Б.УРАН
Монголын үүрэн холбооны оператор дөрвөн компани сайн түүхтэй хэрэглэгчийнхээ дараа төлбөрт дугаарын барьцаа төлбөрийг буцаан олгож эхэлсэн талаар манай сонинд мэдээлсэн билээ. Ямар шаардлагыг хангасан хэрэглэгч барьцаагаа буцааж авч болох талаар үүрэн холбооны оператор компаниуд дараах мэдээллийг өгч байна. Харин дараа төлбөрт хэрэглэгчээс авсан барьцаа төлбөрт хүү тооцож эхлээгүй байна. Хэрэглэгчийн нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.
“МОБИМИКС” ҮЙЛЧИЛГЭЭНД ШИЛЖЭЭД 10 ЖИЛ БОЛВОЛ БАРЬЦААГАА БУЦААЖ АВНА
“Мобиком”-ын хэрэглэгчид өөрийнхөө нэрээр дараа төлбөрт дугаараа 10 жил буюу түүнээс дээш жилээр ашиглаж байгаа бол барьцаа төлбөрөө буцааж авах эрх нь нээгдэнэ. Энэ үйлчилгээнд Мобиком багц буюу 9911, 9910, 9999 дугаарлалттай хэрэглэгчид, мөн Мобизон буюу 9909, 9908, 9907 гэх мэтчилэн дугаарлалттай бусад хэрэглэгчид бүгд хамрагдаж болох юм байна. Харин урьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт болгосон буюу Мобимикс үйлчилгээний хэрэглэгчид энэ үйлчилгээнд шилжсэнээс хойш 10 жил болоод барьцаагаа буцааж авах юм байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан төлбөрт дугаараа 10 жил хэрэглэсэн эсэх нь хамаагүй, дараа төлбөрт болгосноос хойш хугацааг нь тооцох аж. Гэхдээ барьцаа төлбөрийг бэлнээр нь буцааж авна гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчийн хэрэглээний төлбөрт шилжүүлэх журмаар тооцох гэнэ. Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний барьцаа 60 мянган төгрөг, 100 мянган төгрөг гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Харин дараа төлбөрт хэрэглэгчийн барьцаанд хүү тооцох тухай ажил одоогоор албан ёсоор эхлээгүй байгаа. Энэ талаар албан мэдээлэл ирээгүй гэсэн юм. Барьцаа төлбөрийг буцаан авах нөхцлийг хангасан хэрэглэгчидтэй компанийн зүгээс утсаар холбогдон мэдэгдэж байгаа аж.
“ЮНИТЕЛ” ЗУРГААН ЖИЛЭЭР ТООЦОЖ БАЙНА
“Юнител”-ийн дараа төлбөрт хэрэглэгч өөрийн дугаараа зургаагаас дээш жил ашигласан бол барьцаа төлбөрөө буцааж авна. Премиум, Сонгодог зэрэг дараа төлбөрт үйлчилгээний барьцаа нь хэрэглэгчийн сонголтоос шалтгаалаад өөр, өөр байдаг. Тухайн хэрэглэгч сүүлийн 11 сард дугаараа идэвхтэй ашигласан, мөн сүүлийн 12 сард төлбөрөө тасралтгүй төлсөн гэсэн шаардлагыг тус компани тавьж байна. 20-200 мянган төгрөгийн барьцаа төлбөрийг буцаан олгохдоо мөн л хэрэглээний төлбөрт нь шилжүүлнэ. Энэ талаараа хэрэглэгчдэд утсаар мэдэгдэж байгаа гэлээ. Харин барьцаа төлбөрт хүү тооцох тухай албан мэдээлэл одоогоор алга байна.
“СКАЙТЕЛ” 10 ЖИЛ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ БУЦААЖ ӨГНӨ
Ууган операторын нэг “Скайтел” групп мөн л 10 жил буюу түүнээс дээш жил дугаараа хэрэглэсэн дараа төлбөрт хэрэглэгчиддээ барьцааг нь буцааж өгнө гэлээ. Тус операторын үйлчилгээний нэр төрөл олон янз. Түүнээсээ хамаараад барьцаа төлбөр нь 15-50 мянган төгрөгийн хооронд байдаг. Хэрэв хэрэглэгч дээрх шаардлагыг хангасан бол үйлчилгээний төвөөс холбогдож энэ талаар мэдэгдэж байгаа бөгөөд хэрэглээний төлбөрт шилжүүлэх замаар шийдвэрлэнэ гэлээ. Мөн барьцаанд хүү тооцох мэдээлэл одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.
“ЖИ МОБАЙЛ” БУЦААН ОЛГОЛТЫГ ЭХЛҮҮЛЭЭГҮЙ
“Жи мобайл” компанийн лавлах утаснаас авсан мэдээллээр тус компани нь дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааг буцаан олгох талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа гэлээ. Мөн барьцаанд хүү тооцох асуудлаар тодорхой мэдээлэл алга гэсэн юм.