Ч.БЯМБАХАЖИД

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад сүрьеэгийн өвчлөл ямар байгаа болон эмчилгээ оношилгооны шинэ аргын талаар ХӨСҮТ, ДЭМБ-аас мэдээлэл хийсэн юм. 
Энэ жил сүрьеэтэй тэмцэх өдрийг итгэл найдвар, хойшлуулшгүй хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцлагатай байдлыг уриалан “Тийм ээ, бид сүрьеэг устгаж чадна. Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Соккорро Эскаланте “Сүрьеэ нь нас баралтаар тэргүүлдэг халдварт өвчин. 2023 оны байдлаар дэлхий дахинд нийт 10,8 сая хүн энэ өвчнөөр өвчилж, 1,2 сая хүн нас барсан байна. Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөлийн дарамт өндөртэйд тооцогддог. Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар Монгол Улсын 100,000 хүн тутамд 413 байсан бол 2023 онд 491 болж, 19 хувиар өссөн. Энэ нь хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, халдвар цаашид идэвхтэй тархах эрсдэлтэйг харуулж байна. Мөн хугацаандаа сүрьеэгийн шалтгаант нас баралт ихэссэн. 2020 онд 328 байсан бол 2023 онд 415 хүн энэ өвчний улмаас нас баржээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад 2023 оны байдлаар 21 цаг тутамд нэг хүн сүрьеэгээр нас барж байна гэсэн үг. 2023 онд дэлхий нийтэд сүрьеэгийн дарамт өндөртэй дөрвөн улсад эрт илрүүлэг маш бага байсны нэг нь Монгол юм. Илрүүлэгт 20 орчим хувьтай байгаа нь сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь илрээгүй, хүн амын дунд халдвар тараасан хэвээр байгаа гэж үзэхээр байна. Мөн архи тамхины хэрэглээ, чихрийн шижин зэрэг эрсдэлт хүчин зүйлс нь сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байгаа” гэв. 
Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сүрьеэгийн эмчилгээ, оношилгоонд дэлхийн түвшинд хүрсэн ололттой аргуудыг нэвтрүүлэн ашиглаж байгаа талаар мэдээллэсэн юм. 
Тэрээр “Молекул биологийн шинжилгээг үндэсний түвшинд хийх чадавх бүрдлээ. Молекул биологийн GeneXpert-ийн аргыг сумын болон өрхийн эрүүл мэндийн төвд төдийгүй бүх шатны эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн лавлагаа түвшний лабораторид нэвтрүүлсэн. Ингэснээр сүрьеэгийн оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. Улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид GeneXpert-ийн 44 төхөөрөмж ажиллаж байна. Мөн зөөврийн болон дижитал рентгенийг оношилгоонд ашиглаж байгаа. Сүүлийн үед рентгенийг уншихад хиймэл оюун ухааны хэрэглээг нэвтрүүлсэн. Цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинэ аргыг саяхан нэвтрүүлээд байгаа. ХӨСҮТ болон нийслэлийн зургаан дүүргийн сүрьеэгийн диспансерт уг аргыг оношилгоонд хэрэглэж байна” гэлээ. 
Түүнчлэн олон улсад сүрьеэгийн эмчилгээний шинэ аргууд гарч байгааг Монгол Улсад цаг алдалгүй нэвтрүүлдэг болжээ. Үүний үр дүнд эмэнд мэдрэг сүрьеэг эмчлэх хугацаа 6-9 сар байсан нь 4-6 сар болж, богиноссон байна. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх хугацаа хоёр жил хүртэл үргэлжилдэг байсан бол шинэ эмийг нэвтрүүлснээр 6-12 сар болжээ.

Эх сурвалж: zms.mn