Б.СОЛОНГО
Хятадын компанид лицензийнхээ дийлэнх хэсгийг худалдах гэрээ байгуулсан “Саусгоби Ресорсез” компани Засгийн газарт мэдэгдэл хүргүүлжээ. Тэд Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзсэн байна. “Чалко” хувьцааг нь худалдаж авах санал тавьсны дараа УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталж, Ашигт малтмалын газраас тус компанийн Овооттолгой дахь олборлолтыг зогсоосон юм. Энэ явдал нь Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Саусгоби Ресорсез”-ын хувьцааг унагасан тул хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал энэхүү маргааныг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Хэрэв маргааныг шийдэж чадахгүйд хүрвэл олон улсын арбитрын шүүхэд хандана гэж тус компанийн удирдлагууд мэдэгджээ.
Монгол Улсын Засгийн газар ийнхүү олон улсын арбитрын шүүхэд ээлжит удаагаа дуудагдах боллоо. Ээлжит удаагаа гэдгийг тодруулахын тулд өмнө болсон явдлыг товч сийрүүлье.
2009 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтандорнод Монгол” болон “Востокнефтегаз” компани Монгол Улс зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг ялгаварлан гадуурхах хэлбэрээр хэрэгжүүлж, татвар хураамжаар дарамтлах замаар хөрөнгө оруулалтад саад хийн, их хэмжээгээр хохироож Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөрчсөн гэсэн үндэслэлээр арбитрын шүүхэд хандсан юм. Тэд Монгол Улсаас нэг тэрбум ам.доллар нэхэмжилсэн. Харин олон улсын шүүхээс энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэнээр Монголын Засгийн газар ялалт байгуулсан билээ.
Мөн онд Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани 200 сая ам.доллар нэхэмжилж, арбитрын шүүхэд хандсан. Цөмийн энергийн газар Дорнод Ураны ордод тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь хураан авч, эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авсан нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн үндэслэлээр ийнхүү зарга үүсгэсэн юм. Харин энэ нэхэмжлэлийг арбитрын шүүхээр хараахан эцэслэн шийдээгүй байгаа. Ирэх онд тодорхой шийдвэр гарах тухай албаныхан мэдээлж байв. “Хан ресурс” компани нь лиценз авснаасаа хойш 10 гаруй жил огт үйл ажиллагаа явуулаагүй. Хуулиараа ашиглалтын лиценз авснаас хойш гурван жилийн дотор үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн тус компани Монголын үндсэн томоохон орд дээр хувьцаа гаргаад олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан. Монгол Улсын хуульд зааснаар дээрх үйл ажиллагааг явуулахдаа Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцааны арваас доошгүй хувийг борлуулах ёстой. Тус компани үүнийг зөрчсөн. Тиймээс манай тал ялах бүрэн боломжтой” гэж Цөмийн энергийн газраас мэдээлж байсан удаатай.
Монгол Улсад лиценз эзэмшдэг хоёр ч том компани ийнхүү арбитрын шүүхэд гомдол гаргаад авсан юм. Харин “Саусгоби ресорсез” ээлжит нэхэмжлэгч болж магадгүй байна. Хэрэв Засгийн газраас “Чалко”, “Айвенхоу майнз” нарын худалдааг үл зөвшөөрч, хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэхгүй, олборлолтыг хориглосон хэвээр байвал тэд олон улсын шүүхэд хандахаас өөр аргагүй гэлээ. Тэдний хэлж байгаагаар хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Монголын Засгийн газартай хамтран шийдэх бүх арга мухардалд орсон гэнэ. “Саусгоби Ресорсез” Ашигт малтмалын газрыг 2011 онд Заг сүүж, Сүмбэрийн ордод хайгуулын лиценз олгохоор байгуулсан уул уурхайн ашиглалтын өмнөх гэрээг зөрчсөн гэж буруутгасан байна. Тэд Засгийн газарт илгээсэн мэдэгдэлдээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хоёр тал аливаа маргааныг мэдэгдэл гаргаснаас хойш зургаан сарын дотор хэлэлцэн, шийдвэрлэх тухай заасныг ч сануулжээ. Тэгэхээр зургаан сарын дараа маргаан шийдэгдэхгүй бол Засгийн газар арбитрын шүүхэд дуудагдах юм байна.
Дашрамд дурдахад “Саусгоби ресорсез”-ийн охин компани “Саусгоби сэндс” нь 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Өдгөө 600-700 сая тонн нүүрсний нөөцтэй Овооттолгой, Цагаантолгой, Сүмбэр билүүт гэх гурван том ордыг эзэмшдэг. Хятадын төрийн өмчит “Чалко” компани тус компанийн хувьцааны 71 хүртэлх хувийг худалдаж авах гэрээ байгуулсан. Мөн “Саусгоби Ресорсез”-ийн өөр нэг томоохон хувьцаа эзэмшигч нь Хятадын хөрөнгө оруулагч сан “CIC” бөгөөд хувьцааных нь 13.8 хувийг эзэмшдэг ажээ.