Б.ЖАВХЛАН

Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна. Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уул уурхайн  гурван компанийн 800-аад ажилтан хоолны хордлого авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн эрүүл мэндийн салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна. Улмаар тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг үргэлжлүүлнэ гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Эх сурвалж: www.zms.mn