Б.УРАН
Дэлхийн банкнаас манай улсын эдийн засагт дүгнэлт хийсэн ээлжит тайлангаа танилцууллаа. Тэд энэ удаад манай улс дэд бүтцийн салбартаа хэрхэн оновчтой хөрөнгө оруулалт хийх ёстой талаар сануулсан байна. Тайланд дурьдсан онцлох хэсгүүдийг тоймлон хүргэж байна.
Сүүлийн үед зам, барилга, дэд бүтцийн ажил идэвхжиж байгаатай уялдаж барилгын материалын эрэлт хэрэгцээ асар ихээр нэмэгдсэн. Цемент бол барилгын нэг үндсэн материал бөгөөд улс орны дэд бүтцийн хөгжилд чухал шаардлагатай юм. Цементийн хэрэглээ Монголд сүүлийн 10 жилд арав дахин өссөн бөгөөд одоогийн байдлаар жилд 1.5 сая тонныг хэрэглэж байгаа юм. Ирэх гурван жилд энэ тоо гурав дахин өсөх төлөвтэй байгаа аж. Улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй бөгөөд үйлдвэрлэж байгаа цементийн үнэ 2009 оноос огцом өсчээ.
Засгийн газрын зохицуулалтын гадна байдаг цементийн үнэ улирлаас шалтгаалж асар их савалгаатай байдаг. Ялангуяа долдугаар сард дээд цэгтээ хүрдэг гэж болно. Жил болгон зуны улирал дуусахад цементийн хэрэгцээ нийлүүлэлт хүнд байдалд ордог. Хятадын хил дээрхи ложистикийн асуудалтай холбогдон нийлүүлэлтийн асуудалд ихээхэн бэрхшээл учирдаг. Жишээлбэл, 2007 оны нэгдүгээр сард нэг тонн цемент 65 ам. доллар байсан бол 2010 оны наймдугаар сард нэг тонн цементийн үнэ 160 ам. доллар болж өсчээ.