Б.УРАН

Монголын үйлд­вэрчний эвлэлийн хол­бооноос хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ хан­шид хийсэн судалгааг өчиг­дөр танилцууллаа. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хийсэн су­далгаа аж. Тэд үнийн өсөлтийг огт үндэслэлгүй гэж үзэж байгаагаа хэлээд “галзуурсан үнэ ханш” гэж тодорхойллоо. Өөрөөр хэлбэл, судалгаагаар өр­гөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 3-45 хувиар нэмэгдсэн дүн гарчээ. Тодруулбал, өн­гөрсөн нэг сарын ху­гацаанд дотоодын гурил гурван хувь, орос гурил 12 хувь, хонины цул мах та­ван хувь, үхрийн цул мах 15 хувь, шар будаа 12 хувь, төмс, хүнсний ногоо 5-45 хувийн нэмэгдэлтэй байгааг тус байгууллагын мэргэжилтнүүд тогтоосон гэв. Хэрэв цаашид ша­тахуун, гол нэрийн ба­рааны үнэ ийнхүү өссөөр байвал  хөдөлмөр нийг­мийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт заасанч­лан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөхөөс ар­гагүй гэж МҮЭХ-ныхон мэдэгдэж байна. Тиймээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх  шаард­лагыг Засгийн газарт хүр­гүүлэх болсноо мэдэгдлээ. Мөн манай улсын хө­дөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг байгаа ч зарим салбарт энэ хэмжээг нэмэгдүүлээд байгаа гэнэ. Тухайблбал, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 224640 төгрөг, барилгын салбарт 182520 төгрөг, эрүүл мэндийн салбарт 182520 төгрөг, автотээврийн салбарт 210600 төгрөг болон тогтжээ. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх нь зүйтэй гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.