Б.СОЛОНГО
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр “Алтандорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Болд Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны талаар сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын шинэ хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг унагах талаар та ярилаа. Энэ тухай тайлбарлахгүй юу?
-Шинэ хуулийн төсөл нь ард түмэндээ байгалийн баялгаа эрх тэгш хуваарилах зорилгыг агуулсан нь харагдаж байна. Гэхдээ манай өнөөдрийн санхүүгийн хүч чадавхи, эдийн засгийн тогтолцоо гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цаашаа явах боломжгүй байгаа юм. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт байх ёстой юу, үгүй юу гэж асуухаар хүн бүр байх ёстой гэж хариулж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт татах орчинг нь оновчгүй хууль, тогтворгүй бодлогоор боомилох гээд байх юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засгийг өнгөрсөн 3-4 жилд 10 их наяд төгрөгөөр өсгөсөн. Сангийн яам 2013 оны төсвийг 18 их наяд төгрөгөөр төсөөлсөн. Гэтэл сүүлийн дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулалт 13 их наяд төгрөгт хүрсэн байна. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт байгаагүй бол бид 2008, 2009 оны эдийн засгийн төвшинд буюу 7-8 их наяд төгрөгтэй л сууж байх байсан. Засгийн газар олон улсаас мөнгө босгохын тулд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Энэ мөнгөөр уул уурхайгаа дэмжих бодлого нь ч бий. Гэтэл уул уурхайн салбар нь гадаадаас мөнгө босгох боломжгүй болчихлоо. Яагаад гэхээр одоо яригдаж байгаа шинэ хуулийн сургаар манай компаниудын хувьцаа олон улсад 60-70 хувийн уналттай байна. Манай хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид маш их мөнгө алдчихсан учраас болгоомжилж байна. Тэд “шатчихсан” учраас дахин манай улсад хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулахаас татгалзаж байна. Гэтэл ашигт малтмалыг олборлохоос өмнө хийгддэг хамгийн гол үе шат буюу эрэл, хайгуулын ажиллагаа хамгийн эрсдэлтэй. Энэ үед мөнгө олохын тулд хувьцаа зарахаас аргагүй. Банкууд маш найдвартай эргэн төлөгдөх баталгаатай зүйлд л зээл өгдөг. Тиймээс хувьцаа зарахаас өөр боломжгүй. Гэтэл өмнө нь зарсан хувьцааны үнэ 60-70 хувийн уналттай байхад нөгөө хөрөнгө оруулагчид мөнгөө нэмж гаргахаас айх нь аргагүй шүү дээ.
-Шинэ хуулийн яг ямар заалт нь гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох болчихоод байгаа юм бэ?
-Хэлэлцүүлж байгаа хуулийн талаар бусад хүмүүс нарийн ярих биз. Ганцхан зүйлийг хэлэхэд өнөөдөр хайгуулын үе шатанд гурван сая ам.доллар зарцуулагдаж байна. Энэ мөнгийг би хаанаас олох вэ. Хувьцааны зах зээлд хандахаас аргагүй. Гэтэл монгол хүн 75 хувийг эзэмшинэ, эсвэл 50 хувийг эзэмшинэ гээд заачихаар мөнгө босгох боломж шууд хаагдана биз дээ. Монгол Улсад ердөө 30 аж ахуйн нэгж 50 тэрбум ам.доллараас илүү орлого хийж байна. Энэ хэдэн олигархиудад боломж өгөх гэж байгаа юм уу. Дээрээс нь орон нутагт эрх мэдэл өгнө гэнэ. Авлигын сүлжээгээ улам тэлэх эрсдэлтэй юм биш үү. Эсвэл сум, баг болгонд Авлигатай тэмцэх газрын салбарыг нээх юм уу. Асуудлаа зөв талаас нь яримаар байх юм.
-Уул уурхайн салбарт өрнөж байгаа энэ үйл явдлууд “Чингис” бондын хүүнд сөргөөр нөлөөлөх талаар та илтгэлдээ дурдсан?
-Монгол Улс олон улсаас хөрөнгө татах үүднээс өрийн бичиг гаргасан. Энэ бол бид ирээдүйгээсээ зээлж байгаа өр. Энэ зээлийн хүүгийн төвшин бидний өнөөдрийн ямар тогтвортой бодлого явуулахаас шууд хамаарч байна. Нийт гаргах бонд нь таван тэрбум ам.доллар. Үүнээс 1.5 тэрбумыг нь гаргачихсан. Үлдсэн 3.5 тэрбум долларын бондыг ямар хүүтэйгээр гаргах вэ.Одоо бол өмнөх шиг 5.025 хүүтэй гаргах боломжгүй болсон. Үлдэгдэл мөнгөө босгохын тулд зургаан хувийн хүү биднийг хүлээж байна. Цаашид улам тогтворгүй бодлого явуулаад байвал хүүгийн хэмжээ долоо, бүр найм ч болж магадгүй. Хэрэв ийм өндөр хүүтэй бонд гаргахгүй гэвэл хөрөнгө оруулалт зогсоно. Бид өөрсдөө мөнгө босгох гээд хөрөнгө оруулагчдад бичсэн тайлбартаа 2018 онд Оюутолгойгоос ийм юм олно. 2017 онд Тавантолгойгоос тийм юм олно гэж бичсэн. Гэтэл үүнийгээ биелүүлэхгүй эсрэг зүйл хийгээд байвал бонд эргэж төлөгдөхгүй, ирээдүйд асар том дарамт үлдэнэ. Тиймээс хаа хаанаа сайтар хэлэлцэж, боловсруулж байгаа хуулиа олон талаас нь ярих хэрэгтэй. Бид гадаадын хөрөнгө оруулалтаар бондын хөрөнгийг босгож байна, хайгуулын зардлыг хийж байна. Дээрээс нь Оюутолгой, Тавантолгойг явуулах хэрэгтэй байна. Энэ мэтчилэн олон асуудал байхад үндсэрхэг үзлээ түр зууртаа орхимоор санагдах юм. Ямар нэг жилийн дотор ухаад явчих гээд байгаа биш. Тодорхой үе шаттайгаар, тэвчээртэйгээр, зах зээлийнх нь жамаар баялгаа нэмэгдүүлэх боломж бүрэн байна.