Д.ОЮУНЧИМЭГ
Сар шинийн бэлтгэл ажил эхэлж айл бүр бууз, баншаа хийх энэ үеэр махны эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Гэсэн хэдий ч зах зээлийн үнээр борлуулагдах махны үнэ харьцангуй өндөр. Тиймээс ийслэлийн дүүргүүдэд нөөцийн махыг тодорхой цэгүүдээр худалдаалж эхэлжээ.
НӨӨЦИЙН МАХНЫ ВАУЧЕР НЭВТРҮҮЛНЭ
Энэ жил улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцлөхөөр болсон. Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд “Жаст Агро” компани 76.1 тэрбум төгрөг, “Батро Тэнгэр”, “Эрдмийт” компани тус бүр 5.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Нөөцийн махны менежер буюу “Жаст Агро” компани одоогоор 9100 тонн мах бэлтгэжээ. Нөөцийн махны нийлүүлэлтийг гуравдугаар сарын 15-наас хийж эхлэх байсан боловч “Цагаан сар” болж байгаатай холбоотойгоор энэ сарын 17-ноос “Хүчит шонхор” зах, “Хархорин”, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, Оргил худалдааны төвөөр бөөнөөр худалдаалж байгаа бол жижиглэнгээр 10 гаруй цэгт үйлчилж байгаа аж. Энэ удаад жижиглэж савласан махны хувьд үхрийн мах 5900, хониных 5700, ямааных 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл махыг үхрийн мах 5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байна. Ченжүүдээс авдаг үнээс хямд байж чадахгүй байгаа нь иргэдийг бухимдуулдаг. Харин үнийг хэрхэн тогтоосон талаар “Жаст Агро” компанийн захирал Ш.Батхишиг “Бид нөөцийн махны 60-70 хувийг малчдаас шууд авч чадсан. Харин үлдсэнийг нь ченжээс авахаас аргагүй байлаа. Энэ удаад мах бэлтгэлийг оройтсон. Мөн бид махны үнэд ашиг шингээгээгүй. Харин үйл ажиллагааны зардал орсон. Одоо зарагдаж байгаа махны тухайд үнийг яамнаас тогтоосон” гэв. Малчдаас өндөр үнэтэй авч байгаа нь махны үнэд нөлөөлдөг байсан бол энэ удаад цаг оройтсон нь нөлөөлжээ.
Энэ жилийн нөөцийн махны борлуулалтад “нөөцийн махны ваучер” буюу эрхийн бичиг гэсэн шинэ хэлбэр нэвтрүүлэх гэнэ. Энэ нь нөөцийн махыг зорилтод бүлэгт хүргэхээр төлөвлөж буй ажил аж. Иргэд энэхүү ваучер буюу мах худалдан авах эрхийн бичгээр тогтоосон дэлгүүрүүдээс нөөцийн махыг худалдан авах эрхтэй болно. Ингэснээр нөөцийн махыг ченжүүд болон гуанз ресторанд очих биш зорилтот зах зээлдээ хүрч буй эсэхийг хянах боломжтой аж. Тус компани 7500 тонн агуулах зоорьтой бөгөөд энэ удаагийн нөөцийн махны зургаан мянган тонныг агуулах юм байна. Үлдсэнийг нь ханган нийлүүлэгч есөн компанийн агуулахаар хадгалах аж.
ХОРОО БҮРТ ЦЭГ ГАРГАН НӨӨЦИЙН МАХЫГ БОРЛУУЛНА
“АСА” циркэд худалдаалагдаж буй нөөцийн махны үнэ хямд байж чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байлаа. Баянгол дүүргийн иргэн Н.Цээпил “Нөөцийн махны чанар муу, гар дээр зарагдаж байгаа махтай адил үнэтэй байна. Сар шинэ болж байгаа болохоор ядаж буузны махаа авчих санаатай ирсэн юм. Сэтгэлд таарах мах ч алга. Ер нь төрөөс зөндөө л мөнгө авах юм. Тэгээд иргэдэд хүрч үйлчлэхгүй байна” гэв. Баянзүрх дүүрэгт нөөцийн мах 26-наас худалдаанд гарсан байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй худалдах болон махны чанарт хяналт тавин ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон. Харин ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн хороо бүр дээр мах борлуулах цэгийг ажиллуулж ваучераар худалдана” гэсэн юм. Энэ мэтчилэн нийт 320 гаруй цэгээр иргэдэд түгээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо “Нөөцийн мах гаргана гэдэг зөв бодлого биш. Үүгээрээ нийт иргэдээ дэмжих биш харин ч хорлож байна. Цаашид ийм бодлого баримтлахгүй байх хэрэгтэй. Зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй, хэл ам дагуулдаг, аж ахуйн нэгждээ алдагдалтай байдаг гээд бэрхшээл их бий” гэсэн юм. Нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой айл Монголд тоотой хэдхэн байдаг болов уу. Тиймээс нийслэлийн иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Хүнсний захуудад борлуулж буй махнаас даруй хоёр дахин хямд үнэтэй нөөцийн махыг авч хэрэглэх айл өрхийн тоо ч олон хэвээр. Гэвч энэ удаад 200-500 төгрөгийн зөрүүтэй байгаа нь иргэдийг бухимдуулсаар. Харин үүнийг нөөцийн мах бэлтгэгчид үнийг бууруулахад чиглээгүй, хомсдолгүй байхад чиглэсэн гэдгээр хаацайлсан юм. Тиймээс нөөцийн махны үнэ хямд байх ёстой гэдэг ойлголтоос салах хэрэгтэйг ч албаныхан сануулж байлаа.