М.ЦЭЦЭГ

 

“Уул уурхайн сал­барын орлогыг Монгол Улсын хөгжилд зохистой ашиглах нь” сэдэвт хэ­лэлцүүлэг өчигдөр НҮБ-ын байранд боллоо. Хэлэлцүүлгийг НҮБ болон Сангийн яамнаас хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу нээв. Мөн УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хо­рооны дарга Ц.Даваа­сүрэн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогт­гэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверс, эдийн засагч Д.Жаргалсайхан, доктор Ч.Хашчулуун нар хэ­лэлцүүлэгт оролцов.

Монгол Улсын үн­дэсний орлогын томоохон хувийг уул уурхайн нөөц баялаг эзэлдэг. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас нийт экспортын 89, улсын төсвийн орлогын гурав нэг, Дотоодын нийт бүтээг­дэхүүний 22 хувийг бүрдүүлжээ. Байгалийн нөөц баялаг ихтэй ор­нуудын хувьд  хөгжлийн чиг хандлагыг дорвитой өөрчлөх онцгой болом­жийг уул уурхай олгодог. Гэвч улс орнууд тэрхүү боломжоо үр дүнтэй ашиг­лаж чаддаггүй тохиол­дол олон. Тухайл­бал, Ботс­вани, Чили, Ин­донез зэрэг улс эрдэс баялгаа оновчтой ашиглан улс орныхоо эдийн зас­гийн хөгжлийг тогтвор­жуулж чадсан бол Чад, Нигер улс байгалийн баялгаа үр ашиг­гүй зар­цуулс­наар хүний хөгж­лийн индек­сээр хамгийн доогуур үзүү­л­элттэй орны тоонд ордог байна. Нөхөн сэргээг­дэшгүй баялгийг зохисгүй ашиг­лах нь байгаль орчинд ха­мааралтай олон асуудлыг бий болгохоос гадна баял­гаас орох урт хугацааны орлогын урс­галд сөрөг нө­лөөтэй гэнэ. Тэгэхээр Монгол Улс аль чиглэлд явах вэ. Уул уур­хайн сал­барын орлогыг оновчтой удирдан зар­цуу­лахад хөгж­лийн өнөөгийн хэ­рэгцээг хангах болон хойч үедээ хуримтлал үл­дээх зэрэг сонголтыг хэрхэн хангах вэ гэсэн асуулт энэхүү хэлэлцүүл­гийг явуулах үндэслэл болжээ. Өнөөдрийн байд­лаар манай улс Тогтвор­жуу­лалтын сан байгуулж, дэд бүтцэд хөрөнгө оруулж, иргэддээ хувь хи­шиг тараах зэргээр уул уурхайн орлогыг ашиглаж байна. Энэхүү хэлэл­цүү­лэг нь уул уурхайн сал­барын ор­логыг хүний хөг­жилд зөв зохистой ашиглах ме­ха­низмыг тодорхой­ло­ход чухал ач холбогдол­тойг хэлэлцлээ. Монголд сур­гамж болохуйц бусад оронд тохиолдсон хүндрэл бэрхшээл, мөн сайн турш­лагыг ч ярилцав.