М.ӨЛЗИЙБАТ
Эдийн засгийн ухааны доктор Ph.D
Монгол Улсын нийгмийн тогтолцоо өнгөрсөн зууны сүүлээр өөрчилөгдөж, манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих болсон нь төрөөс эдийн засгийг удирдах арга хэлбэрийг үндсээр нь шинэчлэхэд хүргэсэн билээ.
Эдийн засгийн харилцааг захиргааны аргаар бус харин эдийн засгийн төрөл бүрийн хөшүүрэг, механизмыг ашиглан төрөөс зохицуулан удирдах боллоо. Өнөөдөр манай улсад эдийн засгийн бүх салбарыг хамарсан төрийн зохицуулалтын шинэ тогтолцоо бий болоод байгаа бөгөөд үүний дотор төрийн гаалийн бодлого, зохицуулалт чухал байр эзэлж байна. Гаалийн байгууллагын олон талт үйл ажиллагааны харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс 90-ээд оны эхээр бий болж, улам боловсронгуй болж байна. 2008 онд Улсын Их хурлаар Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудын шинэчилэн найруулсан төслийг баталсан нь гаалийн үйл ажиллагааны эрх зүйн хөгжилд гарсан том өөрчлөлт юм.
Эдгээр хуулиуд гарснаар гаалийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, ард түмэнд нээлттэй байлгах, гаалийн ажилд мөрдөх дүрэм журмыг хялбаршуулах, гаалийн ажилтан авлига авахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, гаалийн хяналт шалгалтыг иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэлгүй түргэн шуурхай хийх, гаалийн мэдээллийн автоматжуулалтын төвшинг дээшлүүлэх эрх зүйн үндэс сайжирсан байна. Мөн гаалийн харилцаанд оролцогчид тавигдах шаардлага, тэдэнд үзүүлэх гаалийн үйлчилгээний төвшинг олон улсын стандартад нийцүүлэх боломж бүрдэж байна.
Төрийн дотоод болон гадаад бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь гаалийн бодлого мөн. Гадаад худалдааны үйл ажиллагааг зохицуулах болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн болон зохион байгуулалтын шинж чанартай иж бүрэн арга хэмжээ нь гаалийн бодлого юм. Гаалийн бодлого нь гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь гааль нь улсын үүд хаалга болж, түүгээр дамжин гадаад худалдаа, хамтын ажиллагааны үйл ажиллагаа явагддаг билээ.Орчин үеийн нөхцөлд гаалийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчим нь нэг талаас гадаад худалдааны салбарт улсын эрх ашгийг хамгаалж, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, төрийн эдийн засаг-нийгмийн асуудлыг шийдвэрлэдхэд дэмжлэг үзүүлэх; улсын төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдээс бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулах тааламжтай нөхцлийг хангахад чиглэх болов. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавихтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг зах зээлийн эдийн засгийн шаардлагын дагуу хянаж, зохицуулах үүрэг бүхий гаалийн байгууллагын шинэ тогтолцоо бүрэлдэн бий болсон.
Гадаад худалдааны үйл ажиллагааг гаалийн тариф, татварын хөшүүргээр дамжуулан зохицуулж, улмаар импортын болон экспортын бараанд гаалийн татвар, хураамж ногдуулан төсөвт төвлөрүүлэх ажлыг гаалийн байгууллага хариуцан гүйцэтгэх болов. Гаалийн байгууллагын олон талт үйл ажиллагааны нэг нь Монгол Улсын хуулиар тогтоосон гадаад худалдаатай холбогдох албан татвар (Гаалийн албан татвар)-ыг ногдуулан хураах, улсын төсөвт төвлөрүүлэх явдал юм. Гаалийн ерөнхий газрын шугамаар төсөвт төвлөрүүлж байгаа гаалийн татварын орлого нь Улсын төсвийн орлогын 40 хүртэл хувь, ДНБ-ий 6 хувьтай тэнцэж байна. Энэ нь гаалийн байгууллага улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна.
Гаалийн бодлогын нэг чиглэл нь улсын эдийн засгийн аюулгуй байдлыг хангах. Даяарших үйл явц улам бүр газар авч, том жижиг орнууд олон улсын хөдөлмөрийн хуваарьт татагдан орохын хэрээр үндэсний зах зээлээ хамгаалах асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Манайх шиг жижиг орны хувьд нэг юм уу хэсэг бүлэг орны эдийн засгийн эрхшээлд орж, түүнээс хараат болж тусгаар тогтнолоо хүртэл алдах аюул байгаа юм. Үүнээс сэргэмжлэх нэг арга нь гаалийн идэвхтэй бодлого явуулах явдал. Экспортод гаргах боловсруулаагуй түүхий эд, эрдэс баялгийн хэмжээг багасгахаас авахуулаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүртэл иж бүрэн арга хэмжээг гаалийн зохицуулалт, гаалийн тариф, татварын бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал байна. Нөгөө талаар гаалийн хяналтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна. Үндэсний үйлдвэрлэлээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах, аль эсвэл олон улсын хөдөлмөрийн хуваарьт өргөн оролцож, чөлөөт худалдааг дэмжих зэрэг арга, ухааныг уян хатан хослуулах замаар гаалийн бодлогыг хэрэгжүүлнэ. Протекционизм буюу дотоод эдийн засгаа хамгаалах гаалийн бодлого нь гаднаас импортлон оруулж байгаа бараанд гаалийн өндөр татвар ногдуулах замаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих явдал юм.
Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагын дагуу гаалийн хяналтыг боловсронгуй болгоход гаалийн байгууллага онцгой анхаарч байна. Гаалийн хяналтын материалаас үзэхэд гааль, татварын хууль зөрчих явдал багасахгүй байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр контрабандын хэрэг, нэртэй пүүс, компанийн нэрийн барааг хуурамчаар үйлдвэрлэж экспортлох явдал улс орныг дамжсан шинж чанартай болж байгаа нь гаалийн хяналтыг улам хүчтэй болгохыг шаардаж байна.
Иймээс гаалийн хяналтыг сайжруулахад гаалийн төв байгууллага анхаарч, тодорхой арга хэмжээ авч байна. Гаалийн хяналтын хэлбэр, зарчмыг хэрэгжүүлэхэд хяналт бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг зохион байгуулж, орчин үеийн техник технологийн ололтыг нэвтрүүлэх дорвитой арга хэмжээнүүд авлаа. Өнөөдөр гол томоохон ачаалалттай боомтуудыг рентген тоног төхөөрөмжөөр хангах, сүүлийн үеийн компьютераар үндсэнд нь бүрэн хангаж үйл ажиллагаа явуулах сүлжээ програмаар хангагдлаа. Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд гаалийн шинэчлэл төслийг хэрэгжүүлэн ГАМАС-ийн технологийг бүрэн өөрчилж орчин үеийн мэдээллийн дэвшилтэд технологийн шаардлага хангасан программ хангамж CAIS, CEPS системийг нэвтрүүлэв. Системийн туршилт амжилттай хэрэгжиж, 2010 оны гуравдугаар сарын 1-нээс CAIS системийг төмөр замын дагуухь өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Орхон, Дархан, ОУШИГХ, Сайншанд дахь гаалийн газар, хороодод нэвтрүүлсэн. Улмаар 2010 оны долдугаар сарын 1-нээс CAIS системийг бүх харьяа газар, хороодын гаалийн бүрдүүлэлт хийж буй 35 цэгт албан ёсоор бүрэн нэвтрүүлэв. СAIS системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүрдүүлэлтийн программ хангамжид 130 гаруй, манифестийн программд 90 гаруй, бусад программ хангамжид (DW, RM) 30 гаруй нэмэлт өөрчлөлтийг манай гаальчид гүйцэтгэсэн байна.
Сүлжээний дэд бүтцийг боловсронгуй болгох зорилгоор сүлжээ хоорондын аюулгүй байдал, мэдээлэл дамжуулалтын найдвартай байдлыг хангах, орчин үеийн сүлжээг нэвтрүүлж, аймгийн төвд байрлах гурван (Баян-Өлгий, Увс, Дорнод) гаалийн газрыг шилэн кабелиар, ачаалал ихтэй алслагдсан таван ( Цагааннуур, Боршоо, Ханх, Арцсуурь, Хавирга) хилийн боомтуудын үйл ажиллагааг сансрын хиймэл дагуулын VSAT системээр ГЕГ-тай онлайн холбосон болно.
Орхон, Буянт-Ухаа, Цагааннуур, Боршоо, Ханх, Арцсуурь, Хавирга зэрэг гаалийн газар, хороодын хяналтын бүсийн 28 цэгт хяналтын камер суурилуулснаар гаалийн хяналтын ажиллагааг дүрсжүүлэн хянах, хадгалах, мөн ГЕГ болон бусад газар, хороодын удирдлага шууд өрөөнөөсөө хянах боломжийг бүрдүүллээ.
Гаалийн хяналтыг сайжруулах талаар авч байгаа эдгээр арга хэмжээ нь эцсийн дунд улсын эдийн засгийн аюулгуй байдлыг хамгаалахад чиглэж байна.