П.АМГАЛАН
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-нд болно.Энэ удаагийн "Бүргэдийн баярт"-т Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас мөн оролцох юм байна.
"Бүргэдийн баяр"-ын арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншил болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм. Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
“Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байна.
Эх сурвалж:www.zms.mn