“Эрдэнэс Тавантолгой” компани одоогийн байдлаар дотоод, гадаадын банк, аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй сая ам.долларын өртэй байна. Тус компанид тулгарсан энэхүү хүндрэлт байдлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тус компанийн удирдлагад менежментээ сайжруулах, өртөг зардлаа бууруулах болон Хятадын талтай гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тохирох зэрэгт чиглэл өгөхийн зэрэгцээ тулгамдаад буй санхүүгийн асуудлыг оновчтой эх үүсвэрээс санхүүжүүлэхээр судалж байгаа аж. Энэ асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр болжээ. Өнгөрсөн онд нүүрсний зах зээлийн үнэ 30 шахам хувиар буурсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК алдагдалтай ажиллахад хүргэсэн байна. Өнөөдөр тус компанийн нэг тонн нүүрсний тээвэрлэлтийн зардал орсон өртөг нь 58 ам.доллар болж байхад, гэрээний дагуу 53.6 ам.доллараар нүүрс нийлүүлэх болж байгаа нь тонн тутамд 4.4 ам.долларын алдагдал хүлээх болоод байгаа юм.