Б.СОЛОНГО

 

Одоогоос зургаан жи­лийн өмнө “мэндэлсэн” Ашигт малтмалын тухай хууль үүргээ хэтэрхий муу гүйцэтгэсэн учир албан үүргээс нь “чөлөөлөхөөс” аргагүй болсныг төр, хө­рөнгө оруулагч, олон нийт бүгд хүлээн зөв­шөөр­дөг юм. 20 жилийн түүхтэй уул уурхайн салбарын харил­цааг хамгийн зөвөөр зохи­цуу­лах төгс хуулийг бо­ловс­­­руу­лах шаардлага нэн тү­рүүнд байлаа. Ерөн­хийлөгчийн санаачилсан Ашигт малт­малын хуу­лийн шинэ­чилсэн най­руул­гын төсөл уул уурхайн салбарынхны гол сэдэв боллоо. Оюутолгой, Таван­толгой гээд шуу­гиантай, ээд­рээтэй олон асуудлыг түр мартаж, шинэхэн хуулийн төслийг хэн хүнгүй ан­хааралтай судалж байна. Одоогийн Ашигт малт­малын хуу­лийн онгорхой, цоорхойг бөглөж, орчин үеийн шаардлагад ний­цүү­лэн өөрчлөх үүрэгтэй байсан ч хөрөнгө оруу­лагч­дыг чан­галах сэтгэ­лийн хөдөл­гөөндөө хэт автаад, гадны хуулиудаас түүж нийлүү­лэн боловс­руулсан гэж шинэ хуу­лийн төслийг чамлах хүн олон байна.

 

ГЕОЛОГИЧ ХЭРЭГГҮЙ

Замбараагүй лиценз олголтыг цэгцлэх зо­рил­готой нь тодорхой боловч “нуухыг нь авах гээд нү­дийг нь сохлов” гэгчийг тод харуулсан заалт нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх талбайг төрөөс сонгож, зарлана гэжээ. Төслөөр бол төрийн захир­гааны төв байгууллага буюу Уул уур­хайн яам, эсвэл Ашигт малтмалын газар сонгосон талбайгаа жил бүрийн хоёр­дугаар сарын эхний долоо хоногт зарласнаар сонгон шалга­руулалт явуулж ялсан компани нь тус талбайд эрэл хийх тусгай зөв­шөө­рөл авах юм. Төрийн бай­гууллага нь ингэхдээ заавал тухайн нутгийн ИТХ, Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авах ёстой. Хэрэв нутгийн удирд­лага татгалзвал да­хин дөрвөн жилд тухайн газарт сонгон шалгаруу­лалт явуулахгүй. Уул уур­хайн олборлолт нь геоло­гич­доос эхтэй гэдгийг энд ор тас мартсан нь харагдаж байна. Гео­логич судалгаа хийсний үндсэнд хайгуул хийж, ашигт малтмал байгааг нь мэддэг энгийн дүрмийг шинэ хуулиар гажуу­дуулжээ. Хэрэв энэ хууль батлагдвал геологич мэр­гэжилтэй хүмүүс уул уур­хайн компанид биш Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, эсвэл аль нэг аймгийн Засаг даргын тамгын газарт ажилд орохоор бүрт­гүүлсэн нь дээр бололтой.

 

ОРОН НУТАГТ ХҮНД СУРТЛЫГ ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ҮҮ?

Шинэчилсэн хуулийн төслөөр уул уурхайн сал­барыг орон нутгийн удирдлагад тэрчигт нь даалгасан гэхэд хилс­дэхгүй. Бүх шатны дамж­лага тухайн аймгийн ИТХ, Засаг даргаар дамжих болж байгаа юм. Тэд сон­гон шалгаруулалт явуулах талбайг зарлахаас эхлээд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгоно. Дээрээс нь хянана, таслана, талбайг нь улсын нөөцөд эсвэл орон нутгийн хэрэгцээнд авна. Энэ бүх эрхийг шинэ хуулиар олгосон. Уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагатайгаа нягт хамтран ажиллах шаард­лагатай болсон нь энэ. Ингэхдээ мөнгө, хө­рөнгөтэй нь ажлаа тун ч амархан бүтээх нь ойл­гомж­той. Хэрэв тус компа­нийн эрэл, хай­гуулын тусгай зөвшөөрөл гарсан бол бүртгүүлснээс хойш гурван сарын дотор орон нутгийн удирдла­гуудтай хамтран ажиллах гэрээ, бас орон нутаг хөг­жүүлэх гэрээ байгуулах учиртай. Тэр гэрээнд орон нутагт дэд бүтцийг сайж­руулах, нийгмийн үйл­чил­гээг сайжруулах, иргэ­дийн үйлдвэрлэл, бизне­сийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчны төлөв байдлыг сайжруулах үүр­гийг компани хүлээх юм. Хэрэв ийм гэрээ байгуу­лахгүй бол тусгай зөв­шөөр­лийг нь цуцлах санал хүргүүлэх эрх орон нутагт бий. Саяхан нэг компа­нийн захирал ца­хил­гаан станц бариулна гээд суучихвал яах билээ гэж халаглаж байсан. Энэ бүх шат дамжлага, хэ­лэлцээ, гэрээний цаана авилга, хээл хахууль жин­хэнэ утгаараа нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй нь яалт ч үгүй үнэн юм.

 

ХОЁРЫГ ДӨРӨВ БОЛГОХ НЬ ЗАРЧМЫН ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ

Өнгөрсөн 20 жилд уул уурхайн компаниудын тарь­сан балаг ч их, оруул­сан хувь нэмэр ч арвин. Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн ачаар манай улсын эдийн засаг ганцхан жилийн дотор 17 хувиар өсч, гадныхныг гайхуулаад авсан. Нөгөө талдаа компанийн ха­риуц­лага, байгаль орчны доройтол, бохирдол гээд олон сөрөг зүйл ч бий. Шинэчилсэн хуулиар уул уурхайн компаниудад хү­лээлгэх хариуцлага болон нөхөн сэргээлт, уурхайн хаалтын талаар өмнө нь байгаагүй шинэ заал­туу­дыг оруулсан нь сай­шаалтай. Гэвч бизнес эрх­лэгч, хөрөнгө оруулагчдын хариуцлагыг сайж­руу­ла­хаасаа илүү халширч, ойр­то­хооргүй болгосон заал­тууд байгааг эрдэмтэн, судлаачид хэлсээр байна. Өмнө нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөв­шөөрөл гэж олгодог байсан бол одоо эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт болж хоёр дахин үржжээ. Эрлийн тусгай зөв­шөөрлийг дөрөв, хай­гуулын тусгай зөв­шөөр­лийг таван жил хүртэл олгоно. Энэ хугацааг сун­гахгүй. Хэрэв хугацаандаа багтаж олборлолтоо эх­лүүлж чадахгүй бол тухайн компанийн хохь болно гэсэн үг. Монголын Уул уурхайн үндэсний ассо­циацийн гүйцэтгэх захи­рал Н.Алгаа хоёр өдрийн өмнө “Өдрийн сонин”-д ин­гэж бичсэн байна билээ. “Хайгуул хийх санаа сэ­дэл бий болсноос хойш орд нээж олох, цаа­шилбал олборлолт эхлэх хүртэлх хугацааг ашигт малт­малын эрхзүй суд­лаа­чид бойжилтын үе гэж нэр­лэ­дэг. Энэ хугацааг дунд­жаар 9-13 жил гэж тог­тоо­сон байдаг. Дэлхийн 20 улсад 50 орд нээсэн, хам­гийн бага нь зургаа, хам­гийн их нь 48 жил байсныг тогтоосон” гэжээ. Хай­гуулын үйл ажиллагаа нь зардал өндөртэй хэрнээ тун ч эрсдэлтэй гэдгийг компаниуд нэгэн дуугаар хэлдэг. Тэгэхээр манай улсын шинэ хуулиар олгох гэж байгаа есөн жил тэдний хувьд мөрийтэй тоглоом мэт санагдах биз. Олборлолт, боловс­руулалтын тусгай зөв­шөөрлөө авснаас хойш зургаан сарын дотор баг­таж ТЭЗҮ-гээ боловс­руулахыг шаардсан нь огтхон ч боломжгүй зүйл гэж “Green trends” компа­нийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл хэл­сэн. Компа­ниуд дөрвөн төр­лийн тусгай зөвшөөрлөө нэг, нэгээр нь авсныхаа дараа орон нутгийн удирд­лагаас дахин эрэл хийх ажил гүйцэтгэх зөвшөө­рөл, хайгуул хийх ажил гүйцэтгэх зөвшөөрөл, ол­борлолт хийх ажил гүйцэт­гэх зөвшөөрөл, боловс­руулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл гэгчийг дахин авна. Ерөөс уул уурхайн хариуцлагагүй байдал, нөхөн сэргээлт, байгалийн доройтол зэрэг өнөөдөр тулгамдаад байгаа хэцүү зүйлсийг шийдвэрлэх хууль гэхээс илүү хөрөнгө оруулагчдыг хавчсан, чирэг­дүүлсэн, айлгасан төсөл болчихоо юу даа гэдэгт олон хүн санал нэг байсан юм. Үүний бас нэг жишээ нь тусгай зөв­шөөрөл цуцлах үндэс­лэлийг 13 болгож нэмэг­дүүлсний зэрэгцээ үүнд оролцох төрийн захир­гааны байгууллага болон бусад субьектууд олноор оролцохоор байгаа нь хүнд суртлыг ихээр нэмэг­дүүлэ­хээс гадна захир­гааны хэргийн шүүхийн маргаан ихсэх магад­лалтай байгааг ч сануулж байв.

 

ҮНДЭСНИЙ ЭРДЭС БАЯЛГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

Уул уурхайн салбарын мэдээлэл олон нийтэд тийм ч нээлттэй байдаггүй. Харин шинэчилсэн хуу­лийн төсөлд тусгасан нэг талархууштай заалт нь Үндэсний эрдэс баяла­гийн мэдээллийн сантай болж буй. Тус санд гурван хэсэг байх ба эхнийх нь буюу геологийн мэдээл­лийн санд газрын хэвлийн геологийн тогтоц, гадар­гын хэв шинж, эрдэс баял­гийн талаарх судалгааны мэдээ, тайлан, анхдагч баримт бичгүүд, эрдэс чулуулгийн дээж, үзүүлэн, хавсралт зураг, эрэл, хайгуулын ажлаар тодор­хойлсон ашигт малтмалын геологийн нөөц, тэд­гээртэй холбоотой бусад мэдээллийг төвлөрүүлнэ. Харин Ашигт малтмалын нөөцийн санд ашигт малт­малын ордын үйлдвэр­лэлийн нөөц, нөөцийн хөдөлгөөн, техник эдийн засгийн үндэслэл, бүтээг­дэхүүний стандарт, тех­нологи, уурхайн үйл ажил­лагааны тайлан мэдээ, үйлдвэрлэлийн хаягдал зэргийг нэгтгэнэ. Газрын тосны нөөцийн санд түүнд төвлөрүүлэх мэдээлэл, холбогдох журмыг Газрын тосны тухай хуулиар тог­тоож олон нийтэд нээлттэй байхаар заажээ.

 

СТРАТЕГИЙН ОРДУУДАА ГАРГУУНД НЬ ХАЯХ УУ?

Шинэчилсэн хуулийн төсөлд тусгасан бас нэг гол санаа нь одоогийн бүртгэлтэй байгаа стра­тегийн 15 ордыг хэвээр үлдээж, нэмж бүртгэхгүй тухай. Ерөөс стратегийн ач холбог­долтой орд гэдэг ойлголтыг халж стра­те­гийн ач хол­богдолтой ашигт малтмал гэж бай­хаар тусгасан. Гэ­тэл өнөөд­рийн байдлаар манай улсад стратегийн чухал ач холбогдолтой 1000 гаруй орд бий гэдэг. Үүнээс зөвхөн 15-ыг нь хамруулчихаад, үлдсэнийг нь ямар ч төрийн бод­логогүй, хязгаарлалтгүй ашиглана гэсэн санаа уг хуулиас цухалзаж байгааг эдийн засагчид шүүм­жилж байна. Шинэ хуульд стратегийн ач холбог­долтой эрдсийн баялаг гэдэгт ус, газрын тос, байгалийн хий, цац­раг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулна гэж заажээ. Гэтэл манай улсад хамгийн их ашиг өгдөг, мөн хамгийн их ол­борлодог нүүрс, зэс, алт зэргийг яах гээд байгааг шинэ хуульд тодорхой заасангүй.

 

МАРТАГДСАН НЬ

Ерөнхийлөгчийн са­наа­чилж боловсруулсан хууль хэтэрхий тойм маягтай, задлах шаард­лагатай, дээрээс нь орхиг­дуулж, мартсан заалт олон байгааг шүүмжлэгчид хэлж байна. Тухайлбал, боловсруулалтын тусгай зөвшөөрөл авна гэснээс биш боловсруулах үйлд­вэртэй холбоотой хуулийн заалт байхгүй. Уул уур­хайн компанийг дамлаж худалдаалах харилцааг зохицуулаагүй гэх мэт. 2005 оноос хойш зохион байгуулалтад орохоор хи­чээж байгаа бичил уур­хайчдын тухай нэг ч үсэг энэ хуульд байхгүй. Хэрэв Ашигт малтмалын хууль­даа бичил уурхайч­дын талаар оруулахгүй бол тэдний долоон жилийн хөдөлмөр талаар болно. Энэ мэт­чилэн Ашигт малтмалын шинэ­чил­сэн хуулийн төслийг эргэн харж, тун­гаан бо­дож, эргэцүүлж, хэлэлцэх шаардлагатай олон зүйл байгааг дахин сануулья.