Д.ОЮУНЧИМЭГ, Ц.МЯГМАРБАЯР


Ашигт малтмалын шинэчилсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гурван удаа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор нэг удаа хэлэлцүүлсэн. Энэ удаагийн хэлэлцүүлэгт бүхий л төлөөллийг оролцуулснаараа онцлог байлаа.Тус хуулиар уул уурхай дахь төрийн оролцоо, лицензийн  сонгон шалгаруулалт түүнийг явуулах журам, лицензийн хугацаа, татварын асуудал шийдвэр гаргах явцыг ил тод болгох,даатгалын тогтолцоонд бүрэн хамруулах зэрэг харилцааг зохицуулсан аж. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн боловсруулах ажлын хэсэг 2010 онд тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягаар ахлуулан байгуулагдаж байв. Хуулийг шинэчлэх талаар олон нийтийн саналыг авч төслийн анхны хувилбарыг боловсруулах ажлыг эхлүүлсэн байна. 2011 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийг зөвлөх болон дэд ажлын хэсэгтэйгээр байгуулснаар тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан ажээ. Шинэчилсэн хуулийн нээлттэй хэлэлцүүлгээс уул уурхайн салбарынхны байр суурийг хүргэж байна.

 

 


МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш доктор Ч.Өлзийсайхан:

ТӨР ХЯНАЛТАА 50-100 ХУВИАР ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

-Уул уурхай хөгжсөн орнуудыг судлахад төр  50 хувиар хяналтаа тогтоож ордоо эзэмшсэн байдаг. Тухайлбал, Катар улс нефтийн орон. Ордоо 50 хувиар эзэмшиж хяналт тогтоосон. Энэ тохиолдолд гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй гэсэн болгоомжлол байдаг. Гэсэн ч тэд  бага багаар хөрөнгө оруулан эзэмшдэг. 50 хувиа  эзэмших эрх Катарын төрийн болон төрийн бус ямар ч компанид нээлттэй. Учир нь Катарын ард түмэнд ашиг нь үлддэг. Зэсээр гайхагддаг Чилийн зэсийн ордыг анх 100 хувь гадны компани эзэмшдэг байсан. Харин ард түмэн нь цусаа урсган тэмцсэнээр  эргүүлэн төрийн мэдэлд 100 хувь авсан. Харин хянаж чадаагүй орнуудыг судлахад  дэлхийд нефтийн экспортоор дээгүүр жагсдаг Нигер улс  олборлолтын 52 хувийг нь үндэстэн дамнасан “Shell” компани эзэмшиж байхад Нигерийн үндэсний  хэмжээний “Петролиум” компани хэд хэдэн компанитай нийлж 48 хувийг, Саудын Араб,  Америктай 50,50 хувиар эзэмшдэг. Ер нь 50 хувь  эзэмшинэ гэдэг хяналтаа оруулах боломж нээгдэнэ. Манайх Оюутолгойд 34 хувь хүртэл гэж гэрээ хийсэн. 50 хувь хүртэл хүргэх, хяналт тогтоох боломжоо алдсан. Харин шинэчилсэн хуулийн төсөлд 50  хувь хүртэл хяналт тогтоох боломжийг тусгасан нь сайшаалтай юм. Норвеги улс ордоо эзэмших тухай ярьдаггүй, зөвхөн ашгийнхаа 68 хувийг төр авна гэж бодлогоо тодорхойлсон байдаг.Тэгэхээр бодлогоо зөв тогтоох хэрэгтэй.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх П.Цагаан:

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА БУЦААЖ ОЛНО ГЭЖ ТООЦСОН ХУГАЦААНД НЬ ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ  ЭДЛҮҮЛНЭ 

 

-Хуульд хөрөнгө оруулалтын гэрээг чухалчилсан байна. Гэтэл орд ашиглах гэрээ хөрөнгө оруулалтын  баталгаа болж чадах уу?

-Хөрөнгө оруулалтын гэрээ бүх асуудлыг шийдэхгүй. Сүүлийн 20 жилд 1600 гаруй төсөл хэрэгжихэд  дөрвөн удаа хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Бусад 99 хувь нь хөрөнгө оруулалтын гэрээгүй, хуулиараа зохицуулагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр ихэвчлэн том компаниудын асуудал яригддаг. Энэ хуульд өнгөрсөн хугацааны алдаанаасаа сургамж авч анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаанд татварын орчинг тогтворжуулах, гэрээг хуульд нийцүүлэх ёстойг чухалчилсан. Гэрээг дагаж хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн зарчмыг баримталсан. Одоогийн хуулиар хөрөнгө оруулалтын хэмжээнээс үл хамаарч 30 жил гэж заасан байдаг. Шинэ хуулиар  тухайн ордыг ашиглахад анхны хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө буцааж олж авах хүртэл хугацааг ТЭЗҮ-д хэдэн жилээр тусгасан байна тэр хугацаанд нь татварыг тогтворжуулж болно. Анхны хөрөнгө оруулалтаа олсны дараа жинхэнэ тоглоомын дүрэм үйлчилнэ гэсэн  заалт оруулсан.Тухайлбал, анхны хөрөнгө оруулалт нь нэг тэрбум төгрөг байхад буцаагаад олох нь таван жил гэж гэрээндээ хөрөнгө оруулагч тусгасан бол тэр хугацаанд нь татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн үг.

-Боловсруулах үйлдвэр барихад өөр талбайд зөвшөөрөл авна гэдэг заалт амьдралд нийцэхгүй гэсэн шүүмжлэлийг хэрхэн тайлбарлах вэ?

-Одоогийн хуулиар хайгуулын, ашиглалтын гэсэн хоёр лиценз авна. Тэгэхээр ашиглалт гэдэг олборлолт буюу ухаж гаргах дараа нь боловсруулах үйл явц. Гэтэл одоо мөрдөгдөж буй хуулиар боловсруулах үйлдвэрийн асуудал зохицуулагдаагүй учир шинэ харилцаа хөгжлийн давуу боломж нээгдэж байна.

-Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүнийг эхлээд үндэсний компаниудад нийлүүлнэ гэсэн хуулийн заалтыг тайлбарлана уу?

-Төмөрлөгийн үйлдвэр байгуулах хуулийн этгээд заавал төмрийн ордтой байх албагүй. Хэрвээ үндэсний компани  төмөрлөгийн үйлдвэр байгуулсан тохиолдолд манайд төмрийн хүдэр олборлож байгаа компаниуд эхний ээлжинд түүхий төмөрлөгөө нийлүүлэх үүрэг хүлээнэ. Гурилын үйлдвэртэй хүн заавал тариа тарих албагүй гэдэгтэй адил.

 

Баян шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор:

ЭРЭЛ, ХАЙГУУЛ ГЭДЭГ ҮГЭЭР ЗАЛЬДАЖ ЛИЦЕНЗИЙН ХУГАЦААГ ХЭВЭЭР ҮЛДЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

-Энэ хуулийн төсөлд ноцтой хэд хэдэн заалт байгаа. Үүний нэг нь эрэл, хайгуул гэдэг ижил утгатай үг. Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд гурав, гурван жилээр лицензээ сунгаж есөн жилийн хугацаатай тэрхүү лицензийг эзэмшдэг. Энэ хугацаанд хайгуулын зөвшөөрөл авсан компаниуд нөөцийг нь тогтоосон орд гэдгээр олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж  тэрбумаар нь ашиг олдог. Үүнээс Монголын төр засаг татвар авах нь бүү хэл хаана, яаж зарж байгааг мэддэггүй. Нэг компанид олгох  хайгуулын лицензийн тоог хязгаарлаагүйгээс 200 хүртэл лицензтэй аж ахуйн нэгж бий. Есөн жил гэдэг техник технологи хөгжсөн энэ цагт урт хугацаа. Энэ хугацааг шинэ хуулиар багасгах байтал  эрэл хийхэд дөрвөн жил, хайгуулд таван жил гэж тусгайлан заасан нь өмнөх хуульд есөн жил буюу гурав гурван жилээр сунгаж эзэмшдэг байсан заалт хэвээрээ байна. Тэгэхээр дээрх байдал давтагдахгүй гэдэг баталгаа алга. Ижил утгатай үгээр зальдаж лицензийн хугацааг хэвээр үлдээж байгаа нь хамгийн ноцтой заалт.

 

Шинжлэх ухааны доктор Д.Дондов:

ӨӨРИЙН ТАЛБАЙД ҮЙЛДВЭР БАРИХ БОЛОМЖИЙГ ЭНЭ ХУУЛИАР ХААЖЭЭ

-Хуульд боловсруулалт гэсэн дөрөв дэх элементийг нэмсэн байна. Уул уурхайн үйлдвэр бүхэн боловсруулах, баяжуулах  үйлдвэртэй байх ёстой. Үүнийг хуулиар салгах шаардлага байхгүй. Боловсруулалтын зөвшөөрөл авах, талбай өгөхдөө ашиглалт явуулж буй газартай давхцуу­лалгүй өгнө  гэх мэт маш олон сөрөг зүйл байна. Хэрэв уурхай өөрөө баяжуулах үйлдвэр барих бол талбай давхцуулахгүй гэсэн заалтын дагуу өөрийнхөө уурхай дээр биш өөр газар үйлдвэрээ барих уу, энэ нь  амьдралд нийцэхгүй заалт. Энэ бүлгийг хасах нь зүйтэй.

 

 

 

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:

БОДЛОГО ТОДОРХОЙ БАЙХАД ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД СОНИРХОНО

-Өмнө нь хэзээ ч Ашигт малтмалын хуулиа батлахаас өмнө олон нийтээр хэлэлцүүлдэггүй байсан. Харин энэ удаа иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлж тэдний санаа бодлыг тусгана гэдэг нэг том  алхам. Газрын хэвлий, түүний баялаг, ард түмний өмч байна гэсэн үндсэн хуулийн заалтыг гол мөрдлөг болгосон. Мөн төр яаж хяналтаа тавих юм гэдгийг тодорхой болгосон нь хуулийн гол агуулга. Бодлого тодорхой байхад гадны хөрөнгө оруулагчид сонирхох нь тодорхой.

-“Эрэл” гэдэг үгийн ард лиценз эзэмшигчид нөөц нь тодорхой ордоор мөнгө угаах явдал хэвээрээ үлджээ гэж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Эрэл гэдэг нэрийн дор лицензийг замбараагүй олгох гэсэн ойлголт биш. Тойм судалгааны үндсэн дээр тухайн жилд зарлагдах талбайг төр өөрөө хариуцна. Ингэснээр төрийн хяналтыг түлхүү оруулж, бодлогоо барьж байгаа юм.

-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг үгийг хэрэглэхгүй болсноор Оюутолгойг төрийн мэдлээс гаргах гэсэн далд санаа байна гэж зарим эрдэмтэд үзэж байна?

-Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш шинээр стратегийн ач холбогдолтой орд гэсэн ойлголт үгүй болно. Харин стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж нэрлэхээр болж байгаа. Стратегийн ач холбогдолтой орд гэдэг үгийг хэрэглэхгүй болсноор Оюутолгойн ордоо стратегийн ордоос хасч төрийн мэдлээс гаргах гэсэн санаа огт биш. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэсэн олон улсын жишгээр уян хатан бодлоготой байх нь бидэнд эдийн засгийн хувьд ашигтай.    

 

Үйлдвэрлэлийн Геологийн Холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ:

ЛИЦЕНЗ НАЙМААЛЦАЖ ХӨРӨНГӨ БОСГОХ НЬ ЭНЭ ХУУЛИАР ХААГДАЖ БАЙНА

-Уул уурхайн компаниудын гол бизнес лиценз наймаалцаж ашиг олох байсан. Гэтэл энэ хуулиар хайгуул, ашиглалтын лицензтэй хэр нь ямар ч ажил хийгээгүй бол лицензийг шууд цуцлахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, лицензээ наймалцаж хөрөнгө босгох нь энэ хуулиар хаагдаж байна. Уг нь ийм заалтыг оруулаагүй байсан бол дотоодын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох байдлаар чадавхижиж улмаар уул уурхайд хөрөнгө оруулалт хийх байсан. Гадны компаниуд дэлхийн том банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийж байхад манай үндэсний компаниуд яагаад болохгүй гэж.

 

“Оюутолгой” компанийн дэд захирал Т.Бат-Оргил:

НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Хуучин хуулиас “Стратегийн ач холбогдолтой” гэдгийг авч хаях хэрэгтэй гэж бодож байна. Стратеги нь өөрөө байхгүй байхад энэ нэрийдлээр төрийн оролцоог хэт түрж оруулсан. Төрийн албан хаагчид өөрсдөө тэр хуулиа ойлгодоггүй бэрхшээл байсан. Түүнчлэн лиценз эзэмшигч хэрэв сунгалт хийлгэхгүй нэг өдөр  хоцроход тэр нь цуцлагддаг зохицуулалт муутай заалт байсан. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулдаг. Тиймээс үүнийг сайжруулаасаа. Хүний амьжиргааг дэмжиж байгаа учраас хэрэв хууль зөрчөөгүй бол торгууль, алданги тооцоод сунгадаг байх хэрэгтэй. Харин энэ удаад зохицуулалт хийх боломж бүрдэж байх шиг байна. Орон нутгаас санал авах зүйл заалтыг нарийн болгох ёстой байсан. Тухайлбал, лиценз олгоход аймгийн Засаг даргаас санал авдаг. Гэтэл тухайн дарга гэмтэй, гэмгүйгээр цаг хугацаа алдах явдал гардаг. Энэ мэтчилэн олон нарийн зохицуулалт оруулах шаардлагатай байна.

 

Эдийн засагч Н.Дашзэвэг:

ТАТВАРЫН ОРЧНООР НЬ БООМИЛЖ БОЛОХГҮЙ

-Энэ хуульд олон заалт орж чадаагүй байна. Өмнөх Ашигт малтмалын хууль маш их цоорхойтой байсан. Энэ дундуур лиценз эзэмшигчид татвар төлөхгүйгээр ашиг олж байгааг хаагаасай гэж бодож байлаа. Тухайлбал, лиценз шилжүүлэхдээ борлуулалтын орлогоос тодорхой хувь авна гэж байгаа нь сайн. Гэтэл компанийг бүхэлд нь шилжүүлвэл яах вэ гэдгийг тусгаагүй байх юм. Хүмүүс тэнэг биш болохоор дан лиценз авч татвар төлж байхаар компанийг нь авчихад л болно гэдгийг мэдэж байгаа. Энд маш том цоорхой гарчээ. Нөөц ашигласны татвар хэт ашгийг хязгаарлах гэдэг өөр үүрэгтэй болсон. Энэ нь өсөн нэмэгдэх нөөц ашигласан гэдэг нэртэй болсон юм. Энэ тухай огт ярихгүй байна. Тэгэхээр энэ хууль яаж ч сайн гарсан татварын орчноор нь боомилчихвол ашигт малтмалын салбар хөгжихгүй. Тиймээс хоорондын уялдаа холбоог нь сайжруулах хэрэгтэй. Ер нь ашигт малтмалын салбарт байгаа гадаад, дотоодын компаниудад хараат бус хөндлөнгийн шинжээчдийг оруулах хэрэгтэй. Өмнөх алдаагаа зассан хууль гараасай гэж бодож байна. Маш сул хууль, хуулийн бүлгийг танилцуулж байгаа залуучууд мэдлэг, туршлага дутмаг байгаа нь харагдаж байна.

 

“Алтан дорнод Монгол” группийн гүйцэтгэх захирал Б.Болд:

ХАЙГУУЛД ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ВЭ

-Хайгуул гэдэг хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Гэтэл үүнд арилжааны ямар ч банк зээл өгөхгүй. Үүнийг босгох ганц боломж бол хөрөнгийн зах зээлд хувьцаа зарах. Тэгэхээр өмчийн хязгаарлалт нь хайгуулын эх үүсвэр босгох боломжгүй болгож байна. Би 10 цооног зоогоод хоёроос нь юм гарахад үлдсэн найм нь хээр хаягдах юм уу. Бодит зардал нөхөн олговор гэдэг нь яг юуг хэлээд байгаа юм бэ. Үүнийг нарийн тодруулах хэрэгтэй. Хайгуулын лицензийг ашиглалтынх болгох үед төрийн өмчит компани сонгон шалгаруулалтгүй авна гэдэг заалтыг хасах хэрэгтэй. Энэ нь хэн нэгэн даргын хамаатан садан эрсдэл үүрэхгүйгээр ашиг олох гээд дайрах боломжийг нээж өгч байна. Тиймээс би ямар үндэслэл, баталгаагаар хайгуулд хөрөнгө оруулалт хийх болж байна вэ. Энэ мэт засах заалт олон байна.

 

“Green trends” компанийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл:

ХУУЛЬД ОРСОН БАГЦ АСУУДЛЫГ ЗАДЛАХ ХЭРЭГТЭЙ

-Техник эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруул гэсэн байх юм. Энэ огт боломжгүй заалт. Бодит төлбөрийг Засгийн газар тогтоох нь буруу. Тиймээс төрийн байгууллагын оролцооны тухай асуудлыг задалж ярих хэрэгтэй. Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах гэрээг бас хармаар байна. Түүнд зааснаар нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг шийдэх тухай орсон байна. Үүнийг маш тодорхой болгохгүй бол орон нутаг цахилгаан станц бариулна гээд суучихвал яах вэ. Гэрээ байгуулж чадахгүй бол лиценз цуцлагдах болно. Тэгээд баахан үнэлгээний асуудал байна. Үнэлгээний үр дагавар одоо ямар байгаа билээ. Эдгээр багц асуудлыг задлаж хөрсөнд буулгахгүй бол тунхаглалын шинжтэй байна.

 

 

 

Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн:

АШИГТ МАЛТМАЛЫГ АШИГЛАСНААР АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ САЙЖРАХ ЁСТОЙ

-Өмнөх хуулиудын шинэчилсэн найруулгаар тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах нь гол байсан. Харин өнөөдрийн үүсч байгаа нөхцөл байдлаас харахад бид ард түмний эрх ашгийг тавих ёстой гэж харсан. Тиймээс төлбөр тооцоо, татвар сайн төлдөг, байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг хийж чаддаг байх ёстой гэж үзсэн. Бид энэ хуулиар аж ахуйн нэгжүүдийн ажиллах боломжийг олгож байгаа. Уул уурхайн салбарт эдийн засгаа хэт харвал бидний яриад байдаг баялгийн хараал болно. Байгалиас заяасан баялаг гэдэг бол өнөөдөр амьдарч байгаа юм биш. Тиймээс бид хойч үедээ үлдээх хэрэгтэй. Бид гадны хөрөнгө оруулагчдыг хэт шүтэж болохгүй. Ашигт малтмалыг зөвхөн мөнгө олох төвшинд биш хар хайрцагны бодлогоор ажиллах ёстой. Үүний дүнд орон нутагт хөгжил, ард түмэнд амьдралын баталгаажих төвшин дээшлэх ёстой.

 

Эдийн засагч Ц.Авирмэд:

ОЮУТОЛГОЙГ ТӨРИЙН БОДЛОГОГҮЙ АШИГЛАХ САНАА ЭНЭ ХУУЛИАС “ҮНЭРТЭЖ” БАЙНА

-Монгол Улс страте­гийн ач холбогдолтой орд гэсэн шинэ нэрийг өмнөх хуульд тусгасан. Гэтэл энэ хуулиар үгүйсгэж байгаатай та санал нийлэх үү?

-Хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь ашигт малтмалыг нэр төрлөөр нь стратегийн ач холбог­долтой гэж. Нөгөөх нь ордоор нь тодорхойлох гэсэн. Хэрэв нэр төрлөөр нь тодорхойлох  бол 70-80 төрлийн ашигт малтмалаас хэдийг нь  стратегийн ач холбогдолтой ашигт малтмалаар нэрлэх юм. Ордын тухайд бол ашигт малтмалын тоо хэмжээ чанараар нь стратегийн ач холбогдолтой орд гэдгээр зарлах ёстой. Харамсалтай нь үүнийг уг хуулиар байхгүй болгож байна.

-Гэхдээ хуучин баталсан 15 ордоо энэ хэвээр нь байлгах юм биш үү? 

-Өнөөдрийн байдлаар 1000 гаруй орд байгаа. Үүнээс зөвхөн 15-ыг  хамруулсан. Бусад ордоо ямар ч төрийн бодлогогүй, хязгаарлалтгүй ашиглана гэсэн хардлага төрөөд байна. Тухайлбал Оюутолгойг төрийн бодлогогүй ашиглана гэсэн санаа энэ хуулиас үнэртэж байна.

 

“Төлсөн авснаа нийтэл” иргэний нийгмийн зохицуулагч Н.Баярсайхан:

 

ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ДЭМЖСЭНГҮЙ

 

-Ашигт малтмалын шинэчилсэн хуулийг боловс­руу­лах гэж ихээхэн хичээл зүтгэл гаргаж ажилласан, бас хэлэлцүүлж байгаад талархаж байна. Үндсэн хуулиар газрын хэвлий, түүний баялаг Монголын ард түмний мэдэлд, тө­рийн хамгаалалтад байна гэж заасан. Тэгэхээр ард түмний мэдэлд байгаа баялагийг төр мененежер хийхдээ эзнээс нь асуух, тэднийг оролцуулах нь зайлшгүй шүү дээ. Иргэ­дийн оролцоо гэдэг бол тасралтгүй үйл явц юм. Энэ хуулийн төсөлд иргэ­дийн оролцоог сайн оруул­сан гэж хууль боловсруу­лагчид хэлж байна. Яг заалтуудыг харах юм бол оролцооны жинхэнэ зарч­мыг батал­гаажуулсан заалт үнэндээ нэг ч байх­гүй. Зөвхөн тэдэнд мэдээ­лэх гэсэн байна. Иргэд оролцоно гэдэг бол үнэн зөв мэдээ­лэл авах, мэд­лэг­тэй байж хэлэлцэх, мэтгэлцэж хянах, гомдол гаргах, шүү­хээр шийдвэр­лүүлэх энэ бүх үйл явцад оролцох эр­хийг нь хууль­чилж өгөхийг хэлдэг юм. Тэгвэл энд зөвхөн мэдээ­лэл хүлээгч, сонсох төдий­гөөр оруул­санаа иргэдийн оролцоог хангалттай хууль­чилсан гэж яавч таарахгүй.

Олборлох үйлдвэрлэ­лийн хувьд ил тод нээлттэй байх, талуудыг мэдээл­лээр хангах, тайлагнах үүргийн дэлхийн стандарт бэлхэн байгаа. Өөрөөр хэлбэл Олборлох үйлдвэр­лэлийн ил тод байдлын санаачилга гэж нөөц баялаг ихтэй 40-өөд оронд хэрэгжиж байгаа сайн стандарт бүхий санаа­чилга байгаа юм л даа. Энэ нь маш энгийн. Олборлох үйлдвэрлэл эрхлэгч ком­паниуд улс орон нутагт төлсөн төлбөр татвараа, засгийн газар хүлээн авсан орлогоо тайлагнах өөрөөр хэлбэл нэг зүйлийн хоёр талаас тайлагнах, ил тод мэдээлэх зарчим байгаа юм. Үүнийг одоо мөрдөж байгаа хуулийн 48.10-т заасан байдаг бол шинэ хуулийн төсөлд дордуулсан, хэдэн алхам ухраах заалт болгосонд харамсаж байна. Олборлох салбар эрчимтэй хөгжиж байгаа үед гэрээнүүдийг ил тод нээлттэй болгох, лиценз эзэмшигчид түү­ний хөдөлгөө­нийг тухай бүрт ил тод нээлттэй болгох асуудлыг ч хуульчилж өгөх нийгмийн шаардлага урган гарч байна.