Б.СОЛОНГО
Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation” (CNNC) компани Монголд хэрэгжүүлэх ураны төслийнх нь эхний үе шатны ажлуудыг манай улсын Засгийн газар зөвшөөрсөн гэж мэдэгдлээ. Тэдний хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авсан төсөлд Дорнод аймагт орших Гурванбулаг ураны орд хамаарч байгаа юм. 2004 онд уг ордыг Канадын “Western Prospector” компани өөрийн эзэмшилдээ авсан байсан. Харин 2009 онд Хятадын “CNNC” тус ордыг эзэмшигч компанитай нь хамт 25 сая ам.доллараар худалдан авсан юм. Гурванбулаг орд нь ураны үлэмж нөөцтэй гэгддэг Мардайн ордоос баруун зүгт 30 орчим километрийн зайд оршдог. Одоогийн судлагдсан байдлаараа 10-15 мянган тонн ураны нөөцтэй ажээ. “CNNC” мэдэгдэлдээ энэ жил байгаль орчны үнэлгээг боловсруулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу олборлолтын өмнөх ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулахаар Цөмийн энергийн агентлагт мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа хэлжээ. Уг гэрээнд зааснаар ойрын гурван жилийн хугацаанд ураны төсөл хэрэгжүүлэгч компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх ажээ.
Цаашид цөмийн эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлого барьж буй Хятад улс ийнхүү Монголын арвин нөөцтэй ураны ордуудыг эртнээс эзэмшилдээ авсан нь эхнээсээ тодорхой болж байна. Гурванбулаг нь Монголын стратегийн ордуудын жагсаалтад багтсан, баялаг нөөцтэй гэдгээрээ онцлог. Манай улсын эдийн засаг урд хөршид экспортолсон нүүрсний орлогоос хамааралтай. Ураны салбарыг ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тооцож байгаа. Гэтэл Хятад улс биднээс хэдэн алхмын түрүүнд харж, аль хэдийнэ томоохонд тооцогдох ордуудыг эзэмшилдээ авчихсан байна. Тус улсын төрийн өмчит “Чалко” компани ирэх сарын 3 гэхэд нүүрсний Овооттолгой ордыг өөрийн болгоно гэдгээ мэдэгдсэн. Хамгийн гол нь тэд хуулиас гадуур юу ч хийгээгүй. Бүх алхмыг Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр хийж ирсэн, хийнэ гэдгээ ч мэдэгдсээр байна. Манай улс ашигт малтмалын хууль болон лиценз олголтын асуудлыг яаралтай цэгцлэхгүй бол стратегийн жагсаалтад багтсан орд газруудаа ашигт малтмалын хамгийн том худалдан авагчдаа алдсаар байх нь. Хэрэв худалдан авагч үгүй бол нүүрс, зэс, уранаа хэнд зарах вэ. Хятад улс манайхаас бүтээгдэхүүн худалдан авахын оронд өөрсдөө олборлоод ашгаа хүртэхийг илүүд үзэх нь тодорхой. Эдийн засгийн урьдчилсан тооцоогоор Гурванбулаг ордын олборлолтын зардал нэг тоннд 95 ам.доллар байна гэж тогтоосон бол дэлхийн зах зээлд одоогийн байдлаар нэг фунт уран 50 ам.долларын үнэтэй байна. “CNNC” ойрын гурван жилд багтаан олборлолтоо эхлүүлэх ажээ.