Б.УРАН
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тавьсан саналын дагуу “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх” төслийн зүгээс 298 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг орон нутагт нийлүүллээ. Тодруулбал, “CISCO” брэндийн зайн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжийг төсөлд хамрагдсан Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгууд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, түүний харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд суурилууллаа.
Энэ төхөөрөмжийг ашигласнаар орон нутагт явахгүйгээр төвөөс хурал, сургалт семинар зохион байгуулж зардал хэмнэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй орон нутгийн мэргэжилтнүүдийг байнгын мэдээ, мэдээлэл, арга зүйгээр хангахад нь дэмжлэг үзүүлэх, зайны сургалтын тогтолцоог бүрдүүлэх, байгалийн гамшиг, гэнэтийн тохиолдолд цаг алдалгүй орон нутагтай холбогдох, нэвтрүүлэх үйлчилгээг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.