Х.МОНГОЛХАТАН
“Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ” гэж эх орныхоо байгалийн баялгийг магтан дуулдаг байсан үе түүх болон үлдэж дээ. Харин одоо тэр их баялагтаа монголчууд бид эзэн сууж, ашиглах хариуцлагатай цаг ирээд байна. Ашигт малтмалын томоохон орд газрууд ашиглалтад орж, уул уурхайн үйлдвэрлэл эрс нэмэгдсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж байгаа нь сайшаалтай. Гэвч уул уурхайн хайгуул, хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтээс үүдсэн агаар, хөрс, усны бохирдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах болон бусад эрхэд сөргөөр нөлөөлөх болсон нь харамсалтай. Үнэндээ уул уурхай эрчимжиж байгаа орон нутгуудад байгаль орчин хэрхэн сүйдэж, нутгийн иргэдийн эрх яаж зөрчигдөж байгааг бид олонтаа сонсч, ярьж, бичсээр байна. Гэвч төрийн оновчтой, цэгцтэй бодлого үгүйгээс өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа нь харамсалтай.
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 0.4 ХУВЬ НЬ АШИГЛАЛТЫН, 14.2 ХУВЬ НЬ ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
(Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн хоёр дахь заалт)
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
(Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванесдүгээр зүйлийн нэг дэх заалт)
Арвин их нөөц баялаг бүхий олон ордууд дундаас дэлхий нийтийн анхаарлыг татаж, хорхойг хүргэн буй Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой болон бусад ашигт малтмалын ордууд эдийн засгийн эргэлтэд орсноор Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засаг, нийгмийн хөгжил хурдасч, хүн амын орлого нэмэгдэж байна. Тэр дундаа нүүрсний геологийн таамаг нөөц одоогоор 163.2 тэрбум тонн гэж байгаа ч цаашид өсөх магадлалтай нь тогтоогдож, нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10 орны тоонд багтах болсон.
Монгол Улсын экспортоор гаргаж буй бүтээгдхүүний 87.7 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаагийн 41.63 хувийг нүүрс эзэлж байна. 2010 онд 25.296 мянган тонн нүүрс олборлон 18.241 мянган тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 496.2 тэрбум төгрөг оруулжээ. Энэ мөнгө улсын эдийн засагт нэмэр болж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас байгаль экологи, хүний эрүүл мэнд, ахуй амьдралд мөнгөөр хэмжигдэхгүй хор хохирол учирсаар байна.
Гэтэл Монгол Улсын хэмжээнд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны тухай, Усны тухай, Агаарын тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай зэрэг нийт 30 гаруй хуулиар зохицуулж байгаа ч амьдрал дээр хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь ховор.
Улсын Их Хурлаас Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог.
2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.4 хувийг ашиглалтын, 14.2 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэлж байна. Үүнийг задалж үзвэл 23.0 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 3765 тусгай зөвшөөрөл, үүнээс 682.8 мянган га талбай бүхий 1195 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 22.3 сая га талбай бүхий 2 570 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна.
ХҮН, МАЛ АМЬДРАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛСНООС МАЛЧИД НУТГААСАА НҮҮЖ БАЙНА
Экологийн эмзэг орчинтой нягт холбоотой газрын хэвлийн баялгийг хүрээлэн буй байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөрөг нөлөөгүй, зохистойгоор ашиглах ёстой. Гэтэл Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 оны есдүгээр сард Өмнөговь аймагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй “Энержи ресурс” ХХК, төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК, “Таван толгой” ХК, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзсан уулзалтаар 100 хүртэлх тонн бүхий хүнд даацын тээврийн хэрэгслийн явах тоо ихэссэнээр тоосжилт эрс нэмэгдэж, амьжиргааны эх үүсвэр болсон малын бэлчээр талхлагдан амьдрах орчин, нөхцөлгүй болж төрсөн нутгаасаа нүүхээс өөр аргагүйд хүрснээ хэлж байв.
Баримт
“Тоосжилт асар их байна, Газрын хөрс эвдэрч байна. Ургамал ургахаа больж, бэлчээргүй болчихвол малчид бид яаж амьдрах юм. Малын бэлчээр хорогдож, малчид малаа маллах сонирхолгүй болсон. Орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа огт явагдахгүй байна. Компанийн эрх ашгийн төлөө л явж байна. Мал уух усгүй болсон, машины тоосноос болж ногоо ургахаа больсон. Эрүүл мэнд муудаж байна. Ундны ус хатуулаг ихтэй учир элэг цөс, дотор эрхтэн муудсан. Хүнд даацын машин их явдгаас тоосжилт ихэссэн.”
Манлай сумын иргэд.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Энержи ресурс”, Ханбогд суманд “Оюу толгой”, Гурван тэс суманд “МАК”, “Чинхуа-МАК”, “Өмнийн говийн элс” компани нь авто замаар нүүрс тээвэрлэж байна. Үүнээс ганц “Энержи ресурс” компани 240 км үргэлжлэх хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийж байна. Энэ замаар зөвхөн гэрээ хийж төлбөр төлсөн машин явж байгаагаас агаарын бохирдолт, тоосжилт буурахгүй байгаа юм.
Нүүрс тээвэрлэлттэй холбоотой олон салаа зам гарснаар малын бэлчээр сүйтгэгдэж, тоосжилт их байгаагаас урдах машин харагдахгүй осол аваар их гардаг. Үүний бас нэг голлох шалтгаан нь жолооч нарын архидалт юм. Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын мэдээллээр зөвхөн Ханбогд, Цогтцэций сумын нутгаар дайран өнгөрдөг нүүрс тээвэрлэлтийн замд хагас жилдээ 28 зам тээврийн осол гарсны улмаас 13 хүн амь насаа алджээ.
Харин нүүрс тээвэрлэлтийн сүүлчийн цэг болох Ханбогд сумын нутагт орших Цагаан хад сууринд газар тэнгэр нийлсэн хар, саарал тоосон дунд амьдрагсдын эрүүл мэнд, аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Энд амьдардаг ямар ч оршин суух харьяалалгүй 10 гаруй иргэд хэдийгээр ажлын байр, тогтмол орлоготой болсон ч амьдарч буй газраа өмчилж аваагүй, ундны усны чанар, хүрэлцээ муугаас ходоод гэдэсний өвчин нэмэгдэж, тоосжилт ихтэйгээс амьсгалын замын өвчин эрс өсч байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
ЦАГААН ХАД СУУРИНД БИЕЭ ҮНЭЛЭЛТ, БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ГАЗАР АВЧЭЭ
Цагаан хад суурин нь Гашуун сухайтын шалган нэвтрүүлэх боомтоос 35 километрийн зайд нүүрс ачих, буулгах дамжлага бааз нэртэйгээр анх байгуулагдсан. Гэвч засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтад ороогүйгээс төрийн хууль, тогтоомж огт үйлчилдэггүй газар болжээ.
Ямар ч эмх замбараагүй шавааралдан байрласан гэрүүдэд хүн амьдрах эрүүл ахуйн наад захын орчин нөхцөл бүрдээгүй. Энд нийтийн бие засах газар байхгүйгээс хүмүүс хаа дуртай газраа бие засна. Мөн олноор суурьшсан хятад иргэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоолон гэр болон гэр буудлын үйлчилгээ үзүүлдэг.
Хамгийн харамсалтай нь энд бага насны охид болон залуу бүсгүйчүүд биеэ үнэлэх явдал хэвийн үзэгдэл болж, бэлгийн замын халдварт өвчин газар авсан байна. Бэлгийн замын халдварт өвчин (тэмбүү, заг хүйтэн, трихмонад) 2011 онд Ханбогд суманд 44, Цогтцэций суманд долоо, Гурван тэс суманд 176 тохиолдол бүртгэгджээ.
Гашуун сухайтын боомтоор хилээр нэвтрэхээр хүлээж буй машинуудын тоо өдөрт дунджаар 120-130-д хүрдэг. Тэдгээр машинуудын жолооч нар хил хаасан үед тус суурингийн гэрүүдээр хооллож, хонодог байна. Нүүрс тээвэрлэдэг хүнд даацын авто машины тусгай зогсоолгүйгээс тэд дуртай газраа машинаа тавьдаг. Энд архидалт их байдгаас шөнө оройн цагаар согтуу жолооч нар иргэдийн гэр, орон сууцыг дайрах, эрүүл мэнд, амь насыг нь хохироох явдал гардаг байна. Хууль дүрэм зөрчсөн, олныг хамарсан үймээн самуун болоход зохицуулах хүчний байгууллага энд байдаггүй нь хүн бүрийг дураараа аашлах, дуртайгаа хийх боломжийг бүрдүүлжээ. Ханбогд сумын төвөөс татварын байцаагч нар ирж үйлчилгээний хураамж авахаас өөр ямар нэг төрийн үйлчилгээ байдаггүй нь аймшигтай.
Мөн ундны болон хэрэглээний усны худаг байхгүйгээс Ханбогд сумын төв болон Гашуун сухайтын боомтоос ундны усаа татаж нэг литрийг нь 30 төгрөгөөр зардаг болжээ. Гэвч хэрэглэж буй усны чанар муугаас гэдэсний өвчин ихсэх, биеийн арьс хуурайших, тууралт гарах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын иргэд тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын өвчин, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд ихээр нэмэгджээ. Хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчлөл Хан богдод 2010 онд 92, 2011 онд 175, Цогтцэцийд 2010 онд 157, 2011 онд 486 тохиолдол бүртгэгдсэн байна.
НИЙТ ЖОЛООЧ НАРЫН 80 ОРЧИМ ХУВЬ БУЮУ 4041 НЬ ХЯТАД УЛСЫН ИРГЭД БАЙНА
Баримт
“Гадаадын компаниуд өөрсдийн жолоочтойгоо орж ирдэг. Тэр нь дандаа хятад жолооч нар. Монголчуудыг оруулахгүй. Хятад ажилчдын визний хугацаа нь дуусчихсан, Монгол жолооч нар 1100 юаний цалинтай байхад хятадууд 2000 юань авдаг. Нүүрсний ам руу орно, бүгд хятад иргэд байдаг. Монголчууд цөөхөн шүү. Би ч гэсэн хятад компанийн тэрэг барьж байна. Монгол компани нь цалин багатай, нийгмийн даатгал, орлогын албан татвар суутгаад авчихна. Хятад компанид 1200 юань авна.”
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Таван толгой” ХК-ийн жолооч.
Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомтын хийсэн судалгаагаар нүүрс тээвэрлэн хил нэвтэрч байгаа 66 аж ахуйн нэгжийн 6122 хүнд даацын тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс, том тэрэг барих монгол жолооч зохих хэмжээнд бэлтгэгдээгүй гэсэн шалтгаанаар нийт жолооч нарын 80 орчим хувь буюу 4041 нь Хятад иргэд байна.
Жолооч нарын амьдрах, ажиллах нөхцөл маш хүнд байгаа нь үзэх, шалгах шаардлагагүй хэний ч нүдэнд ил харагдана. Гадаадын иргэдийн ажил хийх зөвшөөрөл, бүртгэлд тавих хяналт алга. Монгол, хятад жолооч нарын харьцаанд бие биеэ үл хүндэтгэх, заримдаа үзэн ядах хандлага гардаг болсны улмаас эмх замбараагүй байдал ч үүсч болзошгүй болжээ. Эмх замбараагүй байдал үүссэн үед зохицуулах төрийн механизм (цагдаа, хүчний байгууллага) байхгүй байгаа нь сэтгэл түгшээж байна.
Энэ мэтчилэн уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлуудыг төр засаг болон холбогдох байгууллагууд газар дээр нь шийдвэрлүүлэх, дорвитой ажил хийхгүй бол нутгийн иргэд нь шилжиж, араатан амьтан нь дайжиж, говь нутаг минь эзгүйрч, ухсан нүх, балгас болон үлдэх аюул ойрхон байна. Хүнээс үнэтэй баялаг, байгалиас үнэтэй мөнгө гэж үгүй. Төр нь иргэнийхээ өмнө хүлээсэн хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэх цаг болсныг энэ бүх баримт харуулж байна.