Б.СОЛОНГО
“Байр авах тухай мөрөөдөх хэрэггүй болжээ. Газар хөдлөхөд л нураад уначих умгар өрөөний оронд өөрийн гэсэн газар дээрээ тааваараа амьдарсан нь дээр юм байна”. Саяхан нэгэн танил минь ингэж ярив. Сүүлийн үед хүмүүсийн амнаас сонсогдох болсон энэ үг хоосон яриа биш. Жирийн иргэн бүх насаараа мөнгөө цуглуулж байж авах өндөр өртөгтэй, чамин ганган уриа лоозонтой орон сууцнууд эхнээсээ чанарын шаардлага хангаагүй нь илэрч байна. Хэдхэн өдрийн бороонд хана, тааз нь нэвт норж, шавар шохой нь хуурч унасаар. Ийм байранд хамаг мөнгөө хийчихээд, насаараа өндөр хүүтэй зээл төлж амьдрах хүсэл байна гэж үү. Жилээс жилд зээлийн хүү нь өсч, талбайн ханш нь хэд дахин нэмэгдсээр байгаа орон сууцны талаар бодох ч хэрэггүй болсныг иргэд ойлгож эхэллээ. Засгийн газраас 100 мянган айлыг орон сууцжуулах нэрийн дор бага буюу зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажил сонгуулийн өмнөх шоу төдий байсныг үр дүн нь харуулж байна. Өнгөрсөн хугацаанд 1808 харилцагч хүсэлт гаргасан гэж Төрийн банкнаас мэдээлсэн байна. Эдгээрээс ердөө 270 гаруй хүнд хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргажээ. 100 мянган айлын орон сууц гэсэн сүржин тоотой нэрэндээ огтхон ч тохироогүй үр дүн байгаа биз. Анх удаа орон сууц авч байгаа, зээлдэгчийн сард төлөх төлбөр нь тухайн өрхийн нэг сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй зэрэг шалгуурууд иргэдийг мохоосон нь үнэн. Дээхэн үед аав, ээж нь байр авч байсан бол анх удаа орон сууц авч байгаа гэдэг шалгуурыг хангахгүй гэсэн үг. Бодит амьдралд нийцэхгүй шалгуур, зааг тавьж байгаа нь иргэдийн идэвхийг бууруулав. “Төрийн банк өөрөө эрсдэлээ дааж байгаа учир зээлдэгчдэд өндөр шаардлага тавьж байгаа” гэж Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Наранбат ярьсан байна. Учир нь Хөгжлийн банкнаас Төрийн банкинд шилжүүлэх ёстой 50 тэрбум төгрөгөөс 20 тэрбумыг шилжүүлж, үлдсэн санхүүжилт нь шинэ Засгийн газрыг хүлээн саатсан талаар тэрээр хэлжээ. Ийм учраас Төрийн банк өөрөө эрсдэлээ дааж 34 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна. Харин одоогоор энэ мөнгөний арван хувийг л бодитоор зарцуулаад байгаа аж. Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Л.Болормаа 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн гэж ярилцлагадаа дурджээ. Хаана, хаанаа зөрүү мэдээлэлтэй, уялдаа холбоо муутай төрийн байгууллагынхны байдаг л нэг жишээ. Ямар боловч шинэ Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилтийг бүрэн шийдтэл зургаан хувийн зээлийн үр дүнг дүгнэх аргагүй бололтой.