчлөлтөөр тооцож, нийт 1.7 сая тонн нүүрсийг экспортлосноор 59 сая орчим ам.долларын алданги хүлээсэн. /Үнийн индексийн харьцуулсан графикийг хавсаргав/

•Урьдчилгаа төлбөрийг буцаан төлж дуустал Эрдэнэс Тавантолгой ХК олборлосон нүүрсээ 100 хувь урьдчилгаа төлбөрийг барагдуулснаас хойш 5 жилийн хугацаанд нийт Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрснийхээ 80 хувийг зөвхөн Чалко компанид нийлүүлэх үүрэг хүлээсэн нь Эрдэнэс Тавантолгой ХК 2013 онд олборлох нүурсний 69 хувь. 2014 онд 62 хувь, 2015 онд 57 хувь, 2016 онд 44 хувь, 2017 онд 40 хувийг зөвхөн нэг худалдан авагчид экспортлох нөхцлийг үүсгээд байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний үнийг хянах (open book) боломж, олон худалдан авагчдын дунд үнийн өрсөлдөөн бий болгох, нүүрс борлуулалтаас олох орлогын бусад эх үүсвэрийг хааж байна.

•Нүүрсний үнийг цаашид энэхүү индексийн аргачлалаар тооцон/үнэ цаашид өсөхгүй 53.6 ам.доллараар нийлүүлэх тохиолдолд/ экспортыг үргэлжлүүлбэл урьдчилгаа төлбөрийн нийт үлдэгдэл болох 186 сая ам.долларыг 3.5 сая тонн нүүрсээр төлж барагдуулах бөгөөд энэ тохиолдолд манай компани нэмж 60 сая ам.долларын алдагдал хүлээхээр байна.

•Чалко компанитай байгуулсан энэхүү гэрээнээс шалтгаалан олон улсын банкууд болон хөрөнгө оруулагчид Таван толгой төсөлд хөрөнгө оруулж зээл олгохоос эрс татаглзаж байгаа бөгөөд зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХК бус түүний гэрээт олборлогчид тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь зориулан нэмэлт зээл олгохгүй байна.

•Урьдчилгаа төлбөрийн хүүнд 2011 оны есдүгээр сараас эхлэн 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл нийтдээ 10.5 сая ам.долларыг төлсөн.

Хэрэв урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 186 сая ам.долларыг нүүрсээр бус бэлэн мөнгөөр барагдуулан Чалко компанид нийлүүлэх байсан 3.5 сая тонн нүүрсийг өнөөдрийн гэрээний бус үнээр (70 ам.доллар) өөр худалдан авагчид нийлүүлбэл ойролцоогоор 60 сая ам.долларын ахиуц орлого олох боломжтой. Хэрэв дээрх хэмжээний нүүрсийг угааж боловсруулан цааш худалдаалахад тонн тутамд 46 ам.доллар буюу нийт 164 сая ам.долларын ахиуц орлого олох боломжтой юм.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд энэхүү гэрээ нь манай талд маш их алдагдалтай, зах зээлийн хувьд нэг компаниас хэт хараат байдалд оруулснаар бусад худалдан авагчтай худалдаа хийх, үнийн өрсөлдөөн бий болгох нөхцлийг хязгаарласан, зөвхөн нэг талд ашигтай нөхцөл олгосон гэж үзэж байна.