Б.СОЛОНГО

 

Дайны дараа ард түм­нээ өлсгөж байгаад ган­гийн үйлдвэрээ түрүүлж барьсныг нь бодохоор Япон улсын өнөөгийн хөгж­лийг гайхах зүйл алга. Тэд улс орны хөгжлийг бүтээн байгуулалтын гол зэвсэг болсон гангийн үйлдвэрээр тодорхойлох ёстойгоо тун эрт ухамсар­ласан нь өнөөгийн амжил­тад хүргэсэн. Сүүлийн үед манай улс дотооддоо ган­гийн үйлдвэртэй болох талаар эрчимтэй ярьж эхэл­лээ. Хэдийгээр өнгөр­сөн хугацаанд бодлогын төвшинд яригдсан төслүүд байсан ч төдийлөн шат ахихгүй байсан юм. Сая­хан төмрийн хүдэр экс­портолдог 12 аж ахуйн нэгж нэгдэж Монголын төмөрлөгийн үйлдвэрлэгч­дийн холбоо байгуулсан. Тэдэн дундаас “Монгол ган нэгдэл” компани үүсэн байгуулагдлаа. Тэд­ний зорилго бол гангийн үйлдвэртэй болж, дотоо­дын төмөрлөгийн хэрэг­цээг хангах. Манай улсад гангийн үйлдвэртэй болох шаардлага бий юу гэвэл мэдээж байгаа. Бүтээн байгуулалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь ган­гийн импортыг тэр хэрээр өсгөж байна. Тухайлбал,  уул уурхайд баяжмалын үйлдвэрийн зардлын гол хэсэг болох ган бөмбөлөг, шинээр барьж байгаа орон сууцны үнийг тодорхой­лоход үндсэн шалтгаан болдог арматур төмөр, бусад төмөр хийц  зэрэг нь импортын хэмжээг өсгө­сөөр байгаа юм. Гэтэл ма­най улс 2003 оноос төм­рийн хүдэр олборлож эхэл­сэн түүхтэй. Гэвч төмрийн хүдрийн экспортод төрийн бодлого дутагдсанаас одоогоор түүхийгээр нь урд хөрш рүү зөөхөөс өөр аргагүй байгаа. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ гадагш нь зөөгөөд, хариуд нь түүнээс ч илүү өртгөөр ган худалдаж авч байгаа юм. Энэ гажуудлыг засах хамгийн оновчтой арга бол дотооддоо гангийн үйлд­вэртэй болох. Том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудлыг төмрийн хүдэр экспортлогч компаниуд ярьж байгаа юм билээ.  Ойролцоогоор гурван жи­лийн хугацаанд барихад 1.3 тэрбум ам.доллар хэ­рэг­тэй гэнэ. Үүнд уурхай­нуудын дэргэд байрлах хүдрээ баяжуулах, хагас боловсруулах үйлдвэрүүд болон ширэм, гангийн үйлдвэр багтаж байгаа аж. Байрлалын хувьд дэд бүтцээ дагаад Дархан, Чойр, Сайншанд, Хөтөлд гэсэн хувилбаруудыг нэр­лэж байсан. Хувийн хэвш­лийнхний зорьж байгаа нэг зүйл нь 2016 онд дотооддоо гангийн үйлд­вэр­тэй болох. Хэрэв бос­гоод авбал үр дүн нь шууд мэдрэгдэх нь дамжиггүй. Хамгийн энгийн жишээ бол орон сууцны салбар. Шинээр барьж байгаа орон сууцанд хэрэглэдэг арматурын үнэ хамгийн багадаа 20 хувь буурна. Дотоодоосоо нийлүүлэх учир тээврийн болон бусад олон төрлийн зардал хэм­нэгдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 9000 ажлын байр бий болно. Үүнээс 1200 нь гангийн үйлдвэрт ногдох аж. Өөрс­дөө ган үйлдвэрлэдэг болс­ноор ямар ач холбогдолтой талаар маш олон зүйлийг дурдаж болно. Төмөр зам, хөдөө аж ахуй, барилга гээд ган хэрэглэдэггүй салбар өнөөдөр үгүй. Хүнд үйлдвэрийн суурь болсон төмөрлөгийн үйлдвэрийг эх орондоо барих ажлыг хувийн хэвшлийнхэн шуур­хайлахыг зорьж бай­на. Гэхдээ тэдэнд төрийн дэмжлэг, туслалцаа хэрэг­тэй. Энэ талаараа ч байр сууриа илэрхийлсээр байгаа. Төрөөс 30 хувь, хувийн хэвшил 20 хувь, гадны зээл тусламж 50 хувь гэсэн хуваарилалтаар санхүүжилтээ босгож чад­вал нийт хөрөнгө оруулал­таа долоо, зээлийн хөрөнгө оруулалтаа таван жилийн дотор нөхөх боломжтой гэж байна. Жилдээ хоёр сая тоннын хүчин чадал­тай ширэм, гангийн үйлд­вэрүүд барилаа гэхэд 1.2 сая тонн коксжсон нүүр­сийг Тавантолгойгоос авна. Өөрөөр хэлбэл, бүх түүхий эдээ дотоодоосоо хангах бүрэн боломж бий. Төмрийн хүдэр олбор­лог­чид хүдрээ нойтон аргаар баяжуулж экспортлох барилд шилжиж байгаагаа дуулгасан. Одоогоор нойтон баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад ороод байгаа. Эдгээр нь “Мон-лаа”, “Бэрэн”. Харин дараа жил “Монгол металл майнинг”, “Засаг-Чанд­мань” гэж хоёр компани үйлдвэрээ ашиглалтад оруулна. Бусад нь бая­жуу­лах үйлдвэрээ ашиглалтад оруулах төсөл, бэлтгэлээ базаагаад ажиллаж байна. Төмрийн хүдрээ түүхий­гээр нь зөөх бол мухар зам. Гол учир нь үнийн зөрүү. Одоо түүхийгээр нь 65 ам.дол­лараар өгч байгаа хүдрийг баяжуулж гарга­вал тонн тутамд 100 ам.дол­лар болж нэмэгдэх боломжтой аж. Улмаар баяжуулсан хүдрээ ган­гийн үйлдвэртээ ашиг­ла­даг болох нь улс орны эдийн засгийг тэтгэх мөн­хийн хөдөлгүүр гэдгийг тэд онцлоод байна.