Бэлтгэсэн
Э.УРАН
Цул гэхээр алт л санаанд орж магадгүй. Гэтэл олон төрлийн металлууд түүний тоонд бидний хувьд ердийн болсон төмөр, зэс ч цулаараа байдаг аж. Цул төмөр олдох нь цул алт олдохоос маш ховор тохиолддог. Хэдэн мянган жилийн турш байгалийн цул металлтай танил боловч тэдний гарал үүслийн талаар нэгдсэн ойлголт мэргэжилтнүүдэд байхгүй. “Цул” гэсэн ойлголт ч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт биш. Зарим оронд нэг граммаас дээш жинтэй металлыг цул гэж тооцдог байна.
АЛТАН ЦУЛ
Цул металлууд дундаас хамгийн үнэтэй нь алт юм. Антарктидаас бусад тивүүдэд цул алт олддог. Тэднээс хамгийн алдартай нь Австралийн “Холтерманы хавтангууд” гэх кварцын булуудад 90 кг хүртэл цул алт хадгалагдаж байсан тохиолдлууд юм. Цул алт нь олон төрлийн хольц агуулдаг. Тэр нь ердийнхөөр зэс, мөнгө, төмөр ба мөнгөн ус. Хольцын найрлага ба орцоос хамааран цул алтны өнгө нь хурц шараас улаавтар ба ногоовтор байх жишээтэй.
Алтан цулууд нь үндсэн ба шороон ордуудаас олдоно. Шороон ордод цул алт нь өнхөрч, хэлбэр нь засагдаж, бөөрөнхий хэлбэртэй болсон байдаг. Үндсэн ордуудаас алтны цугларч бүрэлдсэн хоосон орон зайн хэлбэрээ давтсан хамгийн сонин хэлбэртэй цулууд олддог байна. Чулуулгийн хоосон орон зайг дүүргэхдээ олсон хэлбэр нь хамгаас ихээр дендрит буюу хавтгай эсвэл үзүүр салаалсан янз бүрийн хэлбэрийн үрийн дүрстэй. Хамгийн том цулуудад тусгайлан нэр өгдөг. Хамгийн том цул алт нь 1842 онд Оросын Өмнөд Уралаас олдсон “Их гурвалжин” ба түүний жин нь 36,2 кг байжээ. Оросын Алмазын санд нь ер бусын цулууд хадгалагдаж байдагаас дурьдвал:
Хамгийн жижиг нь “Мефистофель” (20,25 гр) ба “Туулайн чих” (3,34 кг), “Тэмээ (9,29 кг) зэрэг болно. Цул алт нь ердийнхөөр хайрс, хальс, үрэл, утас зэргийн хэлбэртэй хэдхэн граммын жинтэй байдаг гэнэ.
Ихэнх геологчид ба геохимичид цул алтыг янз бүрийн замаар бүрэлддэг гэж үзэх ба халуун уснаас ч биш газар доорх эсгэлүүн уснаар алтны хүдэр угаагдан цугларч цул алт үүснэ гэж тэд тайлбарладаг. Сүүлийн үед эрдэмтэд алт цугларахад нянгийн болон усны бичил ургамалуудын үүргийн талаар их ярих болжээ. Тэд хлоридын уусмалаас алтыг ялгаруулан өөрсдийн эс, хуяг цуглуулдаг гэх.
МӨНГӨН ЦУЛ
Алтны мөнхийн өрсөлдөгч нь мөнгө ба зарим үед алтнаас илүүтэй үнэлэгдэж иржээ. Мөнгө дэлхийн хөрсөнд алтнаас их ч цулаар олдох нь ховор.
Давтагдахад амар, уян хатан цагаан металлтай хүн хүрэл зэвсгийн үеэс зэсийн ордыг ашиглаж байхдаа танилцжээ.
Зэсийн ордуудаас мөнгө олдох нь их байдаг. Харин шороон ордуудад энэ металлын цул бараг тааралдахгүй. Алт ба мөнгөний цул нь галт уулын үйл ажиллагаанаас үүссэн халуун уусмалын судлын ордуудад голчлон бүрэлддэг. Галт уулын үйл ажиллагаа нь уулын чулуулагт боржингийн магмагийн хайлшийг оруулснаар тэр судлуудыг бий болгосон юм. Яг ийм нөхцөлд л Америкийн галт уулууд Перу, Боливи, Мексикийн баялаг урдуудын цувралыг бий болгожээ.
Цул мөнгө нь ердийнхөөр хар хальсаар хучигдсан зөв биш хэлбэртэй нимгэн хавтангууд байдаг. Бас үрэл, хуудас, заримдаа орооцолдсон утас, ховорхон тохиолдолд шоо ба октаэдын хэлбэртэй байдаг. Мөн бөөн металл бул байх нь бий. Герман, Чехийн хилийн орчмын хүдрийн уулнаас мөнгөний том хэмжээний цулууд гарч байжээ. Германы Фрейберг хотын захын “Хувилгаан Георгий” гэх уурхайгаас 1477 онд асар том мөнгөн цул олдсон гэдэг. Түүнийг олоод уурхайд нь герцог Альбертын баярын зоог барих ширээ болгон хэрэглэж байв.
Зоогийн дараа 1х1х2,2 метрын цулыг хэдэн хэсэг болгон жижиглээд дээш гаргаж байжээ. Түүний жин нь 20 тонн байсан гэнэ. Өнөөдөр цул мөнгөний алдартай ордууд Норвеги, Канад, Мексик, Германд байдаг юм.
ЗЭС ЦУЛ
Хүний иргэншлийг цоо шинэ төвшинд гаргасан металл бол зэс юм. Хамгийн анхны хөдөлмөрийн багаж зэвсэг, эд хэрэглэл ба зэвсэг нь зэсний цулаас давтагдан хийгдсэн байлаа. Соёл иргэншлийн томоохон төвүүд нь зэсийн орд газрын гадаргад гарсан тэндээс зэсийн цул ихээр олдож байсан газруудад бий болжээ.
Мянгаад жилийн өмнөөс хүний анхлан олсон зэсийн цул нь хүрэндүү туяатай улаан өнгөтэй байв. Зэсийн цул нь хольц бараг байхгүй. Уян зөөлөн, наалдамтгай металл юуны түрүүнд ордын дээд хэсгийн “хүдрийн биетийн толгой” гэж нэрлэгдэх уулын чулуулгын хоосон орон зайг дүүргэн цулуудын бөөгнөрөлийг үүсгэдэг байна.
Зэсэн цулууд нь дендрит, утас, зэсэн үсээр бүрэгдсэн мэт үрлүүд хэлбэртэйгээр олддог. Зэсэн талстын багц эсвэл салаа мөчир маягаар үүссэн цул ч тааралддаг. Зэсний бараг бүх цул нь зэсийн баяжмал ихтэй ордууд исэлдлийн үр дүнд гарч ирдэг гэнэ. Зэсийн цулаар Германы “Хүдрийн уул” гэх орд алдартай. Гэхдээ хамгийн баян цулууд ихтэй орд АНУ-д Дээд гэх нуурын ойролцоо байдаг. Хоёроос гурван тэрбум жилийн өмнө үүссэн уулын чулуулгаас бул ба хавтан хэлбэрийн зэс цулууд их олддог. Тэндээс 3560 тонн зэс цул олдож байжээ.
ТӨМРИЙН ЦУЛ
Хүн төрөлхтний түүхэнд зэсээс дутуугүй үүрэг гүйцэтгэсэн металл болох төмөр байгальд цул байдлаар олдох нь маш ховор. Олдвол энэ нь байгалийн ер бусын тохиолдол гэнэ. Төмрийн цулуудын олдворын ихэнх нь солир юм. Төмөр ба төмөр чулуун “сансрын зочид” дэлхийд никелийн хольц ихтэй төмрийг авчрах ба тэр нь зэврэхээс хамгаалдаг.
Сихотэ-Алинийн солирын олдсон хэсэг нь 30 тонн цул байлаа. Солирын химийн шинжилгээгээнээс үзэхэд 93 хувийн цэвэр төмрийн хольцтой байв. Төмөрлөг чулуун гэх солирын төмрийн цул нь гол төлөв никельт төмөр ба оливенийн хольц байгаа ажээ. Сибириэс 1772 онд Петербургт авчирсан “Палласово железо” гэх солир тийм бүтэцтэй байсан ба хагас тунгалаг оливений үрэлтэй цэвэр төмрийн булыг одоо Москвагийн А.Е.Ферсманын нэрэмжит Минералогийн музейд үзэж болно.
Дэлхийн гаралтай төмрийн цулын олдвор бол маш ховорхон үзэгдэл болох бөгөөд галт уулын хүрмэн чулууны төмөр ба магнигаас бүрэлдэх хайлш газрын гадаргад урсан гарах газарт л төмрийн цул бий болдог байна. Эдгээр бодисын талстад цэвэр төмөр цулын утас үрэл, дуслыг олж болно. Дэлхийн хоёрхон газарт л төмрийн цуглуулга илэрч байжээ. Тэр нь Грийнландын эрэг орчмын Диско арлын орд мөн Германы Кассель хотын ойролцоох Уификийн ордууд юм. Ер бусын цорын ганц гэж Диско арлын ордыг хэлдэг.
Тэнд төмрийн цулын таван тоннын линзүүд хүрмэн чулууны давхрагыг сүвлэн байдаг. Цул төмөр шинэхэн хагалбарт эсэлдээний хар хүрэн өнгөөр гялалзан харагдана. Түүнд нь соронзон чанар ихээр илрэх ба ерөнхийдөө мөнгөлөг саарал өнгөтэй.
Цул металлуудын бүрэлдэлтийн нууц одоогоор тодорхой биш байгаа. Хүмүүс тэдний байгалийн гарал үүслийг мэдэж авахаасаа өмнө цул металлуудыг өргөн хэрэглэж сурсан байлаа. Цулын гарал үүслийн асуултын хариулт нь зөвхөн шинжлэх ухаан талаасаа ч биш олон нууцыг агуулсан байдаг ажээ.
Эх сурвалж: www.gmic.mn