Төмөрбаатарын БАТСАЙХАН

Физикийн ухааны доктор, эрхзүйч Н.Тэгшбаяртай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та уран олборлох гэрээг батлуулах ажлын хэсэгт орж ажилласан эрдэмтэн хүн.  Энэ үйл явдалтай холбоотойгоор янз бүрийн дайралтууд нэлээд ирж байх шиг байна.  “Буудаж ална” гэсэн заналхийлэл ч цахим орчинд явлаа.  Та энэ бүхэнд тайлбар өгөхгүй юу. Асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн үү?

- “Бадрах энержи” компани бол Монгол Францын хамтарсан компани.  Миний хувийн компани биш.  Би Монгол Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн Уран ашиглах, олборлох гэрээг боловсруулах ажлын хэсэгт Засгийн газар болон  “Мон-Атом” компанийн урилгаар орж ажиллаж, мэргэжлийн зүгээс дэмжлэг үзүүлсэн хүн. УИХ, Засгийн газар дээр гэрээний асуудлыг хэлэлцэх үед уран гэж юу юм, цацраг идэвх гэж юу юм гэдгийг тайлбарласан мэргэжлийн шинжээч, эрдэмтэн хүн.

Ер нь аливаа улс орны хөгжлийн суурь нь  шинжлэх ухаанч шийдвэр гаргахад оршиж байдаг.  Монгол төр шинжлэх ухаанч  шийдвэр гаргах гэж эрдэмтдээ буюу физик талаасаа намайг, хими талаасаа доктор Жаргалсайханыг, биологи талаасаа доктор Жамсрандорж гуайг, олон улсын харилцаа талаасаа дипломатч Баярхүү гуайг, мал эмнэлэг талаасаа доктор Ганболд нарыг урьж энэ ажлын хэсэгт ажиллуулсан. Ингэж Монголын төрийн эрх барих дээд байгууллага олонхоороо санал хурааж, Үндэсний аюулгүй байдлынхаа үзэл баримтлал, бусад хууль тогтоомждоо нийцүүлэн, шинжлэх ухаанч шийдвэр гаргаж чадсан. Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг дэмжиж, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн таван орны нэгтэй дипломат харилцаагаа бэхжүүлсэн.  Баялгийн эзний хувьд мөнгө гаргахгүйгээр олборлуулж, ашгаа хүртэх ийм гэрээ болж чадсан.  Ийм гэрээн дээр шийдвэр гаргах түвшинд биш шинжээчээр орж ажилласан шинжээч рүү дайрна гэдэг нэг талдаа асар ёс зүйгүй хэрэг. 

Харцага Г.Ганхуяг бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.  Гэхдээ хүн дарамтлах, хүн хорооно гэж заналхийлэх, олон нийтийг уриалан дуудах нь өөрөө ноцтой эрүүгийн гэмт хэрэг. Мөн хүний өвчин эмгэгтэй холбоотой асуудлыг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэх ёстой.  Хувь хүний нууцын асуудал ч хуулиар хамгаалагдсан байдаг.  Энэ мэтчилэн маш олон хууль зөрчсөн үйлдэл боллоо.  Тухайн мэдээлэл гарсан даруйд хууль хүчний байгууллагад олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн. Төрийн ажил явахад мэргэжлийн хүн очоод тайлбар хийснийхээ төлөө заналхийлэлд өртөж байгаа бол би өөрийгөө хамгаалах ёстой юу, төр хамгаалах ёстой юу гэдгийг бодох хэрэгтэй. Энэ асуудал дээр хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа гэж ойлгосон.

-Нэлээд асуудалтай байсан ч гэсэн ураны гэрээг УИХ баталгаажуулж, Монгол Улс ураны зах зээлд тоглогч болох боломжтой болсон.  Ураны олон улсын  зах зээлийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхийд маш олон орон уранаа олборлож экспортолж байна. Уран ашиглаад сөнөчихдөг юм бол тэр улсууд яагаад сөнөхгүй байгаа юм бэ.  Баяжуулах аргыг зөвхөн Монголд хэрэглэх гэж байгаа юм биш шүү дээ. ОХУ-ын эрдэмтэд энэ технологийг анх нээж илрүүлээд  одоо Франц, Казахстан, Америк гээд маш олон оронд баяжуулах аргыг ашиглаж байгаа. Нийт олборлож байгаа ураны 56-60 гаруй хувийг газар доор уусмалжуулах аргаар олборлож байна. Тэгэхээр уран олборлох гэрээг эсэргүүцэж байгаа хүмүүс бол цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах Монгол төрийн бодлогыг эсэргүүцэж байна гэсэн үг. Цөмийн энергийн тухай хуулийг эсэргүүцэж байна гэсэн үг шүү дээ. 

Засгийн газар 2024-2028 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө Франц Монголын хамтарсан ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажлыг эхлүүлнэ гэж заасан. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эсэргүүцэж байна гэсэн үг. Тийм биз дээ. Уг нь бол Монгол Улс төртэй, төрийн бодлоготой, төр нь хуультай.  Тэгэхээр Монгол төрийн бодлогыг эсэргүүцэж, хуулийг уландаа гишгэж бусдыг заналхийлж байгаа хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Энэ нь Засгийн газраас зарласан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байгаа хүмүүст сануулга болох учиртай.  Би Г.Ганхуягийг бөх хүнийх нь хувьд хүндэлж явдаг. Үг хэлэх эрхийг нь хүндэлж байгаа. Гэхдээ зандалчилж, буу шийдэм барьж олон нийтийг уриалах нь буруу учраас олон хүнд сургамж болоосой гэж бодож байна. 

Ямартай ч ураны гэрээ гараанаас гарахад бэлэн болчихлоо. Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслүүд нэг нэгээрээ хэрэгжиж эхэлж байна. Нөгөө  талаасаа  энэ гэрээ бол гуравдагч хөршийн хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Францын хөрөнгө оруулалтыг татсанаар Европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна гэсэн үг.  Мөн Монгол Улс анх удаа ураны хөрөнгө оруулалтын гэрээг  парламент дээрээ нээлттэй хэлэлцсэн орон боллоо. Ураны хөрөнгө оруулалтын аливаа гэрээ хэлэлцээр хүн төрөлхтний түүхэнд дандаа нууц байж ирсэн. Манай парламент нээлттэй хэлэлцсэнээрээ нээлттэй, ардчилсан парламент гэдгээ олон улсад нотлоод байна. Боловсролтой, өндөр технологийг дэмждэг 126 гишүүнтэй болсны бас нэгэн баталгаа юм. 

-Яагаад хаалттай хэлэлцдэг юм бол?

 - Манайд бол УИХ хаалттай биш нээлттэй хэлэлцсэн. Уран бол стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Нэг талаас цацраг идэвхт. Нөгөө талаас цөмийн энергийн гол түүхий эд болдог.  Эрүүл мэнд,  хөдөө аж ахуй,  уурхай маш олон чиглэлд ашигладаг. Урт богино настай изотопуудыг гаргаж авдаг  түүхий эд юм.  Өөрөөр хэлбэл, цөмийн гинжин урвал буюу хуваагдах урвалыг ашиглаж цөмийн энергийг гаргаж авдаг. Ураны тодорхой изотопуудыг ашиглаж эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжүүдийг хийдэг. Нисэхийн салбарт цанталтын эсрэг мэдрэгчүүд, галаас сэргийлэгч, хил гаалиар нэвтэрч орж ирж байгаа хууль бус бараа бүтээгдэхүүнүүдийг илрүүлэгч, рентгэн хийдэг. Ийм чухал ач холбогдолтой стратегийн элемент.  Нэг талаасаа цацраг идэвхт, нөгөө талаас химийн хувьд хоруу чанартай. Дэлхий дээр 2030 он гэхэд жил бүр ойролцоогоор 120 орчим мянган тонн уран хэрэгтэй болно.  Тэр үед дэлхий нийтээр  нэг жилд 80 орчим мянган тонныг л үйлдвэрлэх боломжтой гэж тооцохоор 40 орчим мянган тоннын эрэлт үүснэ гэсэн үг.  Тэгэхээр  ураны үнэ өснө, өрсөлдөөн нэмэгдэнэ.  Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар 2030 онд зориулж ураны гэрээгээ хийж амжлаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 2028 оноос уран олборлох процесс явсаар 2030 он гэхэд жигдэрнэ гэсэн хүлээлттэй байна.

Тэр үед ураны үнэ одоогийнхоос өссөн байх магадлалтай байна.  Би энэ томоохон гэрээнд мэргэжлийн шинжээчээр орж ажилласандаа бахархалтай байна. Түүх аливаа зүйлийг шүүж тунгаахад миний хувьд зөв талын шүүрэн дээр нь үлдэнэ гэж бодож байгаа.

-Ураны араас газрын ховор элементийн асуудал яригдаж эхлэх бололтой.  Энэ чиглэлд судалгаа шинжилгээ хийсэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ.  Яг үүнтэй  зэрэгцээд уран болон газрын ховор элементийг нэг элемент мэтээр ойлгож ярьж тайлбарлаад эхэллээ. Газрын ховор элемент, уран хоёр бол тэнгэр газар мэт ялгаатай зүйл.  Химийн шинж чанар,  атом, протоны тоо гээд бүгд тэс өөр шүү дээ.  Энэ ялгаа заагийг шинжлэх ухаанчаар маш сайн ойлгох шаардлагатай байна.

-Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элемент олборлох “Халзан бүрэгтэй” төслийн үйл ажиллагаа эхэлсэн.  Гэвч зогсоох шийдвэрийг сум орон нутгийнхан гаргаад байна?

-Одоо Халзан бүрэгтэйн зүг бүх хүн хараагаа чиглүүлэх хэрэгтэй. Хэрэв Халзан бүрэгтэй ажиллаад эхэлбэл хөрөнгө оруулагчид орж ирнэ, Монгол Улс мөнгөтэй болно. Гадаад талаас Монголыг харах өнцөг сайжирна. Монгол Улс төсөл хэрэгжүүлж чаддаг гэдгээ харуулах юм. Монголчууд өөрсдөө газрын ховор элементээ олборлоод бүтээгдэхүүн болгоод гаргах бүрэн чадамжтай. Менделеевийн үелэх системд 110 гаруй элемент байдаг.  Түүний 92 нь байгальд дангаараа оршиж байдаг. Тэдгээр дунд газрын ховор элементүүд багтдаг. Мөн одоогоос 4.5 тэрбум жилийн өмнө нарыг мананцрууд тойрон хүрээлэхэд тэр тоос мананцруудтай нийлж наалдаад үүссэн бодис элементүүд дунд одоо бид амьдарч байна.  Түүний л нэг гэсэн үг шүү дээ.  

-Тэгэхээр газрын ховор элемент нь зохиомол гэсэн үг үү?

-Үгүй. Ямар нэгэн бодис, хорвоо ертөнц үүсэхэд даралт температурын зохистой харилцаан дээр үүсдэг.  Тэр явцын үр дүнд Ховд аймгийн Мянгад сум орчимд олборлоод ашиглахуйц хэмжээний газрын ховор элементийн хуримтлал бий болжээ гэсэн үг.  Тэнд дэлхий үүсэхэд ч, Монгол  Улс бий болоход ч байсан гэсэн үг юм.  Хэрэв хортой байсан бол тэр хавийн хүмүүс аль хэдийн дуусчихсан байх ёстой. Одоо хүртэл амьдраад оршоод байж байгаа шүү дээ. Тэгэхээр байгаль дээрээ байгаа элемент хүн амьтныг шууд хордуулдаг гэж бодож болохгүй. Манайд 10 жилийн физик, химийн багш нарыг бодлогоор бэлтгэдэг байх  хэрэгтэй байна. Арван жилдээ физик хими муу заалгасан хүмүүс байгалийн жирийн үзэгдлүүдийг таньж мэдээгүйгээсээ болоод тархиа амархан угаалгачихаад байна. Жишээлбэл бинзенийг ууж болохгүйг хүн бүр мэддэг. Эмийг эмийг эмчийн заавраар хэрэглэдэг шиг уран болон газрын ховор элементтэй харилцахдаа физикч, химич, биологич хүмүүсийн зааварчилгаагаар эрж хайх, олборлох шаардлагатай. Тэгэхээр цаашид хүүхэд байхаас нь байгалийг танин мэдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Багш нарыг бэлтгэхээс эхлэх хэрэгтэй. Ээж аавууд өөрсдөө сурах хэрэгтэй.  Шинжлэх ухаанч биш хандлагатай хүмүүс өөрт нь таалагдсан мэдээллийг үнэн гэж боддог.  Өөрт нь таалагдаагүй мэдээллийг худал гэж боддог. Уг нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үнэнд ойр байна гэж бодох хэрэгтэй шүү дээ.  Шинжлэх ухаанч биш атлаа  аливаа зүйлийг сохроор эсэргүүцдэг байж боломгүй. 

-Газрын ховор элементийн олон улсын зах зээл нь ямар байгаа юм бэ?

-Нэршил нь газрын ховор элемент юм.  Гэхдээ яг нарийндаа тийм ховор элементүүд бол биш. Дэлхийн хаа сайгүй л байж байдаг, элбэг элемент.  Харин түүнийг  ялгаж авах  технологи нь өртөг өндөртэй.  Эдийн засгийн ач холбогдолтой тэр хэсэг нь ховор үлддэг гэж бодох хэрэгтэй. Дэлхийн дээр байгаа алттай харьцуулахад газрын ховор элемент нь зуу дахин их тархалттай байна. 1778 оноос хойш дэлхий судалж байна.  Гурваас дөрвөн зуун дамжаад  дэлхий судалчихсан юмыг бид одоо танин мэдэх гээд сууж байгаа нь жаахан харамсалтай хэрэг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ордуудаас дурдвал Хятад Улсын Баян-Овоо, Австралийн Mount Weld, АНУ-ын Mountain pass  зэрэг томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2025 онд ашиглалтад орохоор бэлтгэгдэж буй төслийг дурдвал Австралийн Засгийн газрын 1.65 тэрбум долларын зээлээр хэрэгжиж буй ILUKA төслийг нэрлэж болох ба жилд 23 мянган тонн газрын ховор элемэнт үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Мөн Бразил улсад хэрэгжиж буй Serra verde газрын ховор элемэнтийн баяжуулах үйлдвэрийн төсөл байна.

АНУ, Австрали зэрэг орнууд байгаль орчинд сөрөг нөлөөг багасгах дэвшилтэт технологи, хариуцлагатай олборлолтын зарчим баримтлан ажиллаж байна. Жишээлбэл, Австралийн Lynas Rare Earths компани олборлолтын хаягдлыг дахин боловсруулах, аюулгүй зайлуулах аргачлалаар байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Австрали (Lynas Corp) – Дэлхийн хамгийн том газрын ховор үйлдвэрлэгчдийн нэг, өндөр аюулгүй ажиллагааны стандарттай. Канад, Америк 2023 оноос эхлэн газрын ховорын олборлолтыг экологийн хяналт, нөхөн сэргээлтийн стандарттайгаар явуулж эхэлсэн. Европын холбоо газрын ховор элемент олборлох, боловсруулах ногоон технологийг хөгжүүлж, хаягдал багатай шийдлүүд нэвтрүүлж байна. Монгол Улс чадвартай, аюулгүй олборлох боломжтой.

-Манайд ер нь газрын ховор элементийн судлал нь хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Цөмийн энергийн агентлаг байгуулагдаад 70 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд судлагдаж байсан. Одоо дэлхийн зах зээлийн наяас дээш хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна.  Баян-Овоо гэдэг ховор элементийн том орд байна шүү дээ.  Тэгэхээр бид  “Халзан бүрэгтэй”-н ордыг ашиглалтад оруулснаар Хятад улстай өрсөлдөхүйц биш юм гэхэд ядаж л дэлхийн хэмжээнд тоглогч болох бүрэн боломжтой. Энэ элементэд электрон, соронзон, сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж үйлдвэрлэлд ашиглагддаг 17 төрлийн металлууд байна.  Уран бол цөмийн эрчим хүчний түлш бөгөөд цацраг идэвхт шинж чанартай. Газрын ховор элементүүд нь цацраг идэвхгүй, аж үйлдвэрийн болон өндөр технологийн хэрэглээнд зориулагддаг. Халзан бүрэгтэй нь газрын ховор элементийн батлагдсан нөөцтэй монголын хувьд чухал орд юм. Дэлхий дахин анхаарлаа хандуулж байгаа энэ үед бид тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал.

2024 оны Засгийн газрын мэдэгдлээр, энэхүү орд нь гаднын хөрөнгө оруулалт татахад онцгой ач холбогдолтой төслүүдийн нэг. Мөн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гээд оруулчихсан. Франц, Солонгос гээд улс орнуудтай энэ төрлийн төсөл дээр хамтран ажиллах түвшинд сүүлийн жилүүдэд уулзалт, гэрээ хэлцэл хийж байгаа. Яг энэ цаг үед нь ашиглах нь эдийн засаг болоод геополитикийн хувьд маш чухал байх болно. Олон улсын геологийн үнэлгээгээр Халзан бүрэгтэй нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, технологийн өндөр хэрэгцээтэй элементүүдээр баялаг.

Газрын ховор элементүүдийг аюулгүй олборлож буй жишээнүүд 2022 онд хийгдсэн судалгаагаар дэлхий даяар  20 орчим уурхай газрын ховор элементийн олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс гадна 100 гаран хайгуулын төсөл хэрэгжиж байна гэсэн судалгаа байдаг. Үүний нэг Ховд аймагт хэрэгжиж буй Халзан бүрэгтэй төсөл юм.  Монгол зуу гаруй жилийн уул уурхайн туршлагатай улс. Газрын ховор элементийн хайгуул, боловсруулалтад сүүлийн арван жилд олон улсын хамтын ажиллагаа, сургалт идэвхтэй хийгдсэн. 2024 онд уул уурхайн инженер, геологич, химич зэрэг мэргэшсэн 3500 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Эрдэнэт, Оюутолгой зэрэг төслөөс хуримтлуулсан туршлагаараа энэ хэмжээний төслийг хэрэгжүүлэх, олборлох бүрэн боломжтой.

-Ил олборлолт явагдах учраас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл их гэж үзээд байна уу?

- Эрдэнэт үйлдвэртэй яг адилхан дахиад нэг Эрдэнэт бий болно гэсэн үг.  Оюутолгой, Тавантолгойтой адилхан аргаар олборлоно. Ховд Хөшөөтийн уурхайтай. Түүнтэй яг адилхан аргаар олборлоно. Хөшөөтийг анх эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр Хөшөөтөөс амьдарч байна. Мянгад төдийгүй тэр хавийн орон нутаг эрчим хүчний дутагдлаас гарна. Эзэмшигч нь сахалтай байна уу, сахалгүй байна уу хамаагүй Монгол Улс газрын ховор элементийн дэлхийн хэмжээнд тоглогч болох ирээдүй харагдаж байна.  Тэгэхээр  Монголын төр хайгуул хийх зөвшөөрлийг нь өгсөн юм бол түүнийгээ хамгаалдаг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Томоохон төслүүдийг учир зүггүй эсэргүүцээд байгаа хүмүүстэй  хариуцлага тооцож сурах хэрэгтэй байна.  Нөгөө талаар ашигт малтмал хайгуул, лицензээс орсон орлогоо орон нутагт нь шингээдэг системээ сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 71 (7568)