Б.УРАН
Сар бүр үнэ нь нэмэгдэж байгаа нефтийн бүтээгдэхүүний учрыг олохоор Уул уурхайн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Оросыг зориод ирсэн билээ. Тэд хойд хөршийн Эрчим хүчний яам, Гадаад хэргийн яам, Роснефть компанийн удирдлагатай уулзсан байна. ОХУ-ын Засгийн газар сүүлийн дөрвөн сар экспортын татвараа бууруулсан хэрнээ манай улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнийг байнга нэмж байгаа. Бүр тодруулбал, ОХУ-ын Төв банкны статистик мэдээлэлд үндэслэн хийсэн судалгаагаар ОХУ-аас бусад орнуудад нийлүүлж буй үнээс Роснефть компанийн Монголд нийлүүлж буй үнэ дунджаар 300 ам.доллараар өндөр байгаа. Тиймээс тэд дараах саналыг Оросын талд тавьжээ. Нэгдүгээрт Роснефть компанийн бүтээгдэхүүний үнэ экспортын татвар болон дэлхийн зах зээлийн үнэтэй уялдахгүй байгаагийн учрыг тодруулах. Хоёрдугаарт газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, уг гэрээнд үнийг зургаан сарын хугацаанд тогтвортой байлгах, санхүүгийн хэрэгсэл ашигласан гэрээ байгуулах. Гуравдугаарт боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбоотойгоор хоёр сая тонн газрын тос нийлүүлэх боломжтой эсэхийг тодруулжээ. Оросын тал манайхаас тавьсан саналыг хүлээн авч шатахууны үнийг эргэн харах, асуудлыг судалж хариу хэлэхээ илэрхийлжээ. Манай улс өнөөдрийн байдлаар автобензиний 62 хоногийн нөөцтэй байгаа аж.