Б.НОМИН

Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой шалтгаангүйгээр хорогдсон талаарх мэдээллийн мөрөөр Цөмйн энер­гийн газраас өнгөрсөн оны арванхоёр­дугаар сард хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар цацрагийн тунгийн чадлын хэмжилт, усанд радоны хуримтлалын хэмжилтийг хийж тухайн орчмын хөрс, уснаас дээж авсан байна.  Дээийг Цөмийн энергийн газрын Цацра­гийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид шинжлүүлсэн байна.

Цацрагийн хэмжилт, Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны иргэний зөвлөлд тус, тус хүргүүлжээ. Тэрээр байгалийн цацрагийн фон түвшний зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байна гэж үзсэн байна. Мөн усан дахь радоны хуримтлалын хэмжээ Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS:900:2005 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна Тодруулбал, 12 тугал цацрагийн бохирдлоос болж үхээгүй болохыг шинжилгээний хариу нотолжээ. 

Харин Геологийн төв лаборатори болон Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторид хийлгэсэн химийн шинжилгээний дүнг Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохи­цуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.